Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тэнгэрийн гүүр
2016 оны 11 сарын 2 [Уншсан тоо: 20895]



Малайзын нийслэл Куала-Лумпур хотын төвд Зүүн өмнөд Азийн хамгийн өндөр буюу 88 давхар (452 метр) Петронасын хос цамхаг огторгуй өөд цойлно. Дэлхийн хамгийн өндөр гэгдэж байсан энэхүү ихэр цамхгийн 41, 42 дахь давхрыг холбосон 58 метр урт шилэн гүүрэн дээрээ малайзчууд 2000 оны шинэ жилээ угтаж байжээ. “Тэнгэрийн” гэж нэрлэсэн энэ гүүрээ тэд нэгдсэн улсын баялаг түүхээ шинэ мянгантай холбосон, хөгжил, боломжийн бэлгэ тэмдэг гэж үзэж байв.

Тус улсын эдийн засаг 1957 оноос хойш жилд дунджаар 6.5 хувиар өсөж, 2015 оны байдлаар ДНБ нь 375 тэрбум, нэг хүнд ногдох нь 12 мянган ам.долларт хүрч, үйлдвэржсэн зах зээлийн эдийн засагтай улс болжээ. АСЕАН дотроо Малайз нь Индонез, Тайландын дараа гуравдугаарт ордог эдийн засагтай юм.

Шинэ мянган эхэлснээс хойш энэ улсын эдийн засаг тасралтгүй өсөж, дэд бүтэц нь маш сайн хөгжсөн ч төрийн засаглал ил тод биш, ажил олох, амьдралаа сайжруулах, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, боломж бололцоо Исламын биш шашны, үндэсний цөөнхүүдэд улам бүр хумигдсаар байгаа ажээ.

ХУДУД ШИЙТГЭЛ

Малайз улсын газар нутаг нь хойгийн буюу баруун, арлын (Борнио арлын Саравак, Саба) буюу зүүн гэсэн хоёр хэсгээс бүрдсэн, 330 мянган ам км талбайтай (Монголоос бараг тав дахин жижиг) юм. Харин хүн ам нь Монголоос 10 дахин их буюу 31 саяд хүрсний тал нь малай, 22 хувь нь хятад, 12 хувь нь уугуул иргэд, долоон хувь нь энэтхэгчүүд аж.

Англичууд XIX зуунд цагаан тугалга олборлохын тулд хятадуудыг, резин үйлдвэрлэхийн тулд энэтхэгчүүдийг энэ оронд олноор нь нүүлгэн авчирч, суурьшуулжээ. 1957 онд тусгаар тогтнолоо зарлахад хот суурин газруудад хятадууд, хөдөөд малайчууд ихэнх бизнесийг хянах болсон байлаа. Цөөнх нь эдийн засгийн салбарын ихэнхийг эзэмших болсноос үүдэлтэй улс төрийн хүчнүүдийн хагарал, маргаан нийгэмд байсхийгээд гарч эхэлжээ. 1969 оны тавдугаар сард болсон ерөнхий сонгуулийн маргааш хятадуудын Ардчилсан үйлдлийн нам (Democratic Action Party, DAP) оролцсон эвсэл ялснаас үүдэлтэй, 600-гаад хүн (дийлэнх нь хятадууд) алагдсан цуст үймээн Куала-Лумпурт болсон байна.

Үймээнээс хойш хоёр жилийн дараа уугуул иргэдэд (малай үндэстэн) (affirma­tive action) давуу эрх олгосон эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлж иржээ. Исламын шашны нөлөө улам бүр хүчтэй болсоор иргэний хууль журамд ч тусгалаа олсон аж. 1991 оноос муж улсын түвшинд Исламын хууль буюу Шариатын (Sharia) хууль үйлчлэх болсон нь Зүүн өмнөд Азийн цор ганц холбооны улс болох Малайзын үндэстэн хооронд томоохон хагарал авчирчээ.

Малайзад Исламын төрийн шашин гэж тодорхойлсон бөгөөд олон гэмт хэрэгтнийг ихэнхдээ эрүүгийн биш, Шариатын хуулиар шийтгэдэг байна. Дэлхийн ихэнх улсад хууль журам нь зөвхөн олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явахыг зохицуулдаг бол Шариатын хуулиар олон нийтийн дунд ч, ганцаараа байхдаа хувь хүн яахыг, мөн юунд итгэх, эсэхийг нь зохицуулдаг.

Уг хуулиар бол эрэгтэй хүн дөрөв хүртэл эхнэртэй, эмэгтэй хүн нэг л нөхөртэй байна. Нөхрөөсөө, эсвэл хамаатнаасаа өөр эрэгтэй хүнтэй үг солихгүй, бие, нүүрээ харуулж болохгүй аж. Шариатын хуулийг мөрдөж буй, эсэхийг хянаж шалган, залхаадаг исламын цагдаа байдаг. Тэд аль ч айл, үйлчилгээний газар, хаана ч, хэзээ ч орох эрхтэй бөгөөд лалын эрэгтэй, эмэгтэй хоёр хүн “хэт ойрхон” суусан, гараа барилцсан байгаа бол баримт бичгийг нь шалгах эрхтэй. Шариатын хууль зөрчихийг халват гэх бөгөөд хоёр хүртэл жил шоронд хорих шийтгэлтэй юм байна.

Энэ оны гуравдугаар сард Шариатын хуулийн шийтгэлийг улам чангатгаж, “Коран”-д заагдсан Худуд буюу Олны өмнө шийтгэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр сөрөг хүчний Пан-Малайзын Исламын намын дарга Парламентад өргөн барьсан нь тэндхийн нийгмийн дунд дахиад л хагарал гаргав. Өнгөрсөн сард хэлэлцэх ёстой байсан уг төсөл хэрэв батлагдвал хулгай хийсэн хүний баруун гарыг цавчих, нөхрөө хуурсан эмэгтэйг олны өмнө чулуугаар цохиж алах, хүчиндүүлсэн эмэгтэйг дөрвөн эрэгтэй хүнээр гэрчийн баталгаа гаргаж чадахгүй бол нөхрөө хуурсан гэж үзэх, нөхөр нь эхнэрээ зодсон бол гэмт хэрэг биш, Аллахын сургаалд эргэлзсэн, үгүйсгэсэн, эсвэл өөр шашинд элсэн орсон бол цаазаар авах гэнэ.

Олны өмнө шийтгэх тухай хууль нь яваандаа бүх иргэнийг хамрах болно гэж исламын бус шашны хүмүүс, ялангуяа хятад, энэтхэг үндэстнүүд айж, болгоомжилж байна.

ХАРААТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ

Малайзад төрийн эрх мэдэлд нэг л хүрсэн бол тийм ч амархан өөрчлөгддөггүй ажээ. Улс төрийн хамгийн хүчирхэг нам нь 1957 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш бусад жижиг намтай хамтран, Барисан Насионал эвсэл байгуулж (хуучин нэр нь Альянс), төр засгийн эрхийг бараг 60 жил тасралтгүй барьсан Нэгдсэн малайчуудын үндэсний байгууллага (UMNO) юм.

Энэ намыг тэргүүлж, Ерөнхий сайдын албыг 22 жил хашсан Махатир Мухамедын үед Малайз улсын эдийн засаг үсрэнгүй хөгжиж, олон томоохон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлжээ. Тэрбээр Дотоодын аюулгүй байдлын тухай хууль батлуулж, улс төрийн идэвхтэн, гол биш шашны төлөөлөл болон улс төрийн өрсөлдөгчдөө, түүний дотор Тэргүүн шадар сайдаа баривчлан хорьж байлаа.

Одоогийн Ерөнхий сайд Нажиб Абдул Разак 1986 оноос (33 настай) хойш хэд хэдэн яаманд сайд, 2004 оноос Шадар сайдаар ажиллаж, 2009 оноос энэ албан тушаалд томилогджээ. Тэрбээр Засгийн газрын зарим татаасыг багасгаж, гадаадын хөрөнгө оруулалтад тавих шаардлагыг зөөлрүүлэн, уугуул малайчуудаас бусад үндэстний эрх чөлөөний хязгаарлалтыг багасгасан ч эдүгээ цуутай хэд хэдэн гэмт хэрэгт холбогдоод байгаа аж.

Арван жилийн өмнө Куала-Лумпурын нэгэн ойд байлдааны зэвсэг тэсэлж, Монголын иргэн Ш.Алтантуяаг егүүтгэсэн гэмт хэргийг түүнтэй холбож үздэг. Энэ хэргийг мөрдөн шалгах ажил эдүгээ олон улсын түвшинд үргэлжилж байгаа гэнэ. Мөн төрийн өмчит, 1MDB нэртэй компаниар дамжуулан төсвийн маш их хөрөнгийг хувьдаа завшсан, Саудын Арабын компаниас хоёр тэрбум америк долларын “хандив” хувийн дансандаа шилжүүлж авсан зэрэг хэрэгт холбогдоод буй ч тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль батлуулж, хүчний байгууллагуудын эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд байна.

Малайзад Засгийн газар болон төрийн эрх баригч эвсэлд багтсан улс төрийн намууд үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүрэн хянадаг болжээ. 2007 оноос сонин, сэтгүүл хэвлэх зөвшөөрлийг жил бүр сунгадаг болж, хувийн радио, телевизийн сувгуудаар сөрөг хүчний намуудын удирдлагын хэлсэн үгийг мэдээлэхгүй байх удирдамжийг Засгийн газрын байгууллагаас нь өгсөн байдаг.

Ийнхүү шинэ мянган эхэлснээс хойш олон үндэстний холбооны улс болох Малайзын иргэн бүр үндэс угсаа, хэл яриа, шашин шүтлэг хамаарахгүйгээр эрх чөлөөтэй, сайхан амьдрах шинэ боломжийг олгох “тэнгэрийн гүүр”-ээр гарч амжаагүй л байна. Хэзээ тэр боломж хүн бүрт нээгдэхийг ирэх цаг л харуулах юм.

Куала-Лумпур-Улаанбаатар
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив