Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Мариалаг үндэстэн
2016 оны 2 сарын 3 [Уншсан тоо: 57834]



Монголчууд бид хоол ундаа хэрхэн тохируулах тухай жилдээ ганц удаа бүгдээрээ ярилцдаг болов. Энэ яриа маань бидний хамгийн их иддэг, Цагаан сарын баяртай давхацдаг. Хэчнээн ч ярьсан гэсэн бид хоолоо тохируулж мэдэхгүй байгаа нь нууц биш. Томчууд нь өөрсдөө ч, нялх хүүхдээ ч зөв хооллож чадахгүй байгаа учраас улам бүр таргалсаар байна.

15-64 насны монголчуудын талаас их нь илүүдэл жинтэй, тавны нэг нь таргалалттай болохыг 2013 онд НҮБ-ын судалгаагаар тогтоожээ. Түүнээс найман жилийн өмнө хүн амын гуравны нэг нь илүүдэл жин, арван хувь нь таргалалттай байсантай харьцуулахад бид ямар их хурдан мариалж буй үндэстэн болохыг үүнээс харж болно. Тав хүртэлх насны хүүхдүүдийн маань 10 хувь нь таргалалттай болсон нь Индонезийн араас Азидаа удаалж байна. Харин хүүхдүүд томчуудаас хоёр дахин хурдан таргалж байгаа нь юуг зөгнөөд байна даа.

Бид “Цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг” гэж ярилцаж байгаад л энэ өдрүүдэд маргааш болохгүй юм шиг их хэмжээгээр мах, буузаа иддэг.

БИДНИЙ ХООЛНЫ ХЭМЖЭЭ БА ЧАНАР

Монгол Улс хоол тэжээлийн дутагдлыг бууруулахад анхаарч байсан болохоос илүүдэл жин, таргалалттай тэмцэх талаар анхаараа ч үгүй, юу ч хийгээгүй явж өдий хүрэв. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд таргалалттай ихээхэн тэмцэж байгаа ч, үндэсний түвшиндээ аль ч орон түүнийг бууруулж чадаагүй аж. Харин хувь хүний түвшинд бол эрүүл хүнс хэрэглэж, биеийн хөдөлгөөн сайн хийж л таргалалтаа зогсоодгийг тогтоогоод байна. Бид их идэж байгаа ч, хамгийн шаардлагатай аминдэм, эрдсээ бүрэн авахгүй байгаа юм.

Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуй эрхэлж ирсэн хүмүүс. Хүнсний хэрэглээнд нь мах, сүү, гурил, төмс зонхилдог. Эдгээр бүтээгдэхүүнийг бид өөрсдийгөө хангахуйц үйлдвэрлэж чадаж байгаа. Гэхдээ аминдэм, эрдэс бодис ихтэй хүнсний ногоо, жимсний үйлдвэрлэлээр хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Хүнсний ногооны үйлдвэрлэл маань хэрэгцээнийхээ талыг, жимснийх нь түүнээс ч бага хувийг хангаж буй. Тийм учраас жимс, ногоо, улаан буудайнаас бусад төрлийн үр тариа, загас, далайн бүтээгдэхүүний хэрэгцээгээ өндөр үнэтэй импортын хүнсээр хангадаг. Монголчууд бидний жимс, ногооны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөж буй хоногт ногдох 400 граммаас 3-8 дахин бага байна.

Бидний дөрөвний гурав нь эслэг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй учраас аминдэм, эрдэс бодисын дутагдалтай буй аж. Бид чихэр, давс маш их идсээр байгаа. Чихрийн агууламж өндөртэй гурилан бүтээгдэхүүн, ундаа, сүүний үйлдвэрлэл эрчимтэй өсөж байна. Монгол хүн хоногт 11.1, зарим аймагт 13.5 грамм давс хэрэглэж буй нь ДЭМБ-ын зөвлөсөн таван граммаас 2-3 дахин өндөр үзүүлэлт юм. Манай түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 82, нийтийн хоолны 84 хувь нь “давс ихтэй” аж. (ЭМСЯ-наас хийсэн “Хүн амын давсны хэрэглээний судалгаа”, 2011)

Хүн амын нэг хэсгийнх нь хоол ихдэж, хөдөлгөөн нь багасан таргалж байхад тодорхой нэг хэсэг нь хоол тэжээлээр дутагдаж байна. Хоол тэжээлийн дутагдлын түвшин үндэсний хэмжээнд буурч ирсэн ч бүрэн арилаагүй байгаа юм. Тухайлбал, 2000 оноос хойш 13 жилийн дотор хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдал хүн амын 30-аас 10 хувь хүртэл, хоол тэжээлийн хурц дутагдал долоогоос нэг хувь хүртэл буурсан хэдий ч аймаг, орон нутаг, айл өрхөөр ялгаатай байгаа гэнэ.



Баруун бүсийн (Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг), эсвэл амьдралын түвшин буурай өрхийн хүүхдүүд хоол тэжээлээр ноцтой дутагдаж, өсөлтөөр хоцорч байна. Баруун бүсийн аймгуудын таваас доош насны хүүхдүүдийн тавны нэг нь өсөлт муутай байгаа нь Хойд Солонгос (28 хувь), Вьетнам (23 хувь)-аас арай урд нь оржээ. Ядуу өрхийн хүүхдүүд чинээлэг өрхийн хүүхдээс гурав дахин илүү хоол тэжээлийн дутагдалд өртөж байна.

Аминдэм, эрдэс бодисын дутагдлыг манай улсад бууруулж чадахгүй байна. Тав хүртэлх насны хүүхдийн дунд А аминдэмийн дутагдал 32, Д аминдэмийн дутагдал 22, цус багадалт 28.5 хувь байгаа нь сүүлийн 20 жилд өөрчлөгдсөнгүй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 26.5, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 14.4 хувь нь цус багадалттай, 28.2 хувь нь төмөр, 30 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байгаа нь бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд явуулсан үндэсний судалгаагаар тогтоогджээ. Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд аминдэм, эрдсийн дутагдал элбэг тохиолдоно. Нийт хүн амын 98 хувь нь өвлийн улиралд, 40 хувь нь зуны улиралд Д аминдэмийн дутагдалтай байгааг Анагаах ухааны хүрээлэнгийн судалгаа нотолж байна.

Монголчууд бид хоолныхоо хэмжээ, чанарын тухай маш сайн тунгаан бодох цаг ирсэн гэж хэлж болно.

ХООЛ ХҮНСНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ АЖИЛ

Олон улсын эрдэмтэд дэлхий нийтийн өмнө тулгамдсан арван гол асуудлыг тодорхойлж, 2012 оны Копенгагены зөвшилцөлд (Copenhagen Consensus 2012) тусгажээ. Үүнд, цэрэг дайны аюул, архаг өвчин, боловсрол, халдварт өвчин, хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн болон хоол тэжээлийн хамааралтай эмгэг, байгалийн гамшиг, ус, ариун цэврийн хангамж багтсан аж. Эдний дотроос эн тэргүүнд шийдэх ёстой, мөн хамгийн өндөр үр өгөөжтэй асуудал нь хоол тэжээлийн хамааралтай эмгэгтэй тэмцэх ажил болохыг онцолжээ. Хоол тэжээлийг сайжруулахад оруулж буй нэг долларын хөрөнгө оруулалт бүр 30 долларын өгөөжтэй гэдгийг бодлого гаргагчид, хандив тусламжийн байгууллагуудад эрдэмтэд сануулсан байна.

Хоол тэжээлийн хамааралтай эмгэгийг эмчлэх, сэргийлэх, хүн амд эрүүл хооллолтын тухай мэдээлэл, зөвлөлгөө өгөхөд манай улс анхаарах нь зүйтэй. Гэтэл манай улсын анагаахын сургуулиудад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлдэж эхлээ ч гүй, хоолзүйч эмчийн орон тоо гэж байдаггүй. Монголд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс хоол ундаа гэрээсээ авчруулж байгаа нь хэвийн үзэгдэл.

Түүнчлэн илчлэг, ханасан ба транс өөх тос, давс, чихэр ихтэй, аминдэм эрдсийн агууламж багатай хүнс, хийжүүлсэн ундааг маш их хэрэглэж буй. Эрүүл бус хоол хүнсний сурталчилгаа өргөн тархаж, сургууль дотор ч дээрх бүтээгдэхүүнүүдийг маш хямд үнээр борлуулж байгаа нь хүүхдийн таргалалтад нөлөөлөх болов.

Байшингийн доод хонгилд хүртэл ажиллах нийтийн хоолны газрын хэрэглэж буй транс тосны ашиглалтыг тогтмол шалгах, дүнг нь нийтэд харагдахаар тавих хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр гол найрлагыг хувийн жинтэй нь бичих хууль, журмыг хэн сахиулж байгаа юм бэ? Бидний хэрэглэж буй сүүнд меламин (хортой будаг) байхгүй, хиаманд натрийн нитрат байхгүй гэсэн баталгааг хэн өгч байгаа юм бэ? ШӨХТГ уу, МХЕГ уу? Хортой хүнс хилээр орж ирж буй эсэхийг хэн шалгадаг вэ? Шаардлагатай шинжилгээний цэг хангалттай байна уу? Бид өсөлтийн гормоны өөрчлөлттэй хүнс хэрэглэж байна уу? Энэ мэт олон асуултад Монголын төр засаг хариу өгөхийг нийгэм шаардаж байна.

Монголчууд бид хоолныхоо хэмжээ, чанарт онцлон анхаарч, улмаар биеийн хөдөлгөөнөө нэмэгдүүлэхгүйгээр эрүүл саруул үндэстэн болж чадахгүйг хүн бүр анхаарах нь чухал.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив