Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын Ерөнхийлөгчид ба хямрал
2017 оны 5 сарын 31 [Уншсан тоо: 33117]

Ойрын өдрүүдэд Монголчууд ба гадаадынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг анхааралтай ажиглаж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид ч энэ сонгуулийн дүн тодорхой болтол бизнесийн шийдвэрээ хойшлуулж байна. Ерөнхийлөгчийн институц эдийн засагт нөлөөлж чадах уу?

Манай төр засгийг том модтой зүйрлэвэл үндэс нь ард түмэн, их бие нь төр засаг бол хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх засаглал гэсэн гурван мөчиртэй энэхүү модны орой нь “төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч мөчир бүртэй хэрхэн харьцахыг хуулиар зохицуулдаг.

Ерөнхийлөгч нь УИХ-тай бол хууль санаачлах, хуулинд хориг тавих эрхтэй харьцдаг. Харин засгийн газартай бол Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулдаг ба засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулдаг. Харин шүүх засаглалтай бол онц эрхтэй харьцдаг. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг Ерөнхийлөгч томилно. Мөн Авлигатай Тэмцэх Газар болон Тагнуулын Ерөнхий Газрын дарга нарыг Ерөнхийлөгчийн саналаар томилдог.

Ерөнхийлөгчийн институт нь энэ чухал байгууллуудын удирдлагын ажлыг бодитой дүгнэж чадваас төрийн үйл ажиллагааны бүтээмжид шууд нөлөөлөх юм. Энэ нөлөө нь эдийн засагт шууд бусаар тусна. Харин Ерөнхийлөгч нар маань тэгж чадсан эсэх нь бол өөр асуудал.

Юутай ч аль ерөнхийлөгчийн үед макро эдийн засгийн ямар асуудал яаж шийдэгдэж, эсвэл шийдэгдэхгүй байсны заримаас тодорхой жишээн дээр харцгаая. Монгол улс 1992 оноос хойш зургаан сонгууль явуулж, дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзээд байна. 1993 онд П.Очирбат, 1997 ба 2001 онд Н.Багабанди, 2005 онд Н.Энхбаяр, 2000 ба 2013 онд Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Ерөнхийлөгч ба эдийн засаг

Ерөнхийлөгч бүр гадаад харилцааны идэвхитэй бодлого явуулж, олон орноор айлчилж, гадаадын зээл тусламж авах, хөрөнгө оруулалт татахад оролцож ирсэн. Дотоод бодлогын хувьд онцолбол, Ерөнхийлөгч П.Очирбат “Алт хөтөлбөрийг” санаачилсан бөгөөд 1992 оноос хойш арван жилд манай улс 218 тонн алт олборлов. Өмч хувьчлалын тухай хууль 1995 онд батлагдаж, нийт үйлдвэрийн хагас, мал сүргийн 90 хувь нь хувьчлагджээ.

Харин Ерөнхийлөгч Н.Багабанди эдийн засагт шууд нөлөөлөх гэхээсээ Ерөнхийлөгчийн институтын бэлэг тэмдгийн шинж чанарыг хадгалахыг илүүтэй эрхэмлэж байв. Түүний засаглалын хугацаанд төрийн өмчийн 80-аад аж ахуйн нэгж хувьчлагджээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр нам нь төр засгийн бүх салаа мөчрийг хянаж байсан учир олон жил яригдсан Таван толгойн төслийг эхлүүлсэн. Түүний засаглалын үед хувьчлалын ажил идэвхжиж, 2004-2008 оны хооронд 70 гаруй төрийн өмчийг хувьчилсан.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хувьчлалын ажил бараг зогссоноор барахгүй төрийн өмчийн аж ахуй нэгжүүд олноор байгуулагдав. Өөрийнх нь оролцоотой, Оросын талаас худалдан авсан “Эрдэнэтийн” 49 хувийг төрд “эргүүлж авсанаас” бусад тохиолдолд тэрээр төрийн өмчийг нэмэгдүүлэхийн эсрэг хууль санаачилж, эсвэл хориг тавиагүй ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийтийн засаглалыг сайжруулах талаар “Том төрөөс ухаалаг төр рүү”, “Шилэн дансны хууль” зэргийг санаачилсан боловч төр улам данхайж, авлига улам цэцэглэв.  

Ерөнхийлөгч ба улсын өр

Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д төлөх 10 тэрбум долларын өрийг тэглүүлэв. Түүнийг 2009 онд ажлаа эхлэж байхад Монгол улс Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж 229 сая долларын зээл авав. Тэгвэл яг найман жилийн дараа ажлаа өгч байгаа энэ өдрүүдэд Монгол дахиад л ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байна. ОУВС-гийн энэ хоёр хөтөлбөрийн зорилго нь адилхан, ганцхан хэмжээ нь л харин 20 дахин зөрүүтэй юм. ОУВС-гийн хөтөлбөрүүд “төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төв банкны хараат бус байдлыг сайжруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах” зорилготой байлаа.

Улс орны эдийн засгийн өнөөгийн хямралын шалтгаан нь эдийн засагт биш, төр засагт авлига нүүрлэснээс эхтэй гэж өөрөө хүртэл олон удаа ярьсан атлаа Ц.Элбэгдорж ямар нэг бодитой, зоригтой арга хэмжээ авч, авлигын дуулиантай хэргүүдийг таслан зогсоож чадсангүй, олон гэмт хэрэгтнүүд өршөөгдөж, хэрэг нь замхрав.

Улс орон нь бараг дампуураад өрийг өрөөр дарж, өр нь томорсоор, өртөг нь нэмэгдсээр байгааг зогсоохын тулд дараагийн ерөнхийлөгч юу хийхийг иргэд сонгохоосоо өмнө мэдэх шаардлагатай.

Ерөнхийлөгч ба гадаадын хөрөнгө оруулалт

Монгол шиг жижиг эдийн засагтай, цөөхөн хүнтэй орны хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт амин чухал гэж яригддаг ч үе үеийн Ерөнхийлөгчид дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Ихэнхдээ дотоодын хөрөнгө оруулалттай хольж хутган, адилтгаж иржээ.

Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь эдийн засагт гаднаас орж буй нэмэлт хөрөнгө бөгөөд түүнтэй хамт шинэ технологи, ноу-хау (know-how), шинэ менежмент, дээр нь мөнгө орж ирэхийг хэлдэг. Энэ ялгааг нь тодруулж дэмжсэн хууль журам гаргаж чадаагүй учир Монголчууд өөрсдөө хийж чадах ажилд гадаадын иргэд, багахан мөнгө гаргаад л хөрөнгө оруулагч болж, хөнгөлөлт эдэлдэг.

Дотоодын хөрөнгө оруулалт бол бизнесийн хэвийн тэлэлт юм. Асуудлын гол нь дотоод, гадаадын аль ч компанийн бизнесийн үйл ажиллагаа явуулах орчин нь тогтвортой, ойлгомжтой, бага дарамттай байх ёстой. Гэтэл Монголд бизнес эрхлэхээс гадаадынхан байтугай дотоодынх нь ч цэрвэж, хэдэн мянгаараа гадагшаа дүрвэх боллоо. Солонгост л гэхэд эдүгээ 36 мянган монголчуууд ажиллаж, сурч байгаа бөгөөд энэ оны эхнээс сар бүр арваад мянган хүн визний өргөдөл өгөх болсоныг Элчин сайд нь саяхан ярьжээ.

Монголчууд эх орноосоо дүрвээд байгааг шинэ Ерөнхийлөгч яаж харж, юу хийх гэж байгааг сонгохоосоо өмнө иргэд бид мэдмээр байна.

Ерөнхийлөгч ба хуулийн засаглал

Хуулийн засаглал гэдэг нь нийгмийн бүх харилцаа хууль журмын хүрээнд явагдаж, хувь хүнээс аль болох бага хамаарахыг хэлдэг. Тэгэхийн тулд улс төрийн болон эдийн засгийн институцүүд хөгжсөн байх учиртай. Хуулийн засаглалтай оронд хууль журам нь хүн бүрт ижил тэгш үйлчилдэг, хувийн өмчийг хамгаалдаг, гэрээний үүргийг биелүүлдэг байхыг шаарддаг шүүх засаглалтай байдаг. Гэтэл Монголын шүүх засаглал цаг үеийн шаардлагаас үлэмж хоцорч байгааг Дэлхийн банкны гаргадаг олон улсын хуулийн засаглалын индексээс харж болно.

Монгол улс 2015 оны энэ тайлангаар 0.39 оноотой буюу, дэлхийн 192 орноос 112-т жагсчээ. Үе үеийн Ерөнхийлөгч нар шүүх засаглалын шинэчлэлийг удирдлагыг нь өөрийн хүнээр солихоор л ойлгож ирлээ.

Харин хуульд хориг тавих, хууль санаачлах эрхээ манай ерөнхийлөгч нар харьцангуй сайн эдэлж иржээ. Дөрвөн ерөнхийлөгч нийдтээ 53 удаа удаа хориг тавьсаны дөрөвний гурвыг УИХ хүлээн авсан нь төрийн алба, засгийн газар, УИХ-ийн үйл ажиллагаа, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, төрийн байгуулал, улс төрийн нам, татвар, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбоотой байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л гэхэд нийт 63 хууль санаачилсаны 29 нь батлагдсан байна.

Шинэ гарах ерөнхийлөгч маань төрийн өмчийг хувьчлах, гадаад өрийг багасгах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хуулийн засаглалыг тогтоох, авлигыг зогсоох, улмаар эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгохын тулд эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаж, хамгийн гол нь өөрөө шударга явдлын үлгэр жишээ байхыг ард түмэн хүсэж байна.

2017.05.31

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив