Төөрсөн шилжилт
2016 оны 12 сарын 21 [Уншсан тоо: 28252]

Хөгжиж буй, ардчилсан орнуудад төрийн эрхийг улс төрийн намууд сонгуулиар авдаг. Харин тэр нам нь улс төрийн байгууллын хувьд нийгэмд эрх тэгш бус, ялгаатай үйлчлээд эхэлбэл тус орны эдийн засаг нь төдөлгүй дампуурч, ард иргэд нь ядуурч, цөөн элит нь баяжин, хөгжил нь олон жилээр гацдаг. Тухайн орон байгалийн их баялаг, сайхан түүх, соёл, ёс заншилтай нь ямар ч хамаагүй аж. Африкийн Зимбабве, Америкийн Венесуэл, Азиас Монгол бол энэ бүхний тод жишээ юм.

Р.МУГАБЕ ДАХИАД Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО

Эдүгээ 93 нас хүрч буй, дэлхийн хамгийн ахмад Ерөнхийлөгч Роберт Мугабе Зимбабвегийн Төрийн тэргүүнээр 1980 оноос хойш тасралтгүй заларч байна. Өнгөрсөн долоо хоногт ZANU-PF нам нь түүнийг 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхээ зарлав. Түүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч байлгахыг намынх нь Залуучуудын холбооны дарга нь уриалжээ. Энэ улсын хамгийн нөлөөтэй хоёр дахь хүн бол тус намын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Улс төрийн товчооны гишүүн, тэргүүн хатагтай Грэс Мугабе аж.

Улс төрийн институцүүд (Парламент, Засгийн газар, хууль шүүхийн байгууллагууд) нь зөвхөн Улс төрийн товчооны гишүүд, тэдэнтэй холбоотой бизнест үйлчилдэг учир Зимбабве улсын эдийн засаг үндсэндээ дампуурчээ.

Нэг хүнд ногдох ДНБ нь 2008 онд тусгаар тогтносон 1980 оны үеийнхээсээ 50 хувиар унаж, төрийн суурь үйлчилгээ зогсчээ. 2010 онд булчин задрах тахал (cholera) гарч, зуу шахам мянган хүн халдвар авснаас, 4.3 мянган хүн нас барав. Ажилгүйдэл 94 хувьд хүрлээ. Хэт өндөр (hyper) инфляц нүүрлэж, 2009 онд зуун их наяд зимбабве долларын дэвсгэрт хэвлэсэн нь автобусаар нэг удаа зорчих тасалбарын үнэ байв. Р.Мугабе олон нийтийн эсэргүүцлийг цус урсган дарж, улс төрийн өөр үзэл бодолтнуудыг хорьж цагдан, хэвлэл мэдээллийг хяналтандаа бүрэн авсан юм.

Энэ улсын хүн амын дундаж наслалт дэлхийн хамгийн богино буюу эмэгтэй 34, эрэгтэй 37 жил болж, иргэдийн гуравны нэг нь эх орноосоо дүрвээд байна. 100 наслахаа амласан Ерөнхийлөгчийн төрсөн өдрийг ноднин 92 кг бялуу хувааж, нэг сая доллар зарцуулан, найрлаж тэмдэглэжээ. Эдийн засгийн хямралын гол буруутан нь гадаадынхан, барууны орнуудын хориг гэж Р.Мугабе тайлбарладаг.

ВЕНЕСУЭЛЧҮҮД ӨЛСӨЖ БАЙНА

Венесуэл даяар хүнсний дэлгүүрийн бүх лангуу хоосон, яг л 1990 оны Монголынхтой ижил болжээ. Иргэний үнэмлэхийн дугаарын эцсийн орны тоо бүхий гаригт нэг удаа талх, будаагаа төрөөс тогтоосон үнээр иргэд нь худалдан авч байна. Улаанбаатарын машинуудын явдаггүй гаригт хүнс авна гэсэн үг. Иргэд дэлгүүрийн гадаа үүрийн гурван цагаас дугаарладаг ч хүнс ирэх, эсэх нь тодорхой бус аж. Тэдний худалдаж авсан гурил нь хар захад 100 дахин өндөр үнээр зарагддаг байна.

Нийслэл Каракаст явуулсан судалгаагаар хүн амын найман хувь нь өлсөхийн эрхэнд бусдын хоолны үлдэгдлээр амь зогоож буй тухай BBC өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг улсын иргэд нь өлсгөлөнд ийн нэрвэгджээ.

1956 оны ардчилсан хувьсгалаас хойш Венесуэлд улс төрийн эрх мэдэл олон ургальч болж чадсангүй, цөөхөн нам, элитийн хүрээнд л солигдож, эдийн засгийн институцүүд нь зөвхөн тэдэнд үйлчилдэг учир нийгмийн цөөнх нь баяжин, олонх нь ядуурсаар ирэв. Хоосон амладаг олон намын оронд хүчтэй ганц удирдагч хэрэгтэй гэх болсон иргэд 1998 онд 44 настай, цэргийн офицер Уго Чавесыг Ерөнхийлөгчөөр сонгов. У.Чавес ихэнх бизнесийг төрийн мэдэлд авч, бүх барааны үнийг тушаалаар тогтоолоо. Газрын тосны экспортын үнийн өсөлтийг даган төрийн орлого ч нэмэгдэв. Нийгэм, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж, ядуурлыг бууруулан, эмнэлэг, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй болгоход ахиц гарчээ.

Гэвч удалгүй газрын тосны үнэ унаж, төсвийн татаасаар амьдарч байсан төрийн компаниуд дампуурч, өрсөлдөх чадваргүй болоод байсан хувийн хэвшил нь сэргэж чадахгүй явсаар эдийн засаг нь хүндэрч, хүнс, өргөн хэрэглээний барааны хомсдол ийнхүү нүүрлэв.

У.Чавес 2013 онд хорт хавдраар нас барсны дараахан Венесуэл нь улс төр, эдийн засгийн бүрэн хямралд орлоо. Ерөнхийлөгч Н.Мадуро “эдийн засгийн онц байдал” зарлаж, төр засгийн бүх эрх мэдлийг гартаа авсан ч эдүгээ улс орон нь бүрэн дампуурч, иргэд нь өлсөн, гэмт хэргээр дэлхийд тэргүүлж байна. Н.Мадуро өнөөгийн хямралын гол буруутан нь АНУ тэргүүтэй империалистууд гэж үзэж буй юм.

МОНГОЛЫН МӨНГӨНИЙ НАМУУД

Монгол Улс 1990 онд социалист төрийн тогтолцоог өөрчилж, ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжиж эхлэв. Улс төрийн олон нам бий болж, “устаж” явсаар эдүгээ МАН ба АН хоёр л дангаараа, эсвэл эвсэн төр засгийн эрхийг барих боллоо. Гэхдээ энэ хоёр нам хоёулаа зөвхөн удирдлага, тэдэнтэй холбоотой ил тод бус бизнесийнхэнд үйлчилдэг байгууллууд (extractive institutions) болоод байна.

Тэрхүү ил тод бус бизнесийнхэн төсвийн болон зээлийн хөрөнгийг захиран зарцуулах болсноор нийтийн хөрөнгө оруулалтын эцсийн үр өгөөж нь буурч, бизнесийн орчин муудан, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зогсов. Улаанбаатарт гэхэд л сүүлийн зургаан жилд 140 тэрбум төгрөгийг зуух, түлш солих зэрэг хэдэн арван төсөлд зарцуулсан ч гэр хорооллын утаа хотын агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх боллоо. Дээрх төслүүдийн хөрөнгийг завшсан төрийн ажилтнуудыг баривчлан, бөөн шуугиан дэгдээдэг ч төдхөн л цагаатгав. Авлигын шуугиантай хэргүүд ч мөн адил замхардаг жаяг тогтов.

Засгийн газар нь тодорхой төлөвлөгөөгүй атлаа гадаадад бонд гарган өр тавьж, 2017 онд Монгол Улсын нийт орлого 5.9 их наяд төгрөг атал гадаад зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөрт 6.6 их наяд төгрөг төлөх болсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн саяхан мэдэгдэв. 2018 онд ч гадаад өрийн төлбөр төсвийн орлогоосоо давах гэнэ. Харин бондын хөрөнгийг нь авсан, намтай холбоотой бизнесийн бүлэглэлүүдэд энэ нь хамаагүй аж.

Монголын улс төрийн институцүүд өөрийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад тааруулсан дизайнаар эдийн засгийн байгууллуудаа өөрчлөн, зөвхөн даалгавар гүйцэтгэх үүрэгтэй “намынхаа боол”-уудыг ажиллуулдаг болжээ.

Улмаар эдийн засаг хямран, улс төрийн институцтэй холбоогүй хувийн хэвшлийн хувьд өрсөлдөх чадвараа сайжруулах байтугай бизнесээ үргэлжлүүлэх ч боломж, сонирхол багасчээ. Улс төрд орж ил тод бизнестэй холбогдох, эсвэл бизнесээ царцаан, гадагшаа гарах сонголт тэдэнд үлдэж байна. Энэ бүхнийг ил тод хэлж байх ёстой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 75 хувийг бас л улстөрчид эзэмшиж буй юм.

Ардчилсан нам даргаа сонгох сунгааг эхлүүлж, үзэл санаа, үйлдлээр нь биш хөрөнгө мөнгөөр нь ялгаварлан, таван хүнийг нэр дэвшүүлэв. Үнэмлэхээ авсан, татвараа төлсөн, эсэхээр нь гишүүдээ ялгаж, тэднээс нэгийг нь сонгож буй бөгөөд 180 мянган гишүүдийн арван хувь нь хамрагдан, намдаа “өнгөн засвар” хийж байна.

Ижил тэгш үйлчилдэг улс төрийн институц бол хөрөнгө мөнгөнд биш, зарчимд суурилсан, санхүүжилт нь ил тод, зорилго, хүрэх арга зам нь тодорхой, гишүүн бүр нь мэддэг, удирдлага нь ашиг сонирхлын зөрчилгүй, ажил, ам нь нийлдэг жинхэнэ манлайлагч байх ёстой. Ардчилсан нам тийм институц болж чадах, эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.

Ялгавартай, тэгш бус үйлчилдэг улс төр, эдийн засгийн байгууллууд нь иргэдийн хадгалах, хөрөнгө оруулалт хийх, шинийг санаачлах боломжийг нь урамшуулж чаддаггүй учир улс орны эдийн засаг нь байнга хямарч, дампуурдаг аж.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn