Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шинэ засаг, хуучин хямрал, зарчмын шийдэл
2016 оны 7 сарын 27 [Уншсан тоо: 45514]

Наадмын налайсан урт амралт, АСЕМ хоёрыг үдмэгц МАН-ынхны үнэмлэхүй зонхилсон УИХ Засгийн газраа түргэн бүрдүүлэх гэж өдөр шөнөгүй хуралдсан ч сонгуулиас хойш нэг сарын ойн дээрээ дөрвөн сайдынх нь томилгоо дутуу хэвээр байна.

Дэмжигдсэн сайд нарын нэрийн жагсаалтаас дөрвөн хүнийг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-ынхан дүгнэсэн тул намын Удирдах зөвлөл орных нь хүмүүсийг сонгох гэж дотроо үзэлцсээр байгаа бололтой. Шинэ Засгийн газар 15 сайд, 11 яамтай байхаас одоогоор 11 сайд батлагдсаны долоо нь “давхар дээл”-тэй буюу Их хурлын гишүүд аж.

Засгийн газрын бүрэлдэхүүний дийлэнх нь давхар дээлгүй, мэргэжлийнх байлгах амлалтаасаа буцлаа гэж нийгэм даяар шуугиж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шинэ Засгийн газрыг мэргэжлийн гэж хэлэхгүй. Дан дээл, хариуцлагын тухай ярилтгүй. Мөнгө, эрх хоёр нь амлалт, зарчим хоёрыг дийлжээ. Нүд, чих нь ингэж хурдан бөглөрөх гэж” хүртэл “жиргэв”.

Угтаа мэргэжлийн Засгийн газар гэж юу хэлээд байгаа, намд нь хамгийн их хандив өгсөн хөрөнгөтөнд сайдын суудал өгөх гэж байна, намынхаа төлөө их зүтгэсэн хүнийг шагнаж сайд болгох ёстой юу гэх мэт олон асуулт, маргаан мэдээллийн хэрэгслүүдээр ид “буцалж” буй.

Монголчууд маань Засгийн газраа л “зөв” сайдуудаар бүрдүүлчихвэл эдийн засаг аяндаа сэргэнэ, хүн бүр ажилтай болж, амьдрал жигдрээд явчихна гэж хүлээх болжээ. Гэтэл сайдаар “амьд бурхан” тавьсан ч засаг эдийн засагт ямар үүрэгтэй оролцох зарчмаас л бүх зүйл хамаарах тул асуудлын гол нь хэн сайд болохоосоо илүү яаж ажиллах вэ гэдэгт л байгаа юм. Ерөнхий сайд нь өөрөө мэдэж танхимаа бүрдүүлэхийн оронд сайд нэг бүрийг Их хурал нь de­facto томилж буй нь “гүйцэтгэх захирал”-ын эрх мэдлийг сулруулж, тэргүүнтэй нь эцсийн хариуцлага тооцох боломжийг алдагдуулж байгаа хэрэг мөн.

Ер нь төр засгийн үүргийн тухай Монголын нийгэм дэх ойлголт асар их зөрүүтэй байгаа нь улам бүр илэрч байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ҮҮРЭГ


Төр засаг нь нийгмийн болон бүх хүний асуудлыг шийддэг хэрэгсэл гэсэн ойлголт бол социалист нийгэмд үүссэн, үл гүйцэлдэх, эцэстээ дампуурсан туршилтаас тунаж үлдсэн зүйл. Энэ ойлголт нь буруу, хэрэгжүүлэх гэж оролдоод бүтээгүй учир 20-иод жилийн өмнө монголчууд ардчилал, хүний эрхийг дээдэлсэн зах зээлийн нийгэм байгуулах чиглэлийг сонгож авсан билээ.

Гэсэн ч тэр шинэ нийгмийнхээ мөн чанарыг бүрэн ойлгож, бага багаар тууштай хэрэгжүүлэн, хөгжүүлэхийн оронд монголчууд төр засгийг дэндүү их “тахин шүтсэн” хэвээр байгаа бөгөөд төрийг ажил олгодог, халамжилдаг, хүн бүрийг хайрладаг машин гэж ойлгуулж ирсэн улстөрчдөд хууртагдан, хөтлөгдсөөр эцэст нь Монгол Улсын эдийн засаг үргэлж хямардаг болчихов.

Өнөөгийн хямрал бол Монгол Улсын төр засгаас сүүлийн 15 жилийн турш хэрэгжүүлсэн төрийн зохицуулалтын бодлогын үр дагавар юм. Энэ олон жилийн турш эдийн засагт төр хэт их оролцсон, нийтийн хөрөнгийг завшиж, зувшуулсны зардлыг төлөхийн тулд авсан асар их зээлийн өрөндөө бид уначихаад байна. Өдгөө манай улсын хувийн хэвшлийн болон төр засгийн өр нийлээд эдийн засгаасаа (ДНБ нь 10 тэрбум доллар орчим) хоёр дахин илүү (22 тэрбум доллар) болжээ. Гадаад, дотоодын том зээлийн өр, хүүгийн төлбөрт баригдсан төсвийн алдагдал улам нэмэгдсээр байна. Сүүлийн дөрвөн жилд улсын төсвийн алдагдал жил бүр нэг их наяд төгрөгт хүрч байснаа энэ оны эхний хагаст 1.1 их наяд болчихоод буй.

Эдийн засгийг хөгжүүлдэг, сэргээдэг хүчин зүйл бол төр засаг биш, хувийн хэвшил, юм. Иргэдийн амьдралыг дээшлүүлэгч хүчин зүйл нь ч бас төр засаг биш, иргэд, хувь хүн өөрсдөө байдаг. Төр засаг нь ажил олгогч биш бөгөөд түүний үүрэг нь хувийн хэвшлийнхнийг ажил олгохыг хүсэх, эрмэлзэх, өрсөлдөх боломжоор хангах учиртай.

Төрийн өмчит компани бүр алдагдалтай, түүнийг нь төсвөөс нөхдөг, эсвэл хөнгөлөлттэй зээл олгодог болоод удаж байна. Энэ бол хувийн хэвшлийн хийх зүйлийг төр булаан авч, нийгэмд нэн шаардлагатай олон асуудлыг шийдэхэд зарцуулж болох хөрөнгөөр ашиггүй компанийг угжиж буй хэрэг. Төрийн мэдлийн компаниудын бүтцийг өөрчилж, бүх салбарт монополийг арилган, зах зээлийн дүрэм баримтлах шаардлагатай байна.

Монголын эдийн засгийг тасралтгүй хямруулж байгаа хамгийн буруу үйлдэл бол сүүлийн 20-иод жил төр засгаас явуулсан өргөн хэрэглээний барааны үнэ тогтоож, хянаж, хязгаарлаж буй явдал юм. Ялангуяа өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, түлш, шатахууны үнийг өөрчлөхгүй байх гэрээ нь зах зээлийн өөрийнх нь зохицуулалтыг төрийн түшмэд орлохыг хичээж буй оролдлого гэж болно.

Хүнд суртлын аргаар зах зээлийн тэнцлийг бариулахыг оролдох нь хэзээ ч бүтэж байгаагүй. Учир нь зах зээлийн тэнцлийг зөвхөн үнэ, ашиг, зардлын систем л хамгийн өгөөжтэйгөөр зохицуулдаг. Зөвхөн тийм эдийн засагт хямрал хамгийн бага нүүрлэдэг.

Өдгөө Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийхгүй бол, үнэ тогтоох боломжийг зах зээлд олгохгүй бол, нийтийн засаглалыг бүрэн ил тод болгохгүй бол хямралаас хэзээ ч гарахгүй.

ХҮЧТЭЙ ТӨР ГЭЖ ЮУ ВЭ

Монголын төр засаг зах зээлийн механизмыг бүрэн утгаар нь ажиллуулж байсангүй. Мэдэхгүй, ойлгоогүйгээс гадна тодорхой сонирхлын бүлэглэлийн эрх ашгийг төр хамгаалан бөөцийлж ирснээс хөгжлийн үр шим айл бүрт мэдрэгдэхээр буусангүй. Эдийн засгийн хямралыг үгүй хийх, шударга ёсыг тогтоох хүчтэй төр буюу хэн нэгний “зангидсан гар”-ыг үгүйлэх боллоо.

Ардчилсан улс орны төр (state) гэдэг нь монголчуудын түүхэн ойлголтоос шал өөр байгуулал. Уг нь социализмд байсан төрийн алба гэсэн ойлголтыг нийтийн албаар (public service) сольчихсон юм. Гэтэл төр засаг бол дээр байдаг машин биш, өөрсдийнх нь байгуулсан, тэдний төлөө ажиллах ёстой, үйл ажиллагааг нь бас хянах ёстой машин гэдгийг иргэд тун удаан ухаарч байна.

Хүчтэй төр гэдэг нь бидний сонгосон төлөөлөгчид тодорхой хууль журам баталж, бас чанд сахиулж чаддаг байхыг л хэлж буй юм. Гэтэл бидний сонгосон этгээдүүд та, бидний төлөө биш, хувийнхаа эрх ашгийн төлөө зүтгэж, сонгуулиас сонгуулийн хооронд өөрсдөө баяжиж байгаа учир Монголын эдийн засаг дахь хямрал үргэлжилж байна.

Төрийн эрх мэдэл, албан тушаалыг ардчилсан сонгуулиар авах эрхтэй, цорын ганц байгуулал бол улс төрийн намууд мөн. Тэдний хаанаас яаж санхүүжээд байгаа, хэн нь ямар аргаар удирдаад, ямархуу суудал, нөлөөгөө наймаалцаад буйг ил тод болгохгүйгээр Монгол орон хөгжихгүй. Намууд нэртэй “хар хайрцаг” дотор төрийн албыг хандив нэрээр худалдаж буй тохиолдолд төр засаг зах зээлийн зохицуулалтыг явуулж чадахгүй.

Зах зээлийн зохицуулалтгүйгээр эдийн засаг сэргэхгүй, иргэдийн амьдрал дээшлэх боломжгүй аж. Төр засаг зах зээлийг зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар удирдан, нийтийн хөрөнгийг завших, зувшуулах арга сүвийг үргэлж хайдаг. Албан тушаалыг аль нэг намдаа зүтгэсний шагнал гэж ойлгох болсон нь бидний сэтгэлгээ, үйлдэл ямар их хоцрогдсоныг харуулж байна.

Тийм ч учраас улс төрийн намууд, цаашлаад нийтийн засаглалын бүх байгууллын үйл ажиллагаа ил тод, хөрөнгө мөнгөний урсгал нь “шилэн” байх ёстой юм. Төрийн дархлаа гэдэг нь ил тод, шударга засаглалыг хэлдэг.

Шинэ Засгийн газар зах зээлийг өөрийнх нь зохицуулалтаар явуулж, эдийн засагт бага оролцож, үнэ чөлөөлөх зэрэг зарчмын шийдвэрийг анхнаасаа гаргахгүйгээр улс орныг эдийн засгийн хямралаас түргэн ангижруулах боломжгүй.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив