Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хямд тусмаа үнэтэй
2016 оны 9 сарын 28 [Уншсан тоо: 35161]

Монгол Улсын замын хөдөлгөөнийг баруун гарын дүрмээр зохицуулдаг хуультай (de jure). Энэ нь замтай ч бай, үгүй ч бай хоёр машин зөрвөл баруун гар талаа барьж явна гэсэн үг. Манай улсын замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л дүрэм журам, дэд бүтэц нь тээврийн хэрэгслүүдийг зүүн талдаа жолооны хүрдтэй байхаар тооцож хийгдсэн юм.

Гэтэл 2015 оны эцэс гэхэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй 440 мянган автомашины 54 хувь нь (de facto) баруун талын хүрдтэй байсан аж. Тус онд Монгол Улсад нийт 37 мянган автомашин оруулж ирсний 34 мянга нь Японд үйлдвэрлэсэн байх юм. Үнийн дүнгээр нь үзвэл, 210 сая доллар болсны 180 сая нь буюу 86 хувь нь Японы машинд ногдож байна.

Япон, Монгол хоёр улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээгээр (EPA) шинэ машинаас гадна 36 сар хүртэлх насжилттай машин татваргүй, түүнээс дээш настай бол таван хувийн хөнгөлөлттэй татвар авах болсон нь баруун талдаа жолооны хүрдтэй, японы машинууд цаашид ч нэмэгдэхийг харуулж буй. Тэнд 10-аас илүү настай машин унахыг хориглосон хуультай тул долоогоос найман настай машиныг гадаадад хямдхан гаргах сонирхол их байдаг. 2011-2015 онд Монголоос Япон руу нийтдээ 72 сая долларын экспорт хийсэн бол Японоос Монгол руу хоёр тэрбум долларын экспорт хийжээ (Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлэл). Түүний 1.3 тэрбум доллар нь автомашин бол нийт автомашины 66 хувь нь “Prius” гэнэ.

ЗАМ САЙЖРАХ ТУСАМ ОСОЛ ИХСЭВ

Аливаа улсын замын хөдөлгөөн нь тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байршилтай зохицож байж л аюулгүй, шуурхай болж, түгжрэл үүсэх нь багасна.

Нийслэлд 2014 онд зам, тээврийн 11,630 осол гарсны 59 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй (дүрэмтэйгээ харшилсан буюу буруу талдаа жолооны хүрдтэй) машин байсан бол 2015 онд Монгол Улсад гарсан нийт 41,064 авто ослын 64.4 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байсныг Замын цагдаагийн газрын мэдээнээс харж болно. Ганцхан жилийн дотор зам, тээврийн осол бараг дөрөв дахин өсчээ.

Буруу талдаа жолооны хүрдтэй машин барьж яваа жолооч өмнөх машинаа гүйцэж түрүүлэхийн тулд машиныхаа бүтэн биеэр тэр машины зүүн талд гарч, замаа харахаас өөр аргагүй учраас нийт хөдөлгөөн болон тухайн машины хурдаас хамаараад осол зөрчил ихээхэн тохиолддог. Ялангуяа Улаанбаатар хотын зам сайжрах тусам хөдөлгөөний хурд нэмэгдэж, ослын тоо огцом өсөх болсныг бүтээн байгуулалтын он жилүүд харуулж байна.

Монгол Улс 2012-2015 онд 6351 км хатуу хучилттай зам тавьсан бол 2016-2021 онд 5700 км хатуу хучилттай зам тавихаар төлөвлөжээ. Хөдөөгийн ихэнх зам хоёр урсгалтай, дунд нь тусгаарласан зураас байхгүй учир жолооч нар нүдэн баримжаагаар, өндөр хурдтайгаар зөрдөг. Замын олон нүх, саадыг тойрох гэж жолооч нар машиныхаа хүрдийг огцом мушгиснаар осол гаргаж байна.

Хот суурин газруудад нэвтрэх, машинаа зогсоолд байрлуулах, онгоцны буудал орох, гарах зэрэг олон газарт буруу талдаа хүрдтэй машины жолооч тасалбар авах, мөнгө төлөх гэж нөгөө талынхаа цонхоор гараа цухуйтлаа сунах гэсээр хөдөлгөөний хурдыг сааруулдаг. Зүтгээд зүтгээд амжилтгүй болсон нь машинаасаа бүр гарч тойрох нь бий. Мөн ихэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй учир Монголд хамгийн зүүн талын шугам нь хамгийн хурдан байх дүрэм аль хэдийнэ үйлчлэхээ больсноос замын шугамын хурдны ялгаа арилсан. Нэг ч бай, гурав ч бай бүгд л яг адилхан хурдтай шугамуудтай боллоо. Байраа зөв эзлэхийг шаардвал бараг зодуулчих шахна.

Шөнийн цагт хөдөөгийн зам дээр Монголын олон жолооч холын гэрлээ шилжүүлдэггүй учир хурц гэрлийн гялбаанд замаа харахгүй, мэдрэмжээрээ баримжаалахад хүрдэг. Буруу хүрдтэй машины холын гэрлийн тусгал замаасаа гадагшаа чиглэл бүхий тохируулгатай болохоор баруун гарын дүрэмтэй оронд тэр гэрэл нь зам руугаа чиглэн нүд улам хүчтэй гялбуулдаг. Тийм учраас хоёр эсрэг дүрэмтэй Англи, Францын хил дээр машинуудын том гэрлийг нь бууруулах хальс төлбөртэй наадаг юм. Наагаагүй жолоочийг очсон хот бүхэнд нь цагдаа торгоно.

ШИЙДЭХ АРГА БЭЛЭН БАЙНА

Замын хөдөлгөөний баруун, зүүн дүрмийн ялгаа үүссэн нь Дундад зуунаас эхлэлтэй. Хот суурин бүрдэхийн хэрээр нэг замаар олон хүн явах болж, ихэнх хүн солгой биш тул морьтой хүн зүүн талдаа сэлэмтэй, баруун гараараа сэлмээ хэзээ ч сугалахад бэлэн явдаг байснаас зүүн гарын хөдөлгөөн бүх оронд хэвшжээ. 1700-гаад оноос Америк болон Францад фермийн аж ахуй эрчимтэй хөгжиж, цуваа морин тэргээр хот руу хүнс тариа зөөдөг болсон байна. Харин хүн нь хамгийн сүүлчийн, зүүн талын морин дээр мордож зүүн гар талаа тод харах, бас баруун тал руу морьдоо шилбүүрдэх болсноор баруун гарын замын хөдөлгөөн үүсчээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс аль ч улс орон нэг бол баруун, эсвэл зүүн гарын дүрмийг л сонгож ирснийг түүх гэрчилнэ. Үүнийг дагаад буруу талдаа хүрдтэй машинуудыг импортлох, замын хөдөлгөөнд оруулахыг хориглодог болсон байна. Камбожийн автомашиных нь бараг 80 хувь нь Тайландаас импортолсон, буруу талдаа хүрдтэй байсныг шинэ зуун гарснаас хойш хориглож, хүрдийг нь зөв тал руу нь тавиулж эхэлжээ. Манай хойд хөрш Орос ч мөн Японы автомашинуудын жолооны хүрдийг зүүн гар талынх болгон өөрчилдөг болов.

Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2012 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги баталжээ. Энэ стратегид зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн эзлэх хэмжээг 2012 оны суурь түвшин 54 хувиас 2015 он гэхэд 75, 2020 он гэхэд 95 хувьд хүргэнэ гэж заасан байх юм. Харамсалтай нь Монголын хууль гурав хоног гэдэг шиг үүнд хэн ч хяналт тавихаа больж, буруу хүрдтэй машин нь дээрх хувийг эзлэх хандлагатай байна. Уг нь Зам, тээврийн яам үүнийг хариуцах ёстой ч Монголын яамдын нэр, бүтэц нь үргэлж өөрчлөгддөг тул олон ажил буух хаяг, буцах эзэнгүй орхигдож, хэн ч хариуцахгүй үлддэг болоод удлаа.

Үүний эсрэг хамгийн оновчтой арга нь юу байж болох вэ. 2020 он гэхэд бүх машин зүүн талдаа жолооны хүрдтэй байна, түүнээс цааш буруу хүрдтэй машиныг хилээр оруулахгүй гээд л хууль гаргаад нийтэд зарлачихвал хэчнээн олон хүний амь насыг авто ослоос аварч, замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах бол. Харин буруу хүрдтэй машин давамгайлж буйгаас Монгол Улс зүүн гарын дүрмийг авчих юм бол хоёр хөршөөсөө эсрэг замын хөдөлгөөнтэй болж, юун коридор болох, харин хоолойд тээглэсэн бүлх лүгээ хил дээр гацах болно гэдгээ төрийн түшмэд тунгааж байгаа болов уу даа.

Тийм хууль гаргаад л дөрвөн жилийн өмнө зарлачихад хэнд юу саад болоод байгаа юм бол оо, төр засгийнхаан. Зам, тээврийн осолд хэчнээн иргэнээ алдсаны дараа үүнийг хийх гэсэн юм бэ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив