Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Социализм руугаа эргээд... МАРШ!
2016 оны 9 сарын 7 [Уншсан тоо: 42119]

МАН-ын бүрдүүлсэн засаг нь төрийн төмөр нүүрийг авлигачид, гэмт хэрэгтнүүд, төрөөс төрсөн тэрбумтнуудад биш, харин түмэн олон иргэддээ харуулж эхлэв. Номхон морь ноолоход амар гэдэг дээ.

Тэд эх орноо өрөнд живүүлж, төсвөө цайлган, өөрсдөө баяжиж, түмнээ хохироосон эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцохын оронд олон төрлийн татвар нэмж, дөнгөж соёолж буй дундаж давхаргыг тас цавчих, улмаар эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх аян эхлүүллээ.

Нэрээ л сольсон болохоос энэ намын удирдлагуудын дарангуйлагч агуулга, авир нь яг хэвээрээ ажээ. Чухамхүү тоталитари нийгэмд л бүх иргэнийг өмчгүй болгож, төр л зөвхөн өмчтэй байж, нийгэм даяараа ганц нам, ганд үзэл суртлыг шүтэж, тэр үзэл суртлыг нь нийтээр даган мөрдөхийг намын удирдлага нь хянаж, намын удирдлагаа аугаа их удирдагч нь цэрэг, цагдаагийн хүчээр атгандаа оруулсан байдаг.

Энэ тухай Ж.Орвил “1984” хэмээх номондоо маш тод харуулсан нь бий. Ийм нийгмийн дүр төрх өнөөгийн Монголын ард түмний ой ухаанаас арчигдаагүй байгаа юм.

ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ БАЙДАЛ БА ШАЛТГААН

Монгол Улсын өр ДНБ-ээсээ хоёр дахин их буюу 23 тэрбум америк доллар болсны тав нь Засгийн газрынх. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр “Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч оны эцэст 21.3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байгаа” бөгөөд зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт энэ онд 1.085 их наяд төгрөг зарцуулж буй нь төсвийн бодит орлогын 20 хувьтай тэнцэж байна. Зээлийн зөвхөн хүүгийн төлбөр өнгөрсөн дөрвөн жилд бараг 30 дахин өсчээ.

“Өмнөх Засгийн газар төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүдийг өр тавин санхүүжүүлсэн, төсөвт ирэх ачаалал, өрийн дарамтыг нэмэгдүүлсэн зэргээс үүдэн, зээлийн хүүгийн төлбөр цаашид ч хурдацтай нэмэгдэхээр байна.

Мөн ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх ба валютын нөөц хангалтгүй, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн түүхий эдийн үнэ унасан, манай улсын зээлжих зэрэглэл -В2 болж буурсан, 2016 оны төсвийн алдагдал нэг их наяд орчим төгрөг байхаар төсөвлөгдсөн зэрэг нь дээрх бондуудыг эргэн төлөхөд их хүнд болсон”-ыг тэрбээр олон нийтэд сарын өмнө анхааруулав.

Сүүлийн 25 жил МАН ба АН хамтран, эсвэл дангаараа төрийн эрх мэдлийг барьж ирсэн ч үр дүнд нь Монгол Улсын эдийн засгийг өрөнд, төр, засгийг авлигад живүүлж орхилоо.

Яагаад, төр засаг төсвөө зохиож чадахгүй, төсвөөс гадуур дураараа өр тавьж, өөрсдөдөө ашигтай төслүүд зохиож, хараа хяналтгүй зарцуулчихдаг болсны шалтгаан нь авлига. МАН ба АН өнгөрсөн дөрвөн жилийн хагаст нь төрийн эрхийг хамтран барьсан бөгөөд одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэгэхэд Сангийн сайд нь байсан учир эдийн засаг хаашаа явж буйг хамгийн сайн мэдэж байсан.

Тэгэхэд МАН шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардахгүй яасан юм бол? Яагаад гэвэл улс төрийн намуудын удирдлагад Засгийн газрын эрх мэдлийг барьж үлдэж л байвал бусад нь гол асуудал биш. Зөвхөн эрх мэдэлтэй байж л сонгуульд зарцуулсан мөнгөө ямар нэг хэлбэрээр, чадвал олон дахин нугалж эргүүлэн авдаг засаглалын бүтэц Монгол Улсад бий болжээ.

Сүүлийн 25 жил МАН ба АН хамтран, эсвэл дангаараа төрийн эрх мэдлийг барьж ирсэн ч үр дүнд нь Монгол Улсын эдийн засгийг өрөнд, төр, засгийг авлигад живүүлж орхилоо. Нийтийн хөрөнгө мөнгийг завших нь газар авч, томоохон гэмт хэргүүд дуулиантай эхлээд, чимээгүй алга болж байгаа нь энэ хоёр намын эрх мэдэлтнүүд хоорондоо харилцан холбоотой, түрийвч нэгтэй болсныг бэлхнээ баталж байна.

Нэгэнт л тэд шүүх засаглалыг өөрсдөөсөө бүрэн хараат болгож, харилцан бие биедээ хариуцлага тооцож чадахгүй байдалд хүрсэн учир өөрсдийнхөө бий болгосон эдийн засгийн хүндрэлийг ард иргэдийн нуруунд тохохоос өөр сонголтгүй ажээ.

ТАТВАР НЭМСНИЙ АНХДАГЧ БА ХОЁРДОГЧ ҮР ДАГАВАР

Аливаа татварын бодлогын эдийн засагт нөлөөлөх богино хугацааны үр дагаврыг анхдагч, харин урт хугацааны үр дагаврыг хоёрдогч гэж хэлж болно. Улстөрчид дараачийн сонгууль хүртэлх богино хугацаагаар нь харж, анхдагч үр дагаврыг нь бодож шийдвэр гаргадаг.

Харин иргэний нийгэм урт хугацаагаар харж, хоёрдогч үр дагаврыг нь тооцон, тэр шийдвэрт цаг алдалгүй нөлөөлөх учиртай. Ардчилсан оронд ингэж байж л нийтийн засаглал нь тэнцвэртэй болж, нийгэм нь хямралд аль болох бага өртдөг.

Монголбанк 2007 он хүртэл жилд 20 тонн алт дэлхийн зах зээлийн үнээр худалдан авдаг байсан бол гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нэмсний дараа дөнгөж хоёр тонныг авч, үлдсэн нь нууцаар хил давдаг болсон. Эхний жил татварын орлого бага зэрэг нэмэгдсэн ч Монгол Улс олборлосон алтныхаа 90 хувийг алдсанаас жишээ аван, анхдагч ба хоёрдогч үр дагаврыг харьцуулж болно.

Хүн амын орлогын татварыг 10 хувиас 25 болгох Засгийн газрын санал (өчигдөр эргүүлэн татсан)-ын анхдагч үр дагавар нь төсвийн орлого нэмэгдэх. Гэвч жилд 30 сая төгрөг буюу өнөөгийн ханшаар сарын 1000 ам.долларын орлого гэдэг нь дөнгөж дундаж давхраанд шилжих буюу талаар нь байрны зээлээ дараад үлдсэнийг нь хэрэглэж буй орлого.

Монголбанк 2007 он хүртэл жилд 20 тонн алт дэлхийн зах зээлийн үнээр худалдан авдаг байсан бол гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нэмсний дараа дөнгөж хоёр тонныг авч, үлдсэн нь нууцаар хил давдаг болсон.

Түүнээс дээш орлогынх нь дөрөвний нэгийг татварт авснаар гадаадад мэргэжил боловсрол эзэмшсэн монгол залуусыг, гадаадын мэргэжилтнүүдийг, гадаадын хөрөнгө оруулалтыг Монголоос хөөж буй хэрэг. Зөвхөн АНУ-ын виз авахаар ярилцлагад орохын тулд өнөөдөр 49 хоног хүлээх урт дараалал бий болжээ. Хоёр сарын өмнө энэ дараалал долоо хоног л байв.

Мөн 150 ам метрээс том талбайтай байрнаас татвар авахын оронд үл хөдлөх үндсэн хөрөнгийн татвараа бүх байгууллага, өрхөөс авбал урт хугацааны үр дагавар нь илүү үр өгөөжтэй юм. Гэтэл төрийн өмчит бүх газар энэ татвараас чөлөөлөгдсөн байх жишээтэй.

ХЯМРАЛААС ГАРАХЫН ТУЛД СОЦИАЛИЗМ РУУГАА БУЦАХ УУ?

Эдийн засгийн хямралаас гарах арга зам бол татвар нэмэх биш татварыг багасгах, ажлын байр бий болгосон компанийг татвараас хөнгөлөх явдал юм. Хувь хүмүүсийн хадгаламжийн хүүгээс татвар авахын оронд төрийн өмчит компаниудыг хувьцаат болгоод, иргэдэд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нь худалдан авах боломж өгөх нь урт хугацааны өгөөжтэй алхам болно.

Урт хугацаандаа төр, засаг хөрөнгө мөнгө босгох, өр зээлээ төлөхийн тулд авлигын янз бүрийн хэлбэрээр нийтийн хөрөнгө завшсан этгээдүүдээс төлбөр авч, хохирлыг барагдуулах явдал. Гэвч одоогийн улс төрийн хүчний тогтолцоо өөрөө бүрэлдэхүүн хэсэг нь учир үүнийг хийж чадахгүй нь тодорхой боллоо.

Ер нь авлигыг арилгаж, улс төр, эдийн засгийн байгууллуудаа төлөвшүүлтэл Монгол Улс эдийн засгийн хямралаас бүрэн гарч чадахгүй ажээ.

Ямар ч гэсэн өнөөгийн МАН-ын гишүүд давамгайлсан төр, засаг Монголын эдийн засгийг хямралаас гаргах арга замыг төрийн өмчтэй, хувийн өмчгүй, эрх чөлөөгүй байдал гэж ойлгосон бололтой. Монголчуудад тэд “Зээрррэгц дундаа,.. социализм руугаа эррргээээд, маарш” гэж команд өглөө.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив