Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Эзэнгүй орон сууцнууд, байргүй иргэдийг учруулах шинэ бодлого
2016 оны 1 сарын 20 [Уншсан тоо: 48902]

Өнгөрсөн долоо хоногт “Монголын Алхимичид” нийтлэлдээ мөнгө хэвлээд л эдийн засгаа “хөгжүүлчихдэг” технологийг төр, засгийн эрх баригчид Монголд эрчимтэй нэвтрүүлж байгааг уулын оройгоос буулгасан цасан бөмбөлөгтэй зүйрлэн бичсэн билээ.

Цаасан мөнгө их хэмжээгээр хэвлэж, орон сууцны эрэлтийг дэмжин, зах зээлийнхээс хоёр дахин бага хүүтэй (найман хувийн), хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь эцэстээ инфляцыг хөөрөгдөн, төлөөсийг нь бүх иргэд, татвар төлөгчид төлж буй тухай үүнд тайлбарласан.

Эрэлтийг дэмжсэн энэ алхам бол зах зээлийн хэрэгцээ, худалдан авах чадварт нь тааруулж бариагүй, орчин тойронд нь нийтийн дэд бүтэц байхгүй барилгуудыг зах зээлийн жам ёсоороо үнэ нь буурахаас өмнө өндөр ханшаар худалдахыг дэмжиж байна.

Ажилтай, цалинтай буюу албан эдийн засагт бүртгэлтэй иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажил хийгдлээ.

Одоо албан бус эдийн засагт хамаарагддаг иргэдийг хэрхэн орон сууцжуулах талаар бодох шаардлагатай тулгарав. Ард иргэдээ наад захын дэд бүтэц бүхий байртай болгохын тулд орон сууцны эрэлт талыг дэмжихээс гадна нийлүүлэлтийг оновчтой болгох, түүнийг урамшуулсан мөнгөний бодлого хэрэгжүүлэх чиглэлээр зарим санал бодлоо хуваалцъя.

НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШИЙДЭЛ

Өнөөдөр Улаанбаатар хотод ашиглахад бэлэн болсон гучаад мянган байр борлогдохгүй байгаагийн гол шалтгаан нь харьцангуй өндөр үнэтэй нь холбоотой. Энэ үнэд газрын болон байшин барих зөвшөөрлийн, төвийн ус, цахилгаан, бохир усны сүлжээнд холбуулсны хахууль гэх мэт бүх төрлийн авлигын төлбөр багтаж байгаа. Гэвч энэ байрнуудаас худалдан авахын төлөө бүх арга чаргаа хэрэглэн, хичээж буй нийслэлийн 200 мянган айл өрхийн орлого нь хүрэхгүй байгаа юм.

Энэхүү айл өрхийн хэрэгцээ, худалдан авах чадварт тохирсон орон сууц барьж, борлуулах боломжийг хот төлөвлөлтийн дагуу барилгын компаниудад олгох, эхний хэсгийг барьж дуусмагц нь гүйцэтгэгчид (барилгын компаниуд)-ийн бондыг Монголбанк худалдан авах, эсвэл баталгаа гаргаж өгөх замаар төр, засаг зах зээлдээ тохирсон нийлүүлэлтийг дэмжиж болно.

Мөнгөний нийлүүлэлтийг бонд авах замаар нэмэгдүүлдэг энэ аргыг хэмжээг нь тэлэх буюу “quantitive easing” (QE) гэж нэрлэдэг. Мөн орлогогүй, тэтгэвэртээ гарсан ганц бие, доогуур орлоготой иргэдийг Сингапурын жишгээр нийтийн, нэг өрөө (studio), түрээсийн байранд оруулахын тулд орон нутгийн засаг захиргаа өөрөө худалдан авч, түрээсэлж болох юм.

Хэрэв төр засаг нь авлигаа багасгаж чадвал барилга, орон сууцны салбарт нүүдэл хөрөнгөтэй иргэд хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа авах замаар, ирвэл Монголд дэлгэрч эхэлж буй хамтран санхүүжүүлэх буюу “crowd funding” аргаар хөрөнгө оруулалтын сан байгуулан оролцох боломжтой. Тэгвэл хөрөнгийн зах зээл ч сэргэж, иргэд банканд мөнгөө хадгалуулахаас өөр сонголт бий болно.

Монгол Улсын орон сууцны асуудлыг өгөөжтэй шийдэж, ялангуяа гэр хорооллын иргэдийг халаалттай, боловсон жорлонтой орон сууцанд шилжүүлэх замаар утааны гамшгаас салгахын тулд манайд яаралтай хийх шаардлагатай хэд хэдэн ажил байгаагаас гурвыг нь дурдъя.     
                      
ШААРДЛАГАТАЙ ГУРВАН АЖИЛ

Юуны өмнө нийтийн болон хувийн эзэмшлийн газрыг ялган тодорхой бүртгэх, дараа нь яг хэн нь эзэмшиж, ашиглаж байгааг нягтлан бүртгэж яаж эдэлж, хэрэглэж болох, болохгүй тухай зарчмыг нь хуульчлах шаардлагатай. Энэ цаг аль хэдийнэ болсон ч төр засаг, хот, орон нутгийн захиргаа уг ажлыг хэрэгжүүлэхгүй, хийх сонирхолгүй, эсвэл чадахгүй байна.

Жишээ нь, Улаанбаатар хотын, нийтийн эзэмшлийн Яармагийн газрыг хэн, ямар хувь хүн, компанид ямар үнэ төлбөртэйгөөр хэрхэн олгосныг эрх баригчид олон нийтэд дэлгэхээс ухаан алдталаа айж буй юм.

Зайсангийн газрыг өмнөх эрх баригчид нууцаар зарж завшсаныг таслан зогсоохын оронд Яармагт үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Энэ бүгдийн цаана аль намын ямар эрх мэдэлтэн байгааг хоёр том намын эрх баригчид “эвсэлдэн”, харилцан барьцаалж тас нуусаар байгаа.

Хоёрдугаарт, хотын бүсчилсэн хөгжлийн газрын зургийг гаргаж нийтэд зарлах ёстой. Хаана үйлдвэр, үйлчилгээ явуулж болох ба болохгүй, хаана эдийн засгийн чөлөөт бүс, зам тээврийн ложистик, дэд бүтэц барьж байгуулахаар төлөвлөж буйгаа интернэтэд ил тод байрлуулах нь зүйтэй.

Хэрэгжүүлж эхлэх хугацааг 2-3 жилийн өмнө зарлаад, дараа нь зориулалтын бус бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа нь өндөр татвар төлдөг болгоход л энэ асуудал яваандаа цэгцэрнэ. Ийм зургийг ил тод болгохгүй, дуудлага худалдаагаар зарахгүй бол газрын авлига хэзээ ч арилахгүй. Тэгэх нь төр засаг, орон нутгийн эрх мэдэлтнүүдэд ашиггүй учир энэ ажлын тухай ярихаас хэтрэхгүй, хэрэгжүүлэхээс тойрч ирсэн. Тод жишээ нь арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай хориод жил ярьсан ч юу ч өөрчлөгдсөнгүй, эцэст нь нийслэл нь жорлондоо живж байна.

Гуравдугаарт, албан бус эдийн засгийг багасгах, бүх бизнесийг бүртгэлтэй болгох шаардлагатай. Хөгжилтэй орнуудтай харьцуулахад Монгол Улсын албан бус эдийн засаг нь харьцангуй том учир хөгжсөн орнуудаас хуулсан татварын бодлого нь хэт чанга, ард иргэдийн бизнес хийх хүсэл эрмэлзэл, боломжийг нь боомилж байна. Албан бус эдийн засгийг хумихын тулд татварын бодлогоо зөөлрүүлж, бизнесийн бүртгэлийг сайжруулах учиртай.

Жишээ нь, НӨАТ. Энэ татварыг 10 хувиар тогтоож, цөөн хэсэг нь төлснөөр асуудал шийдэгдэхгүйг амьдрал харуулав. Ихэнх нь төлдөггүй, төлж буй компаниуд нь дарамтлуулж байгаа энэ татварыг таван хувиар тогтоож, нийтээр төлдөг болговол татварын нийт орлого эрс нэмэгдэх юм.

НӨАТ-ын хоёр хувийг буцаан авах боломж иргэдэд олгож байгаа нь зөв алхам. Гэвч энэ татварыг багасгаж, хүн бүр төлдөг болговол албан бус эдийн засгийг хумьж чадна. Албан эдийн засагт хамааралтай, цалинтай иргэд олширвол орон сууцжуулах ажилд илүү дөхөмтэй.

Орон сууцыг зах зээлийн бодит хэрэгцээнд тохируулан нийлүүлж чадвал олон айл өрхийг байртай болгож, барилгын салбар жинхэнэ утгаараа хөгжих бөгөөд одоогийнх шиг хямралд өртөх нь эрс багасна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn