Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сонгуулийг “зайсандахаа” зогсоо
2016 оны 6 сарын 15 [Уншсан тоо: 39851]


Төр засгийн суудалд нэг л очсон бол эрх мэдэл, албан тушаалаа авч үлдэхийн төлөө улстөрчид юу ч хийхээс ичихээ больжээ. Сонгуулийн үеэр мөнгө тараахыг хориглосон хууль гаргасан атлаа өөрсдөдөө ашигтайгаар түүнийгээ зөрчиж, ямар нэг заль зохион, тэр хуульд ямар ч хамаагүй болгож ярьдаг аргыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч давтав. Энэ үзэгдэл зөвхөн Монголд л хэвийн юм шиг явж болоод байгаа учир тодорхой нэг хэргээр нь “зайсандах” гэж нэрлэж болох ажээ. Төрийн эрх мэдлийг тухайн үед барьж байсан МАН-ын удирдлагууд Зайсангийн амыг, дараа нь Яармагийн дэнжийг, улмаар 2012 оны сонгуулийг өөрс­дөдөө ашигтайгаар “ з а й сандсан”-ыг иргэд бид сайн мэднэ. Ардчилсан нам төр барихдаа энэхүү бусармаг үйлдлийг таслан зогсоохын оронд МАН-ын “амташсан” саналыг шүүрч аван, 2016 оны сонгуулийн өмнө бэлэн мөнгө олгох бэсрэг арга болгон, баяр хөөр дүүрэн хэрэгжүүлж байна.

2012 ОНЫ СОНГУУЛЬ

МАН чирч, АН дагасан эвслийн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр ард иргэддээ эзэмшүүлэх болсныг Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар нийтэд зарлаж байв. Монголчууд 1990 оноос хойш малаа, орон сууцаа, ажлын байраа өмч хувьчлалаар авсан бол одоо байгалийн баялгийнхаа эзэн болж, ашигт малтмалын орд газруудаас хувьцаа эзэмших эхлэл тавигдаж байна гэж тэд баяр баясгалантайгаар мэдээлэв. Гэтэл энэ хувьцаа тараах цаад шалтгаан нь шударга ёстой ямар ч хамаагүй байлаа. Учир нь 2008 оны сонгуулиар АН нь иргэн бүрт нэг сая төгрөг, МАН нь 1000 доллар өгнө гэж уралдан амлаж сонгогдсоноос энэ хувьцааны түүх үүдэлтэй. Дараагийн сонгууль дөхөөд байдаг, тийм их мөнгө хаанаас олохоо мэдэхгүй явсан эвслийнхэн энэ аргыг анх сэджээ.

Монголын 2.7 сая хүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1.5 тэрбум хувьцаа буюу нэг хүнд 536 ширхэг хувьцаа өгөх болов. УИХ тус компанийн хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжих шийдвэр өмнө нь гаргаад байлаа. Гэтэл тэр сургаар аж ахуйн нэгжүүдийн тоо олон дахин өсөж, цаасан дээрх компаниуд зарагдан, нэг иргэн 32 компани бүртгүүлж байсан гэдэг. Төр засаг аж ахуйн нэгжүүдээ хэнд нь, яаж өгөх учраа олохгүй байсаар эцэстээ 20 хувийг нь зөвхөн иргэддээ буюу нэг хүнд 1072 хувьцаа өгөх болжээ.

Хаширсан хоёр нам сонгуулийн үеэр мөнгө гардуулахгүй тухай хууль гаргасан боловч 2012 оны сонгуулийн өмнөхөн тэр хуулиа “зайсандах” аргаа ийнхүү олсон юм. 2012 оны тавдугаар сарын 1-нд буюу сонгуулийн өмнөхөн Засгийн газрын шийдвэр гарч, зарим хүнээс хувьцаагаа худалдан авлаа. Оюутнууд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт нийтдээ давхардсан тоогоор нэг сая 216 мянган иргэнд 464.8 тэрбум төгрөг олгож хувьцааг нь төр авав. Дийлэнх иргэд нь өдрийн хоолоо залгуулж ядаж байгаа буурай хөгжилтэй оронд сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө саналыг бэлэн мөнгөөр худалдан авах нь сонгуульд ялах шилмэл арга аж. 2012 онд УИХ-д АН 31, МАН нь 25 суудал тус тус авч, АН жижиг намуудтай хамтран эвслийн Засгийн газар байгуулав.

2016 ОНЫ СОНГУУЛЬ

Зургадугаар сарын 9-нд буюу сонгууль эхлэхээс 20 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэхээ мэдэгдэв. Өмнө нь хувьцаагаа зарсан иргэдийг хасаад, 18 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулалгүйгээр тооцвол нэг сая 650 мянган иргэний хувьцаа “мөнгөжөөгүй” байна. Засгийн газар эхний ээлжинд 1072 ширхэг хувьцааны 322 ширхэг хувьцаа буюу 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авна гэв. Энэ удаа Засгийн газар 400 тэрбум төгрөгийн бонд гаргаж, арилжааны банкуудад борлуулахаар Монголбанктай тохирчээ. Өөрөөр хэлбэл, өр тавиад хувьцаагаа эргүүлэн худалдан авч буй хэрэг.

Өнгөрсөн даваа гаригаас хувьцааг худалдан авах ажил эхэлж, өглөөнөөс хойш арилжааны банкуудын бүх салбар хүнээр дүүрч, дараалал нь гудамжинд үргэлжилж байлаа. Орой нь банкууд хаах үед нийт 185 мянган хүн тусгай маягтаар ө р г ө д л ө ө гарган, хувьцаагаа зарахаар бүртгүүлжээ. Тэдэнд долоо хоногийн дотор мөнгө өгнө гэж Засгийн газар амласан юм. АН-ын идэвхтэнүүд хөдөөгийн иргэдээр маягтыг нь бөглүүлэхийн тулд олноор нь банкин дээр машинаар хүргэн өгч буйг нийгмийн сүлжээгээр шуугьж эхэллээ.

Ерөнхий сайд маань “Хувьцааг мөнгөжүүлж буй асуудлыг сонгуультай холбох хэрэггүй, бэлэн мөнгө тарааж буй асуудал биш. Хувьцааг нь худалдаж авч байгаа. Өөрөөр хэлбэл төлбөр хийж байгаа асуудал юм. Түүнчлэн бүх асуудал хуулийн хүрээнд болно. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед Засгийн газар 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлсэн, эдийн засагт тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт авчрах болно” гэж “зайсандав”. Үнэхээр тийм юм бол сонгуулийн маргаашнаас тараахгүй яасан юм бэ? Үүнийг бэлэн мөнгө тараах гэхгүй юм бол өөр юуг бэлэн мөнгө тараах гэх юм бэ?

БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТ БА ХУВЬЦАА


Байгалийн баялгийг хэн нэгэн хүн бүтээгээгүй, байгаль өөрөө бүтээсэн учраас монгол хүн бүр баялгаасаа, түүний дотор Тавантолгойн ордын баялгаас шударгаар хүртэх ёстой. Үйл ажиллагааны зардал, гүйцэтгэсэн хуулийн этгээдүүдэд ногдох тодорхой ашгийг нь хасаад үлдсэнийг нь бүх хүнд аль болох тэгш хүртээмжтэй шударга хуваарилалт гэнэ. Гэхдээ байгалийн баялгийг шударга хуваарилах нэрээр төр засаг сонгуулийн тоглолт хийж байгаа нь шударга үйл биш. “Эрдэнэс Тавантолгой”-н “хувьцааг” худалдаж авах ажил яг л УИХ-ын сонгуулийн үеэр, яг санал өгөхөөс хэдхэн хоногийн өмнө болдог уламжлал тогтож байна.

Тус компани нь төрийн өмчийнх бөгөөд түүний хувьцааны бодит үнэлгээг зөвхөн Хөрөнгийн биржээр арилжсаны дараа, чөлөөтэй борлогдож буй хувьцааны үнээр тогтоодог. Хувьцаагаа анх удаа гаргахад (IPO буюу intial public offerng) зарласан үнээс тэр үнэлгээ нь их ч, эсвэл бага ч байж болдог. Компанийн хувьцааны үнэлгээнд тухайн компанийн эзэмшлийн орд газрын нөөц, эрдсийн зах зээлийн үнэ, байршил, зах зээлд гарах дэд бүтэц ямар байгаа, дотоод, гадаадын өр зээлтэй эсэх, удирдлага нь хэн болох, төр засгаас нь аль зэрэг шахалт дарамт ирдэг гээд олон хүчин зүйл бас нөлөөлдөг.

Хувьцааг хөрөнгө босгох гэж гаргадаг болохоос Монголын Засгийн газар шиг хөрөнгө хувааж, тараах, сонгуулийн санал худалдан авах гэж гаргадаггүй. Өр, өглөгөө ялгахгүй улстөрчид өөрсдийн эрх ашгаа баталгаажуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг өөрсдөө үнэлэн гаргаж, сонгуульд ялахын тулд ард түмнээрээ тохуурхах боллоо.

Аль нэг компанийн хувьцааг тухайн орд газрын үйл ажиллагаанаас олсон ашгаас эргүүлэн худалдан авдаг ёстой. Гэтэл Монголын Засгийн газар энэ байхгүй хувьцааг, байхгүй мөнгөөр буюу зээл тавьж худалдан авч байна. Таны түрийвчийг аваад хүмүүст мөнгийг чинь тарааж буйд та яаж хандах вэ. Танаас асуухгүйгээр таны өмнөөс зээл аваад байгааг юу гэж харж байна вэ. Зээл төлөх цаг болохоор зээл авсан эдгээр эрхмийг хаанаас олох юм бэ.

Улстөрчид өөрсдөө л сонгогдохгүй бол иргэдийн ирээдүйн өр үнэндээ ямар ч хамаагүй бөгөөд тэдэнтэй эргээд хариуцлага тооцох боломжгүй.

МАНАН “зайсандахаа” болиоч ээ. Сонгуулийг луйвардахаасаа ичээч ээ. Монгол Улсад эдүгээ цоо шинэ улс төрийн хүчин шаардлагатай болжээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn