Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Авлига - Монголын нийгмийн ”хорт хавдар”
2016 оны 1 сарын 6 [Уншсан тоо: 49609]



Шинэ оныг би замд, Бээжинд угтаж таарав. “China Daily” сонин 2016 оны анхны дугаартаа Хятад улс авлигын хэрэгт сэжиглэгдсэн, гадаад руу дүрвэсэн оргодлуудыг хүчээр болон сайн дурын үндсэн дээр эх оронд нь авчирсан тухай мэдээлсэн нь өөрийн эрхгүй анхаарал татав.

Үндэсний хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг удирдаж буй Хятадын Коммунист намын Төв хорооны сахилга бат шалгах төв комисс “Тэнгэрийн сүлжээ” нэртэй үйл ажиллагааг олон улс даяар өрнүүлж буйг дурджээ.

Ардын дээд прокурорын тусгай ажиллагааны үр дүнд 108 хүнийг гадаадын 29 улсаас тухайн орны хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж буцаан авчирсны 70 нь сайн дураараа иржээ.

Тэд нийтдээ 180 сая ам.долларын хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд тэдний 31 нь гадаадад арав, долоо нь хорин жилээс дээш хугацаагаар амьдарсныг тэмдэглэсэн байна.

Бас Улсын аюулгүй байдлын яамны “Үнэгний ан-2015” үйл ажиллагааны үр дүнд оны эхний есөн сард хууль бусаар хөрөнгөжөөд зугтан дүрвэсэн 556 оргодлыг 59 орноос баривчлан авчирчээ.

Оны хамгийн сүүлчийн өдөр Байгаль хамгаалах яамны дэд сайд асан Жанг Лижуныг компаниудаас хууль бусаар мөнгө завшсан, хамаатан саднаа ажилд оруулсан, албан тушаалыг нь ахиулсны төлөө бусдаас авлига авсан гэдгийг нь тогтоон баталсан, шоронд үргэлжлүүлэн хорьж, шүүхийн шийтгэл хүлээлгэх болсноо зарлав.

АВЛИГА ЯАГААД ТИЙМ АЮУЛТАЙ ГЭЖ?

Хятад улс авлигатай ийнхүү амралтгүй, тасралтгүйгээр тэмцээд буйн цаад шалтгаан юу вэ? Ерөнхийлөгч асан Жан Заминь “Авлига бол нам, төрийн биен дэх хорт хавдар, түүнийг өөгшүүлбэл манай нам, улс төрийн эрх мэдэл, социалист шинэчлэлийг нураах болно” гэж хэлж байжээ.

Түүнийг залгамжлагч Ху Жинтао “Авлига бол намыг устгаж, цаашлаад улс орныг ч унагах аюултай” гэж хэлсэн нь бий. Тэд хэлж байсан, харин одоогийн Ерөнхийлөгч Си яагаад ийм хүчтэй тэмцэх болов оо.

Учир нь сүүлийн 30-аад жилд авлигын цар хүрээ, төр засгийнхны баярхсан амьдрал, тансаглал асар ихсэж, ард иргэдийн дургүйцлийг хүргэх түвшинд хүрсэн юм.

Хятадууд түүхэндээ төр засагт хамгийн ухаалаг, шударга, нийгмийн төлөө сэтгэлтэй хүмүүс ажилладаг (meritocracy), тэд бүхнийг мэдэж шийдэж чаддаг гэж Күнзийн үеэс итгэж иржээ. Гэтэл одоо төр засагт буй хүмүүс тийм биш болох нь танигдахаар улс төрийн бүх системд иргэд нь итгэхээ больж, эргэлзэж эхэлж буй нь төрийн тогтолцоонд аюул учруулах юм.

Тийм ч учраас авлига нь Хятадын өнөөгийн төр засгийн оршин тогтох, эсэх асуудал аль хэдийнэ болчихсон, түүнийг устгаж арилгахаас өөр сонголт байхгүй гэж Ерөнхийлөгч Си Зиньпин үзэж байна.

Тэр авлигыг үндсээр нь арилгахын төлөө чадах бүхнээ хийнэ, “Амьдрах, үхэх хамаагүй, миний нэр төр яах нь ч хамаагүй” гэж Улс төрийн товчооны нэгэн хурлын үеэр хэлснийг “The dip¬lomat” сэтгүүл эш татжээ.

Ерөнхийлөгч Сигийн эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэл өнөөдөр хоёр дахь шатандаа орж байгаа аж. Эхний шатанд хүчний бүх байгууллагыг захирч байсан Жу Юнканг, Хятадын Чөлөөлөх армийн ханган нийлүүлэлтийг хариуцаж байсан Зю Чайху зэрэг авлигын “баруудыг” баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэв.

“Барын зулзага”, “ялаа”-нуудыг ч олноор нь баривчилжээ. Авлигачидтай хариуцлага тооцож эхэлснээр төрийн ажилтнууд авлигад өртөхөөс айдаг болж, ард түмэнд зөв мэдээлэл хүрч эхлэв. Төрийн ажилтнууд тансаг хэрэглээнээс зайлсхийх болжээ.

Одоо хоёр дахь, амин чухал шатандаа шилжиж эхэлсэн буюу авлигаас урьдчилан сэргийлдэг, чадварлаг байгууллыг (институц) бий болгож эхэлсэн байна. Төрийн ажилтан авлига авахыг хүссэн ч, тийм боломжийг нь үгүй хийх зорилготой гэнэ.

Жишээ нь, “Авлига харсан бол зургийг нь ав” гэдэг кампанит ажил зохиож, төрийн ажилтнууд тансаглаж байгаа бол гар утсаар зургийг нь аваад, дээр дурдсан Төв комиссын цахим хуудсанд байрлуулбал, төдөлгүй тухайн ажилтан(-ууд)-ыг шалгаж албан ёсны хариуг зургийн дор өгдөг болжээ.

Харин гурав дахь үе шат нь төрийн ажилтан болгон авлигад оролцох тухай бүр боддог ч үгүй болгох зорилт тавьжээ. Улс төрийн энэ соёлыг хэвшүүлэх нь байгуулал бий болгохоос хэцүү, илүү хөдөлмөр, цаг хугацаа шаардах хэдий ч тэд хэрэгжүүлэх гэнэ.

МОНГОЛЫН АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН ҮР ДҮН

Монголд ч бас авлигатай тэмцэнэ, төрөө ухаалаг болгоно, дансаа шилэн болгоно зэрэг олон сайхан үг хэлж, санал, санаачилга дээрээс гаргадаг болсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ авлига арилахгүй л байна, арилах ч үндэсгүй юм.

Учир нь Монголын авлигын хамгийн гол эх булаг болох улс төрийн намуудад дээрх санал, санаачилга огтхон ч хүртээлгүй. Авлига Монгол Улсад улс төрийн намаар дамжаад өөрөө байгуулал болчихоод удаж байна.

Нам гэдэг байгууллын (институц) санхүү, мөнгөний эх үүсвэрийг гишүүд нь ч бодит үнэнээр нь мэдэхгүй байлаа. Ялангуяа улс төрийн намуудын сонгуулийн зардлын эх үүсвэр бол том нууц. Учир нь төрийн албан тушаал, эрх мэдлийн гол худалдааны лангуу тэнд бий.

Авлигыг арилгахыг оролдож буй удирдлагууд өөрсдөө энэ байгууллаас гарал үүсэлтэй, авлигатай холбоотой учир намаа шинэчилж чадахгүй байгаагаас болоод Монгол Улсад авлигын эсрэг тэмцэл аажмаар замхран мартагддаг болжээ.

Хятад шиг ганц хоёр том “барын” тухай сүр дуулиантай хэрэг мандаж, олон мэдэгдэл гарч, заримдаа баривчилгаа, шүүх, шорон болдог ч төдөлгүй “наймаалцаад”, өршөөгөөд, цайруулаад, эцэст нь суллагдаад өнгөрдөг.

Гуравхан жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тусгай хүчнийхэн гэрт нь дайрч ороод хүчээр өргөөд л аваад явсан, авлигын загалмайлсан эцэг болохыг нь бүх байгууллага ам уралдан зарлаад байсан ч төдөлгүй гэнэт суллагдан, гадаадад асарч сувилуулаад, эдүгээ Шадар сайд болчих шахаад сууж байна.

Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д олон байшин авсан талаар шуурч, зураг нь сонинд тавигдаад л байсан, Авлигатай тэмцэх газраас үнэн худлыг шалгаж, ямар нэг мэдээлэл хийгээгүй.

Бараг нам бүр, намын дарга бүр өөрийн сонин, телевизтэй учир олон түмний тархийг угаадаг туршлага, чадвартай болчихов.

“Үндэсний тойм” сэтгүүлийн 2015 оны тусгай дугаарт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн боловч Улсын прокуророос хэрэгсэхгүй болгосон 14 хэргийг үйлдэгсдийнх нь овог нэр, учруулсан хохирлыг нь заан хэвлэсэн байна. Тэд УИХ-ын гишүүд, сайд дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд бөгөөд газар, өмч хөрөнгө завшсан байна.

Монголын улс төрийн эрх баригчид бие биенийхээ гэмт үйлдлээр харилцан барьцаалж амыг нь таглаад суучихсан авлигын томоохон хэргүүд энэ мэтээр гэмт хэрэг биш бага сага алдаа, эсвэл юу ч биш болчихдог зуршил тогтов.

Хааяа нэг “барын зулзага, ялааны” хэрэг илэрч, дунд, доод түвшний зарим ганц хоёр түшмэдийг золиосолж, “сор тахиж” сүржигнэхээс Монголын авлигын эсрэг тэмцэл цааш хэтэрсэнгүй.

МОНГОЛД АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ЭХЛЭЭ Ч ҮГҮЙ БАЙНА

Хятадын авлигын эсрэг тэмцлийн логикоор харвал Монголд үнэндээ анхны үе шат нь ч эхлээгүй байна. Авлигыг Монголын нийгмийн биенд ургасан хорт хавдар гэвэл түүнийг арилгаж эмчлэхийн оронд, өнгөлөн далдалж нууж хаасаар өдий хүрлээ.

Улмаар авлига төрийн том албан тушаалын халдашгүй эрх гэгч бамбайн дор оруулж дархлаажуулахыг оролдож байна.

Ард түмэн ухаантай учраас авлигатай тэмцсэн дүр эсгэж буй энэ эрх баригчдын үйлдлийг янз бүрийн хэлбэрээр эсэргүүцэж байгаа ч, тухай бүрт аль нэг этгээд улс төрийн ашиг хонжоо болгон завшдаг болжээ.

Авлига бол Монгол Улс ардчилал, зах зээлийн сонгосон замаараа тууштай явахад нүдэнд үл үзэгдэх хамгийн том саад нь болжээ. Авлигатай төр засаг иргэдийн хийж бүтээх, түүнийхээ хэрээр сайн сайхан амьдрах боломжийг хулгайлж байна.

Бид төр засгаа авлигаас салгаж, цэвэрлэж чадахгүй бол төрийн ажилтнууд тэрбумтан болдог, бусад нь ядуурч, улмаар нийгмийн баян, ядуугийн ялгаа нь улам тэлсээр байх болно.

Нийгэмд уур бухимдал үүсэж, эцэстээ үймээн болж, түүнийг далимдуулан улс оронд сахилга журам сахиулах нэрээр хэн нэгэн хүн хувийн засаглалаа тогтоохыг оролдож мэднэ.

Авлигыг устгахгүй бол ардчиллыг маань дарангуйлал устгах болно.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив