Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дефолтоос “түдгэлзэж” болдоггүй юм
2017 оны 3 сарын 22 [Уншсан тоо: 29715]

Монгол Улсын төр, засаг гадаад, дотоодын өрөндөө баригдаад, хөдөлж чадахгүй болсныг бүх дэлхий харж байна. Эргэн төлөгдөх хугацаа нь болсон Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг Засгийн газар хөрөнгө оруулагчидтай нь тохиролцон өндөр хүүтэй, урт хугацаатай “Хуралдай” бондоор арай чүү сольсноор өрийг өрөөр хааж, дампуурал зарлахаасаа (дефолт) эхний удаа мултрав.

Гэхдээ ингэж мултарсны гол гавьяа нь Монгол Улс ОУВС-гийн тусгай хөтөлбөрт хамрагдахаар ажлын түвшинд тохиролцсонтой холбоотой. Гэвч УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ сард батлаад, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд хүргэх тохиролцоогоо өөрчлөв.

МАН-ын Удирдах зөвлөл саяхан “УИХ тусгайлан хуралдахгүй, ирэх дөрөвдүгээр сард эхлэх ээлжит чуулганаар төсвийн тодотголтой хамтад нь хэлэлцэнэ” гэсэн улс төрийн шийдвэр гаргажээ.

Ийм шийдвэр гаргасны гол шалтгаан нь гурван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө иргэд, бизнесийнхний татварыг нэмэгдүүлж, төсвийн зардлыг бууруулах нөхцөлүүд нь сонгогчдод таалагдахгүй хэмээн тооцоолсонтой холбоотой юм байна.

Тэгээд ч “Хуралдай” бондыг зарласнаас нь тав дахин ихийг худалдан авах захиалга ирсэн нь богино хараатай улстөрчдийн толгойг эргүүлж, улмаар ОУВС-тай тохиролцсоноо батлахаас түдгэлзэх сэдэл төрүүлээд байна. Энэ нь юунд хүргэх вэ? Ер нь монголчууд яавал өрийн гинжнээсээ мултрах бол?

ДЕ ФАКТО ДАМПУУРАЛ

Эдийн засгийг зөвхөн улс төрийн аргаар шийдэж болдог гээд итгэчихсэн МАН-ын муйхар гишүүд Засгийн газрын ОУВС-тай тохиролцсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг УИХ-ын хаврын чуулганаар батлахаас түдгэлзэх магадлал өндөр байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, уул уурхайн мөчлөгийн уналт нь зогссон, өсөх хандлагатай байгаа, алтны олборлолт нэмэгдэж буй, своп хэлцлээ сунгачихсан, Монголын Засгийн газар шинээр бонд гаргасан ч гадаадад авах эрэлт өндөр байна гэж тэд үзэх боллоо.

Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаа ажлын түвшинд тохиролцоогүй байсан бол энэхүү “Хуралдай” бондыг гаргах боломжгүй байсан юм. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсад гадаадаас 5.5 тэрбум ам.доллар орж ирээд, төр засаг нь яаралтай өр төлбөрөө барагдуулахаас гадна эдийн засгаа цэгцэлж чадна гэж хөрөнгө оруулагчид тооцсон учраас 600 сая долларын бонд тэр дороо борлогдсон билээ.

Монгол Улс яг тэгж чадна гэж “Хуралдай” бондын андеррайтераар ажилласан “JP Morgan”, “Credit suisse” зэрэг банк баталж байсан учир 3.3 тэрбум долларын бонд худалдан авах захиалга ирсэн.

Хэрэв Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг УИХ батлахаасаа түдгэлзэх аваас Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд бүрэн унаж, санхүүгийн зах зээлээс дахиад мөнгө босгох тухай ярихын ч хэрэггүй болох юм. Тэгээд ирэх оны нэгдүгээр сард эргүүлэн төлөх ёстой “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах үед Монгол Улс де-факто дефолт зарлах болно.

Мөн худлаа мэдээлэл тарааж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн Монгол Улсын Засгийн газрыг, андеррайтинг хийсэн хоёр том банктай нь хамт “Хуралдай” бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчид шүүхэд өгч таарна.

Хэрэв дефолт зарлавал ямар үр дагавар гардгийг иргэд мэдэх ёстой. Энэ нь томоохон хохирол дагуулсан, олон арван жилийн хөгжлийг сааруулсан алхам юм. Нэгдүгээрт, тухайн орон нэр хүндээ бүрэн алдаж, хэн ч тэдэнд итгэхгүй болдог. Гадаадад байгаа хөрөнгө, мөнгөнд нь хүртэл халдах эрсдэлтэй бөгөөд төрийн өмчийн онгоцыг хамгийн түрүүнд барьцаалдаг. Хоёрдугаарт, тухайн орон олон улсын санхүүгийн зах зээлээс бүрэн тусгаарлагдана. Учир нь зээлжих зэрэглэл нь навс унасан төр, засагт нь ч, хувийн хэвшилд нь ч гадаадаас зээл олгох боломжгүй юм.

Иймээс манай улсад гадаадаас хөрөнгө орж ирэхгүй болохоор төгрөгийн ханш унаж, үнэгүйднэ. Иргэд мөнгөө “цаас” болохоос нь урьтан банкнаас хадгаламжаа ч татаж эхэлнэ. Тэгмэгц төр, засаг нь банкны ажиллах цагийг хязгаарлаж, төдөлгүй хүн бүрийн нэг өдөрт банкнаас авах мөнгөний хэмжээг (capital control) нь тогтооно. Иргэд төгрөгөө ямар ч хамаагүй эд зүйл болгохоор уралдаж эхэлснээр эд бараа ховордож, үнэ нь нэмэгдэн, инфляц гаарна. Удалгүй төр, засаг нь цаасан мөнгө хэвлэхээс өөр сонголтгүй болно. Жишээ нь, Зимбабве улс 100 тэрбумтын (нэгийн араас арван нэгэн тэгтэй цаас) дэвсгэрттэй болтлоо мөнгө хэвлэсэн юм. Төгрөгөө бид түрийвчээр биш, тэргээр зөөж, тэр нь нэг талхны үнэд ч хүрэхгүй болно. Тэгээд мөнгөний шинэтгэл хийнэ, шинэ тойрог эхэлнэ. Энэ хооронд авлигачид нь оффшор дансаа валютаар түнтийлгэж, ер нь боломжтой бүх хүн нь хөрөнгө мөнгөө аваад гадагшаа дүрвэнэ. Харин ядуучууд нь аль нэгэн дарангуйлагчийг тахин шүтээд, гадаадын тусламжийн гар харсаар нэгэн насыг гуйлга гуйж барна.

ИХ ӨРИЙН ГИНЖНЭЭС ХЭРХЭН САЛАХ ВЭ

Монголын улс төрийн намууд байхгүй баялгийг олон жилийн турш амлаж, зээл аван, иргэдэд бэлэн мөнгө тарааж, саналыг нь худалдан авсаар өдий хүрэв.

Уул уурхайн орлого нэмэгдэх тусам улам их өр тавьсаар, төр засаг нь авлигад баригдсан тул байгалийн баялаг нь ч, зээлсэн мөнгө нь ч эрх мэдэлтэй цөөхөн этгээдийг баяжуулсаар ирлээ. Өр төлөх цаг тулахаар иргэд нь торойн үлдэж, идсэн, уусан улстөрчид ул мөргүй бултан зугтах бололтой. Эсвэл өрийг өрөөр дарж, улс орноо ёроолгүй намагт живүүлж мэдэх нь.

Их өрийн үргэлжлэн цувах гинжнээс салахын тулд авлигыг таслан зогсоож, эдийн засгаа чөлөөлөхөөс өөр сонголт бидэнд алга. Монгол маань цоорхой хувин шиг болоод байна. Цоорхой хувинд ямар ч их ус хийгээд дүүрэхгүйн адил өнөөдрийн Монгол Улс руу хэчнээн хөрөнгө оруулж, гадаадаас зээл авлаа ч эдийн засаг нь сэргэхээргүй болжээ. Тийм учраас бид юуны түрүүнд авлига хэмээх цоорхойгоо бөглөх ёстой. Төр, засгийн бүх байгуулалд гүн шингэсэн авлига нь улс төрийн намуудаас улбаатай. Иргэд нь сонгосон төр, засгийнхнаа бүх түвшинд хянаж, шалгаж чаддаггүй ардчилсан оронд нийтийн засаглал авлигад идэгдэж, улмаар тэр улс мөхөж, уусдаг.

Авлигыг таслан зогсоохын тулд гурван үе шат дамждагийг зарим орны жишээнээс харж болно. Юуны өмнө авлигын “баруудыг” барьж, хуулийн хариуцлага тооцож, хөрөнгө мөнгийг нь хураан, нийтийн хохирлыг барагдуулдаг аж. Тэгвэл “ялаанууд” айж, төрийн ажилтнууд авлигад өртөхөөс зайлсхийдэг болж, ард түмэнд зөв дохио өгөх юм. Дараа нь авлигаас урьдчилан сэргийлдэг, чадварлаг байгууллыг (институц) бий болгодог. Төрийн ажилтан авлига авахыг хүсээд ч, тийм боломж олддоггүй. Гурав дахь үе шатанд нь төрийн ажилтан бүр авлигын тухай бодож ч чаддаггүй, тэгэх шаардлагагүй болгодог аж. Урд хөрш маань хоёр дахь шатандаа шилжчихээд байхад Монгол Улсын төр үнэндээ авлигатай хийх тэмцлээ эхлүүлж ч чадахгүй, хоосон үг ярианаас хэтрэхгүй байгаад иргэд дургүйцэж, үүнийгээ янз бүрийн хэлбэрээр илэрхийлж эхэллээ.

Авлигатай тэмцэхийн зэрэгцээ эдийн засгийг зах зээлийн зарчимд бүрэн шилжүүлэх шаардлагатай байна. Боломжит бүх үнийг чөлөөлж, зах зээл өөрөө үнэ тогтоодог болгох, худалдан авах чадваргүй хэсэгт нийгмийн халамжийг төвлөрүүлэх, төрийн өмчийн компаниудыг хувьцаат хэлбэр рүү шилжүүлэх, нийтийн засаглалын зардлыг багасган өгөөжийг нэмэгдүүлэх, энэ бүх ажилд шинэ техник, технологийг бүтээлчээр ашиглах нь зүйтэй юм.

Авлигыг таслан зогсоож, эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгож байж л Монгол Улс өрөө бүрэн төлж чадна. Харин үүнийг монголчууд хийж чадах уу? УИХ-ын эрхэм гишүүд ээ, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс та нар түдгэлзэж болох ч удалгүй нүүрлэх дефолтоос харин чадахгүй шүү.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn