Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголбанк - Хаант улс
2015 оны 12 сарын 23 [Уншсан тоо: 64085]

Долоо хоногийн өмнө АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ долоон жил тэг дээр байсныг 0.25 нэгж хувиар (25 base point) өсгөснийг тус сангийн тэргүүн Жанет Йеллен мэдээлэв.

Энэ мэдээлэл гармагц олон улсын хөрөнгийн биржүүдийн үнэт цаасны арилжаа огцом идэвхжиж, ялангуяа алтны үнэ зургаан жилийн доод түвшинд буюу унци (28.3 гр) нь 1050 ам.долларт хүрлээ.

Гэтэл Монголбанкны бодлогын хүү 13 хувь хэвээрээ нэг жил болж байна. 18 их наяд доллар буюу дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлдэг АНУ-ын мөнгөний бодлогын хүүгийн ийм бага өөрчлөлт аравхан тэрбум долларын эдийн засагтай Монгол шиг жижиг оронд ямар нөлөөтэй юм бэ?

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН (THE FEDERAL RESERVE FUND) БА ТҮҮНИЙ ТЭРГҮҮН

Холбоо (The Fed) нь 1913 онд Холбооны нөөцийн тухай хуулиар байгуулагдсан, арилжааны банкуудыг журамлах, мөнгөний бодлогыг хянах үүрэгтэй АНУ-ын Төвбанк юм.

Тавин мужаа 12 дүүрэг болгоод, дүүрэг бүр өөрийн нөөцийн сантай (төв банктай) аж. Тухайн дүүргийн арилжааны банкууд дүүргийн Нөөцийн сангийн (ДНС) гишүүн болж, хувьцааг нь худалдан авах үүрэгтэй.

ДНС бүр Засгийн газрын үнэт цаас худалдан авах, борлуулах эрхтэй. Бүх мужид үйл ажиллагаа явуулахын тулд арилжааны банк нь Холбооны гишүүн байх ёстой.

ДНС бүр есөн захиралтай. Тэдний зургаа нь гишүүн банкуудаас болон хувийн бизнесийн төлөөлөл (3+3), үлдсэн гурав нь Удирдлагын зөвлөлөөс (Board of Governors) томилогддог. Удирдлагын зөвлөл нь бүх ДНС-гаар дамжуулан Холбооны улсын мөнгөний бодлого явуулдаг байгууллага юм.

Энэ Удирдлагын зөвлөл нь долоон гишүүнтэй. Гишүүн тус бүрийг АНУ-ын Ерөнхийлөгч сунгаж болохгүй 14 жилийн хугацаагаар томилдог бөгөөд Сенатаар баталгаажуулдаг. Харин энэ долоогийн нэгийг АНУ-ын Ерөнхийлөгч сунгаж болох дөрвөн жилийн хугацаагаар зөвлөлийн тэргүүнээр томилдог. Тэргүүн болмогц саналаа өгөх эрхгүй болдог.

АНУ-ын мөнгөний бодлогын зорилго нь ажилгүйдлийг арилгах, үнийг тогтвортой буюу инфляцыг байхгүй, эсвэл маш бага байлгахад чиглэдэг. Холбоо нь арилжааны банкуудын үйл ажиллагааг хянахаас гадна 1986 он хүртэл хадгаламжийн хүүгийн дээд түвшинг (дээврийг) тогтоож байжээ.

Өнөөдөр бусдаас зээлж аваагүй хөрөнгөөрөө үнэт цаас худалдан авах дээд хэмжээг тогтоон зээлийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхдээ гурван хэрэгсэл ашигладаг. Эхнийх нь хадгаламж авдаг байгууллагуудын заавал байлгах нөөцийг тогтоох, хоёр дахь нь хөнгөлөлтийн хүү (the discount rate) тогтоох буюу Холбоо нь арилжааны банкуудад олгосон зээлдээ авдаг хүү (бодлогын хүү гэж бас хэлдэг) юм.

Гурав дахь нь Холбооны нээлттэй зах зээлийн хороо (Federal Open Market Committee)-нд оролцож Холбооны тэргүүн бас даргалдаг. Энэ хорооны гол зорилго нь ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт болон үнийн тогтвортой байдлыг дэмжиж, улмаар санхүүгийн зах зээл, зээлийн хүү, валютын ханшийн тогтвортой байдлыг хангадаг.

МОНГОЛБАНК БА ТҮҮНИЙ ТЭРГҮҮН

Монгол Улсын мөнгөний бодлогын гол зорилго бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал буюу зөвхөн инфляцыг бага байлгах явдал. Жишээ нь, АНУ шиг ажилгүйдэлгүй байлгах гэх мэт макро эдийн засгийн зорилт байхгүй.

Төвбанкны (Монголбанкны) хуулиар Монголбанкны (МБ) ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр парламент зургаан жилийн хугацаагаар томилдог. Монголбанкны ерөнхийлөгчийн дэргэд түүний бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвлөгөө өгдөг зөвлөл байдаг, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь ерөнхийлөгч нь өөрөө тогтоодог.

Мөнгөний бодлогын зөвлөл гэхэд л 12 гишүүнтэй. Үүнд Монголбанкны ерөнхийлөгч ба 11 гишүүн ордгоос долоо нь Төвбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нар, газрын захирлууд буюу байгууллага дотроосоо, гаднаас бол Сангийн дэд сайд, их сургуулийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтан гээд таван хүн байна.

Хуулиараа Монголбанк бол зөвхөн нэг хүний шийдвэрээс л хамаардаг байгууллага учир тэр хүн бас бүх хариуцлагыг хүлээх ёстой.

Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр улс орны эдийн засагт шууд нөлөөтэй. 2012 оны аравдугаар сард Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 2013 оны дөрөвдүгээр сард Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийг тус тус эхлүүлэв.

Эдгээр хөтөлбөрт зориулан шинээр мөнгө хэвлэн эргэлтэд оруулж, одоогийн байдлаар нийтдээ 3.8 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлээд байна.

Зах зээлийн эдийн засагт бараа үйлчилгээний үнийг төр засаг биш эрэлт, нийлүүлэлт тогтоох нь урт хугацаанд хамгийн ашигтай болохыг Монголын бүх үеийн төр засаг үл ойшоодог. Үнэ тогтоох нэрээр хийсэн бүх ажил нь эцсийн дүндээ эдийн засгийн хямралд хүргэдэг болжээ.

Үнийг хянахгүй байхыг хамгийн их шаардаж, Засгийн газраас хараат бус байх ёстой Монголбанк маань өөрөө санаачлаад, засагтайгаа хамтраад дээрх үнэ хязгаарлах бодлого явуулж ирсний үр дүнд, жишээ нь орон сууцны үнэ хоёр дахин өсөж, эрэлт, нийлүүлэлт хоёр баримжаагаа алджээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод л гэхэд 40 мянган орон сууц хоосон, 170 мянган айл өрх гэр хороололд уух усаа зөөн, модон жорлонтой амьдарч байна.

Удалгүй өрөнд баригдсан барилгын компаниудын барьсан орон сууцыг санхүүжүүлсэн арилжааны банкууд нь хурааж авахаас өөр сонголт байхгүй.

Үндсэн Хуулийн цэцээс иргэд орон сууцаа банкинд барьцаалсан ч гэсэн бусдад түрээслүүлж болно гэсэн шийдвэр гарсныг далимдуулан найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоо арилжааны банкууд зогсоов.

Энэ бол зах зээлийн хүүгээс хоёр дахин хямдхан зээл мөнхөд үргэлжилж чадахгүй гэдгийг баталж байгаа юм. Зөрүү мөнгийг Засгийн газар өр тавьж төлдөг байснаа үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн гэсэн үг.

АНУ-ын нөөцийн сангийн бодлогын хүү нээлттэй эдийн засагтай бүх оронд нөлөөлнө. Монголын хамгийн том төсөлд 4.4 тэрбум доллар оруулах гэж буй банк тус бүрт мөнгөө хэзээ шилжүүлэх, ямар хүүтэй олгоход юуны өмнө нөлөөлж байгаа.

Банк хоорондын шилжүүлгийн тооцооны хүү LIBOR бараг нэг нэгжээр өсөөд байна. Долларын ханш чангарах нь дэлхийн бүх орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж бүх хүний амьдралд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг.

Монголбанк үнэхээр л инфляцыг онилдог бол одоо яаралтай бодлогын хүүгээ бууруулах цаг болжээ. Монголд инфляц гурав орчим хувь байгаа учир бодлогын хүүгээ ядаж нэг оронтой тоонд буулгах болоогүй юу? Тэгвэл арилжааны банкуудын хүү ч уралдан бууж, зээл өгөхөө яаралтай сэргээхээс өөр сонголтгүй болно.

Гэхдээ Мөнгөний бодлогын зөвлөл нь юу ч гэж зөвлөсөн Монголбанкны ерөнхийлөгч-Мөнгөний хаан л эцсийн шийдвэрийг гаргах юм.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив