Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ухаарлын сонгууль-2016
2016 оны 6 сарын 29 [Уншсан тоо: 84553]

Сайн хүн сонгуульд оролцохгүй бол муу хүн ялдаг учиртай. Сонгогч та өөрөө амьдралаа сонгохгүй бол таны өмнөөс өөр хүн сонгодог.

Өнөөдөр УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болно. Их хурлын 76 суудалд нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж буйгаас 69 нь бие даагч. Сонгуульд оролцож буй улс төрийн 15 нам, эвслээс зөвхөн Ардчилсан нам (АН, Монгол ардын нам (МАН)-аас нэг мандат бүхий 76 тойрогт бүгдэд нь өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн дөрөвний нэг нь эмэгтэйчүүд, тавны нэг нь компанийн захирлууд бол зургаан бөх, дөрвөн дуучин, хоёр яруу найрагч, тус бүр нэг харваач, жүжигчин, хөтлөгч, зураач буй аж. Гурван сая монголчуудын 1.8 сая нь сонгуулийн насных бөгөөд хамгийн багадаа тал нь саналаа өгвөл хүчинтэйд тооцно. 2012 онд сонгуулийн идэвх 65 хувьтай байсныг дурдах нь зүйтэй.

2016 оны сонгуулийн онцлог юу вэ? Их хурлын нэг суудалд зургаан хүн өрсөлдөж байгаа нь өмнөх сонгуулийн долоогоос онц буураагүй үзүүлэлт аж. Харин бие даагчийн тоо 26-гаас 69 буюу 2.6 дахин өссөн нь Монголын нийгэм маш ихээр улстөржсөнийг харуулж байна. Гол шалтгаан нь төр засгийн эрхийг ээлжлэн, эсвэл хамтран барьж ирсэн МАН ба АН хоёул улс төрийн байгууллын хувьд өсөж бэхжиж чадахгүй, чадваргүй, нэр хүнд нь улам бүр унасаар буйтай холбоотой. Эдгээр намыг нийгэм, улс төрийг холбосон гүүр, нийгмийг манлайлагч хүч болохыг хүлээж залхсан монголчууд эдүгээ төр засгаа түшүүлэх цоо шинэ удирдагчдаа идэвхтэй хайж эхэлснийг мөн харуулж байна.

ШИНЭ МОНГОЛ ШИНЭ ТҮШЭЭДЭЭ ХАЙЖ БАЙНА


Өнөөгийн Монголын нийгэм, эдийн засагт хуримтлагдсан олон асуудлыг хоосон амлахаас цаашгүй, авлигад идэгдсэн эрх баригчид шийдэж чадахгүй болсныг ард түмэн өмнөх олон сонголтоороо ойлгож, эдүгээ гүн гүнзгий ухамсарлаж эхэлсэн учир улс төрийн цоо шинэ хүч эрэн хайх боллоо.

Өнөөдрийн бие даагч нар бол нийгмийн хэрэгцээ, шаардлагыг ойлгосон, ард иргэдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд авлига, хуурамч ардчиллын эсрэг, ил тод, шударга засаглалын төлөөх ариун тэмцлийн салхийг хагалж яваа цахлай шувууд юм.

Тэнгис далайн хүчит салхийг хагалан сөрж буй энэхүү салхич шувуудын дунд ирээдүйн олон манлайлагч байгаа гэдэгт би итгэж байна. Тэд нийгмээсээ нэг алхам түрүүлж, нийтийн үзэл бодол, үйл ажиллагаанд нөлөөлөн, нийгэмд бугшсан нэжгээд асуудлыг шийдэх гаргалгаагаа хүн бүрт хүргэхийг хичээж буй нь харагдав. Бие даагч 70 орчим иргэн хөрөнгө мөнгө, хөдөлмөр цагаа зарцуулж, нийгэмд тус тусын бамбараа асаалаа.

Энэ сонгуулиар олон бие даагч гарах магадлалтай бөгөөд хэрэв наймаас дээш хүн Их хуралд сонгогдож чадвал өөрсдийн бүлэг үүсгэж, төр засгийг жинхэнэ ёсоор хянах буюу ардчилсан Монгол Улсад сүүлийн 25 жилд хийж чадаагүй, сөрөг хүчний нэн чухал үүргийг гүйцэтгэнэ гэж найдаж сууна.

Бие даагчид ялсан ч, ялаагүй ч маргааш гэхэд Монгол Улсын хамгийн идэвхтэй иргэдийн нэг, өөрийгөө ялсан баатар, үр хүүхэд, анд нөхдийнхөө бахархал болсон цоо шинэ хувь хүн байх юм. Монголчууд бид бие даан нэр дэвшигчдэдээ талархаж байна.

АВЛИГАД БАРИГДАЖ, ХӨШСӨН НАМУУД


Бид эдүгээ хүчтэй удирдагч хэрэгтэй гэж яриад буйн цаана улс орныг хуулийн засаглал удирдаж, хууль журам нь бүх хүнд ижил тэгш, шударга үйлчилдэг (inclusive) байхыг л үгүйлж байгаа хэрэг. Монгол шиг улс төрийн системтэй, хүн бүр бие даан “тоглодог” нийгэмд энэ үүргийг хувь хүн биш, бүх нийтэд ижил тэгш үйлчилдэг улс төр, эдийн засгийн байгууллууд (институц) хийх учиртай. Тэгээд ч улс төр, эдийн засгийн байгууллууд нь цөөнхийн бүлэгт үйлчлээд (extractive) байхаар улс үндэстэн дампуурдаг тухай дэлхийн ухаантнууд бичээд байгаа шүү дээ.

Монгол Улсыг улс төрийн аль нэг нам биш, түүний доторх фракцууд удирдсаар олон сонгуулийг үдлээ. Хувийн ашиг сонирхол, хэтэвчээрээ нэгдсэн этгээдүүд гоё сайхан үг хэлж, төр засгаа унаган, нийтийн хөрөнгийг шууд ба шууд бусаар завшиж ирэв. Тэд намынхаа сонгуулийн санхүүжилтэд дуудлага худалдаа шиг өрсөлдөн оролцож, нийтийн хөрөнгө, газар, албан тушаал, тендер луйвардах боллоо.

Одоо байгаа бүх хөрөнгөнөөс гадна ирээдүйд хэрэгтэйгээ зээлээр завших болсон нь анхаарал татаж байна. Төрийнх нэртэй ч намын өмч болсон компаниудаа хэзээ хувьцаат хэлбэрт оруулж нийтийн хяналтад байлга юм бэ?

Намын санхүүжилтээ нууцлан хаацайлж, нийтийн хөрөнгийг завших бололцоог хангаж байгаа учраас улам бүр ухаарал сууж буй Монголын нийгэм өнөөдөр улс төрийн том намуудад итгэл алдарч байна. Хоосон ярьж, “давхар дээл”-ээ хамгаалсаар 16 жил өнгөрлөө. Тийм ч учраас тэдний дунд ард нийтээр ахайлан хүндэтгэдэг, ам, ажил хоёр нь нэгдмэл, олон түмэн уухайлан дагахуйц манлайлагчид алга.

Монголын төр засгийг байгууллын хувьд бэхжүүлэхийн оронд тэд бүтэц, бүрэлдэхүүнийг нь өөрсдөдөө ашигтайгаар үргэлж өөрчилдөг болсноор төрийн боловсон хүчнийг орвонгоор нь эргүүлж байна. Тэд яг хэн болох нь энэ сонгуулийн явцад гарч ирсэн олон арван нууц бичлэг, тагнуул туршилт, гүтгэлэг, доромжлол, анд нөхдөө инээж суугаад хуурч, худалдаж буйгаас тод харагдана.

Албан тушаалтай томчуудыг нууцаар тагнаж чадаж байгаа юм бол ард биднийгээ яаж ч мэдэх аж. Үнэхээр болохгүй зүйлийг аль аль тал нь хийж байсныг мэдэж, дүрс, дууг нь бичиж байсан юм бол тухайн цагт нь, түргэн шуурхай шийдэхгүй яасан юм бэ? Ил тод болгох нь зөвхөн өөрсдөд нь ашигтай, сонгуульд ялахад нь дөхөмтэй байгаа бол тэд хэний төлөө ажиллаж ирсэн юм бэ? Яагаад төрийн түшмэд тийм бэртэгчин болчихов оо.

Энэ сонгуулиар монголчууд ажилтай л болохыг горьдож байна. Ажилтай хүн цалинтай, хоолтой, мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Ажлын байрыг төр засаг биш, хувийн хэвшил бий болгодгийг нийгэм ойлгосон. Тэгвэл яагаад хувийн хэвшлээ элдэв татвараар дарамталж, тооцоогүй тавьсан тоймгүй их өрийнхөө төлбөрт мөлжөөд байгаа юм бэ? Чөлөөт өрсөлдөөнийг дэмжихийн оронд өөрсөдтэйгөө холбоотой тодорхой хэсэгт нь хөнгөлөлттэй зээл, хялбар орлого яагаад өгөөд байгаа юм бол.

Тавь дөнгөж гарсан, хамгийн туршлагатай иргэдээ тэтгэвэрт гаргаад мартчихаж байгаа нь ямар учиртай юм бэ? Яагаад оршин суугаа хороонд нь интернэтийн сургалтын төв байгуулж, тэднийг дахин сургалтад хамруулж болохгүй гэж? Бэлнээр тараагаад буй тэр их мөнгөний өчүүхэн хэсгээр ахмадын сургалтын хэдэн зуун төв байгуулна шүү дээ. Ахмадуудаа ажиллуулж чадвал хөдөлмөрийн нөөцийн ашиглалтад нааштай өөрчлөлт гарна биз дээ.

Залуучуудыг дэлхийн зах зээлд өрсөлдөхийг дэмжсэн тусгай боловсрол, сургалт яагаад явуулахгүй байгаа юм бэ? Ганцхан сая хүний хөдөлмөрийн нөөцтэй атлаа ажиллах хүч манайхаас аваач гээд гадаадаас гуйгаад байх уу, сайд нар аа? Хэчнээн их нийгмийн асуудал гараад буйг яагаад үл ойшоосоор байна вэ?

Өнөөдөр монголчууд бидэнд маргаашдаа, өөртөө итгэх хэрэгцээ тулгараад байна. Нийгэмд энэ итгэл үнэмшлийг баталгаажуулсан төр, засгийн үйл ажиллагаа шаардлагатай. Маргаашийн баталгаа бол тогтвортой, найдвартай, авлигагүй төр засаг, итгэж үнэмшин, хайрлаж хүндлэхүйц удирдагчид шүү дээ.

Ийм онцлог, ийм хүлээлттэйгээр монголчууд өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуульдаа оролцож байна. Энэхүү “ухаарлын сонгууль”-даа хүн бүр оролцох учиртай. Сайн хүн сонгуульд оролцохгүй бол муухан нь ялдаг учиртай. Сонгогч та амьдралаа өөрөө сонгохгүй бол таны өмнөөс өөр хүн сонгох юм аа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn