Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Левесоны магадлагаа ба Монгол
2016 оны 5 сарын 4 [Уншсан тоо: 30674]



“Хэвлэл нь эрх чөлөөтэй, тэгээд хүн бүр уншиж байгаа бол нийгэм аюулгүй гэсэн үг”

АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жеферсон, 1800 он
                                                                                                                   

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл (media) бол хүчтэй зэвсэг. Хэвлэл мэдээлэл (press) нь нийтийн эрх ашгийг хамгаалагч, үйл явдлын гэрч, өмнөөс нь ярих хүнгүй хүмүүсийн дуу хоолой болдог учраас нийгэмд хууль зүй, шударга ёсыг сахиулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Нийтийн сонирхлын төлөө, айдасгүй, тал засалгүй, шударга ажиллаж буй хэвлэл мэдээлэл бол ардчиллыг нүдлэн хамгаалагч нь юм.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг нь сэтгүүлчийн юу хүссэнээ бичих эрх чөлөөнөөс гадна уншигчийн санаа зовоож буй асуудлаараа бүрэн мэдээлэл авах эрх чөлөөг хэлнэ.

Энэ эрх чөлөөг нь уншигчдад олгохын тулд нийгэм, хувь хүний амьдралд нөлөө үзүүлж байгаа гол сэдвүүдийг хэвлэл мэдээлэл хөндөх, хэлэлцүүлэх учиртай. Эрх чөлөөг дагаад тодорхой хариуцлага үүрдэг. Хэвлэл мэдээлэл үнэнийг хүндлэх, хууль сахих, хувь хүний эрх, эрх чөлөөт байдлыг (liberties) хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ эс биелүүлбээс тэрхүү хэвлэл мэдээлэлтэй ардчилсан нийгэм эрт, орой хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээлгэдэг.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө байгаа эсэх, энэ нь өөрөө хариуцлагатай байж чадаж буй эсэхийг ардчилсан орны төр засаг, ард иргэд, иргэний нийгэм тасралтгүй шалгаж, магадалж байж л тухайн улс, нийгэм хөгжинө.


ЛЕВЕСОНЫ МАГАДЛАГАА

Английн Саррей мужид 2002 онд сургуулиасаа тарж явсан, 13 настай охин Милли Доулер сураггүй алга болжээ. Олон хоног орон даяар хайсан ч үр дүн гарсангүй. Гар утасны мессеж хүлээн авагч хайрцаг нь дүүрсэн байснаа хэд хоногийн дараа гэнэт мессеж авч эхэлжээ. Дүүрсэн мессежээ охин нь өөрөө устгасан байж таарна, тэр амьд байх магадлалтай гэж эцэг, эх нь горьдож байлаа. Энэ хэргийн тухай Английн хэвлэлүүд өдөр бүр маш дэлгэрэнгүй мэдээлж байв. Охины цогцсыг зургаан сарын дараа олсон бөгөөд түүнийг хулгайлж, хүчирхийлсэн гэмт этгээдийг нь бүтэн зургаан жил өнгөрч, хэд хэдэн охидыг егүүтгэснийх нь дараа баривчилжээ.

2011 онд Уэльсийн ханхүү Чарльз зөвхөн утсыг нь чагнаж л олж авсан байхаас өөр замгүй нэгэн шар мэдээ гарсны дараа цагдаад хандсан байна. Цагдаагийнхан “Ньюс оф Ворлд” сонины ажилтан, хувийн мөрдөгч Г.Малкэирийн гэрт хийсэн нэгжлэгээр олон зуун алдартай, эсвэл онцгой мэдээтэй холбоотой хүмүүсийн утасны мессежийг арваад жил сонсож хийсэн 11 мянган хуудас тэмдэглэл олжээ. Тэр дотор алга болсон Милли Доулерын утасны нууц үг, мессежүүд байсан аж. Энэ сонин нь цагдаагийн ажилтанд авлига өгч, нууц мэдээлэл олж авдаг байжээ.

Хэвлэлийн магнат Р.Мурдокийн эзэмшлийн “Ньюс интернэшнл” группэд харьяалагддаг тус сонины газар дээрх замаар хүний эрхэнд халдаж, олон мянган хүний хувийн нууцыг нийтэд түрүүлж цацан, нэр хүнд, ашиг хонжоо олдог байсан аж. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн иймэрхүү шударга бус үйлдэл Английн нийгмийн дургүйцлийг ихээр төрүүлж, Ерөнхий сайд Д.Камерон 2011 онд дээрх сонины хэрэг, ер нь хэвлэл мэдээллийн соёл, зуршил болон ёс зүйн байдлын тухай магадлан шалгаж, тайлан бэлтгэхийг шүүгч, лорд Ж.Левесонд даалгасан байна. Тэр олон зуун хүнтэй уулзах хугацаанд 90 хүнийг баривчлан, олон гэмт хэрэг илрүүлжээ. (Дэлгэрэнгүй тайланг The Leveson Inquiry Report-оос харж болно.)

Левесоны тайланд хэвлэл мэдээлэл, цагдаа болон улстөрчид хэтэрхий ойрхон болсныг онцолсон байв. Байдлыг засахын тулд хэвлэл мэдээллийг зохицуулах шинэ байгууллага бий болгох хууль гаргахыг тэр санал болгожээ. “Ньюс оф Ворлд” сонин гарч эхэлснээсээ хойш 168 жилийн дараа 2011 оны долдугаар сард хаагдсан юм.

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭНИЙ, ЮУНЫ ЗЭВСЭГ ВЭ

Хэрэв Монголд Левесоных шиг магадлагаа явуулбал мэдээж хэвлэл мэдээлэл, улстөрчид, хүчний байгууллагууд хэтэрхий ойртсон төдийгүй бараг нэг эзэдтэй болчихоод байгааг түвэггүй батлаад өгнө.

Монголд улс төрийн том албан тушаалтнууд, юуны түрүүнд УИХ-ын гишүүд, сайд, дарга нар өөрсдөө хувийн телевизийн суваг, сонин, сэтгүүл, олон нийтийн мэдээллийн цахим хуудастай, хэвлэл мэдээллийн томоохон бүлгүүд нь аль нэг улстөрч, түүний намын дуу хоолой, нийгмийн үзэл бодолд хүчтэй нөлөөлдөг зэвсэг болж томорчихоод байгааг иргэд уг нь тиймэрхүү магадлагаагүйгээр мэдэж байгаа ч, хор нөлөөг нь хүн бүр бүрэн ойлгоогүй л байна.

Ийнхүү улстөрчид өөрсдийг нь хамгаалдаг, өрсөлдөгчдийг нь шүүмжилдэг хэвлэл мэдээлэлтэй болж, манайд ардчиллын үнэт зүйлс, нийгмийн шударга ёс алдагдаж байгаад хамаг учир оршино. Монголын иргэний нийгэм нь хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалд бодитой дүгнэлт хийж, хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус болгох шаардлагатай.

Өмнөх нийгмийн үед коммунист үзэл суртлын гол зэвсэг болж байсан Үндэсний радио, телевизийн хороо нь өнөөдөр ч гэсэн энэ үүргээ биелүүлсээр байгаа. Хэдий тус байгууллагыг тусгай хуулиар шинэчлэн зохион байгуулж, олон нийтийн гэсэн нэртэй болгосон ч үйл ажиллагааны үндсэн агуулга нь өөрчлөгдсөнгүй, эрх баригчдын гар хөл, тэднийг магтан дуулдаг зэвсэг хэвээр байна. Төрийн эрх авсан улс төрийн намын томоохон албан тушаалтныг МҮОНРТ-ийн даргаар, тэр дундаа мэдээний тусгай албаны даргаар томилж, намынх нь бодлогыг шүүмжлэхээс хамгаалж ирлээ.

Хэвлэл мэдээлэл улс төрийн эрх мэдэлтнүүдийн бүрэн хяналтад орсноор улстөрчидтэй холбоотой гарч буй ноцтой мэдээллүүд “хаалтын гэрээ”, төлбөртэй тохиролцоо гэх мэт замаар орж, удалгүй унтран замхарч буйгаас нийтийн эрх ашиг, эд хөрөнгийг шамшигдуулсан олон хэрэг ял шийтгэлгүй, дарагдаад өнгөрөх болов.

Улс төрийн намуудын санхүүгийн эх үүсвэр нууц учраас фракцууд нь намдаа “хандивласан” хөрөнгө болон тендер, албан тушаалаас “унагаж” буй ашгийн зөрүүнээс хамаарч, төр засгаа унаган, бүрэлдэхүүн ба бүтцийг нь тогтмол өөрчилдөг жишиг тогтов. Эвссэн гэх намуудын шийдвэр гаргагчид харилцан бие биенийхээ “хар хэрэг”-ийг хаацайлан барьцаалж, хэвлэл мэдээллийн хэрэгслээ ашиглан ямар ч хэргийг, ямар ч хэлбэрээр, яаж ч хамаагүй гуйвуулан, тайлбарлан сурталчилж иргэдийн “тархийг угаах” боллоо. Эрх баригч намын бүлэглэлүүдийн тэмцэл сонгуулийн өмнө туйлдаа хүрч, эдүгээ хүчний байгууллагуудын удирдлагыг хольж, сольж байна. Энэ байдлаас болоод Монгол Улс Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний 2016 оны тайланд өнгөрсөн оныхоос зургаан байраар ухарч 60 дугаарт жагсав.

Үүнээс дүгнэн харвал Монголын хэвлэл мэдээллийг улстөрчдөөс хараат болгох, юуны өмнө хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй этгээдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд нийтийн (төрийн) өндөр албан тушаалд сонгохгүй, томилохгүй байх шаардлага эдүгээ тулгарчээ.

Тэгж чадвал Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрөөс хараат бус болоход тодорхой дэвшил гарч, хэвлэл мэдээлэл нь нийгмийн үзэл бодлыг бодитой илэрхийлэх, нийгэм даяараа харилцан ярилцаж, үнэт зүйлсээ хэлэлцэн тунгааж, эвлэрэн нэгдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. (Энэ нийтлэлийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулав.)

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn