Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хулхистан
2016 оны 8 сарын 31 [Уншсан тоо: 77868]

Өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхлэв. Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй гэж эрх баригчид дүгнэв. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тасралтгүй буурчээ. Төсвийн алдагдал хяналтаас гарч, төлбөрийн тэнцэлийн алдагдал өсөж, хүн амын худалдан авах чадвар, гадаадын хөрөнгө оруулалт буурч, төгрөгийн ханш огцом суларч ирлээ.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалт бараг алга болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагдсаныг харуулж байна гэж УИХ дарга М.Энхболд онцлов. Харин энэ байдлаас гарахын тулд шинэ засгийн газраас олон төрлийн татвар нэмэх тухай санал оруулсныг гишүүд хэлэлцэж эхэллээ.

Эдийн засгийг хямралд хүргэсэн гол шалтгааныг зөв тогтоож, арилгахгүйгээр татвараа нэмэх гэж байгааг хувингийн ёроолын цоорхойг бөглөхгүйгээр нэмж дүүргэхтэй иргэд зүйрлэж байна. Эдийн засгийн болон төгрөгийн ханшны уналтад навс даруулчихаад байгаа хувийн хэвшил, ард иргэдээсээ татвар нэмж авахыг оролдох нь “үнээний хоосон дэлэн шувтраад тийрүүлэхтэй” адил гэж иргэд бас хэлж байна.

Ямар ч гэсэн Монголын иргэд бид эдийн засгийн хямралаас гарахын тулд улстөрчдийн харилцан бие биенээ буруутгасан хэрүүл, маргаанаас цааш харж, хямралын хамгийн гол шалтгааныг олж, яаралтай арилгахыг төр засгаас шаардах эрхтэй.

МОНГОЛЫН ХЯМРАЛЫН ҮНДСЭН ШАЛТГААН


Манай улсад нүүрлээд буй хямрал бол эдийн засгийн гэхээсээ илүү засаглалынх юм. Энэ хямралын үндсэн шалтгаан нь авлига. Төр засгийн эрх мэдэл, албан тушаалаа хувийн эрх ашиг сонирхолдоо ашиглан, нийтийн өмч хөрөнгийг завших явдал Монгол Улсад 90-ээд оноос эхлэн олон засгийн газрыг дамжин хөгжин цэцэглэж ирлээ. Авлигын хэмжээ өсөхийн хирээр түүнтэй тэмцэх уриа лоозон нэмэгдэж байсан боловч авлига нь огт буурсангүй, харин ч хэлбэр, өнгө нь өөр болж, хор хөнөөл нь нэмэгдсээр эдийн засгийг сөхрүүлж орхив.

Хамгийн том авлигууд нь төрийн өмчийг хувьчлахаас эхэлж, дараа нь Улаанбаатарын газрын наймаагаар өрнөж, уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензээр хөөрч, хамгийн сүүлд бондын мөнгөний хуваарилалтаар нисэж ирлээ. Энэ авлигуудыг төрүүлж, өсгөн, бөөцийлж ирсэн улс төрийн байгууллууд бол эвсэж, эсвэл дангаараа төр засгийн эрх мэдлийг ээлжлэн барьж буй Монгол Ардын Нам (хуучин нэр нь МАХН) болон Ардчилсан Нам юм. Гэхдээ энэ намуудын нэрээр цөөхөн тооны улстөрч авлигын дээрх бүх үеийг дамжин төр засгийн өндөр сэнтийд ээлжлэн заларч ирсэн юм.

Энэ хоёр улс төрийн байгуулал дотооддоо ямар ч ардчилалгүй, мөн л мөнгө, эрх мэдлийн ялгаатай фракцуудынх нь цуглуулга бөгөөд аль хүч дийлсэн фракц нь тэргүүлсэн засгийнх нь авсан авлигын эцсийн төлбөрийг Монголын иргэд төлж ирсэн юм.

Энэ удаа ч гэсэн МАН нь эдийн засгийн хямралаас гарах гарцыг авлигын хохирлыг авсан этгээдүүдээс гаргуулахын оронд, ард иргэдийн “дэлэнг шувтарч” татвараа нэмэх зам гэж үзэж байна.

ТАТВАР НЭМСНЭЭР ХЯМРАЛЫГ ХУРЦАЛНА

Хувингийн хамгийн том цоорхой болсон авлигыг арилгаж, савны ёроолыг битүүлэхийн оронд цоорхой хувинг дүүргэхээр нэмж татвар авах нь эдийн засгийг хямралын шавраас гаргах нь байтугай улам бүр ухраан ухаж, суулгаж байгаа нь богино настай засгийн башир түшмэдэд ямар ч асуудал биш ажээ.Уг нь бол эдийн засгийн хямралын үеэр татварыг хэвээр байлгах, харин ч ажлын байр нэмэгдүүлсэн компанийг ашгийн татвараас хөнгөлөх зэрэг арга хэмжээ авдаг.

Гэтэл МАН-ын Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмж байгаа нь цалингийн 26 хувийг төр засаг хураан авах гэж байна. Энэ бол Азидаа хамгийн өндөрт ордог Монголын эрүүл мэнд, нийгмийн халамжийн шимтгэлийг улам бүр өсгөж буй хэрэг бөгөөд энэ нь олон ажилтантай компаниудыг юуны түрүүнд боловсон хүчнээ цөөлөхөд хүргэх юм. Гэтэл Монгол Улсад ажилгүйдлийн түвшин ажиллах хүчний 17 хувьд аль хэдийн хүрчихсэнийг улам нэмэгдүүлэх болно. Энэ тоо 20 хувьд хүрэхэд нийгэмд гэмт хэрэг өсөж, улмаар тогтворгүй байдал үүсдэг болохыг судлаачид тогтоожээ. Нөгөө талаас нь харахад, монголчууд эдүгээ цалингийнхаа 21 хувиар нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлдөг боловч ямархуу тааруу чанартай үйлчилгээ авч, ямар өчүүхэн хэсгийг нь тэр даатгалын сангаас төлүүлж байгаа билээ.

Мөн хүн амын орлогын татварыг 25 хувь болгож байгаа нь баячууд биш, мэдлэг чадвартай боловсон хүчин, цалингаараа амьдардаг чадварлаг дундаж ангийг устгаж байгаа хэрэг юм. Мөн сарын мянга орчим доллароос дээш орлоготой бүх хүний цалинг бууруулснаар нийгмийн даатгалын хураамжийн суурийг олон дахин хумих болно. Монгол бол амьжиргааны өртгөөрөө төстэй эдийн засагтай харьцуулахад маш өндөр орон бөгөөд гадаадын мэргэжлийн боловсон хүчнийг Монголоос хөөн явуулж, улмаар гадаадын хөрөнгө оруулалтын хаалгыг хамхиж буй алхам юм. Шаталсан татвартай Азийн орнуудын хүн амын орлогын 25 хувийн татвар нь Японд бол жилийн 160 сая төгрөг, Малайзад 220 сая, Сингапурт 500 сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүст хамаатай ажээ.

Өнөөгийн хямралын томоохон нэг шалтгаан нь төсвийн бодлого бөгөөд гадаадаас маш их зээл аваад түүнийгээ зохистой, зөв, өгөөжтэй ашиглаж чадаагүй учраас зээлийн хүүгийн өрөнд баригдсанаас үүдэлтэй. Зээлийн хүүгээ төлөх гэж дотоодын зах зээл дээрээс өндөр хүүтэй өр тавьснаар төгрөгийн ханшаа унагасан учир төлбөрийн тэнцлийг алдагдуулсан юм.

Төрийн эрхийг ээлж дараалан барьж буй улс төрийн намууд эдийн засаг нь дааж дийлэхгүй популист амлалт гаргаж, түүнийг биелүүлэх нэрээр Монголын засгийн газрыг өрийн хямралд амжилттай оруулав. Гадаадад гаргасан бондын хуваарилалтыг хийхдээ өөрсдийн ашгийг мартаагүй бөгөөд энэ тухай МАН ярихыг хүсэхгүй байгаа нь тэдний нь олон компани бондын хүүгийн төлбөрөө төлөхгүй байгаатай холбоотой.

Төсвийн алдагдлыг бий болгосон, зээлийн хөрөнгийг зувшуулж завшсан түшмэдүүдтэй хариуцлага тооцон, хөрөнгийг нь хураан авахын оронд авлигатай орчинд арай гэж тогтож буй компаниудаа татварын зангуугаар живүүлэх гэж байгаа нь үнэхээр хулхи үйлдэл мөн болно.

Ууж идэхэд адилхан оролцоод, төлбөрийг нь хийхэд алга болдог хүнийг бид хулхи хүн гэдэг. Төр засгийн түшмэд нь өөрсдөө ууж идэж, найрлачихаад төлбөрийг нь харин тэр найранд ямар ч хамаагүй түмэн олон иргэдээрээ төлүүлж байгаа төр засагтай улсыг бол Хулхистан гэж нэрлэхэд болохгүй гэж үү.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив