Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монгол, Антарктид хоёр яг адилхан
2015 оны 11 сарын 25 [Уншсан тоо: 69454]

Хонконг арлын хамгийн өндөр, 554 метр уулын оргилыг Английн хатан хаан Викториягийн нэрээр нэрийддэг. Байгалийн бүтээсэн үзэсгэлэнт ногоон уулын энэхүү эгц оргилоос тус арлын болон наашаа хошууран түрсэн Коулуны хойгийн эргийг эмжин ярайх олон мянган өндөр байшин алган дээр мэт дурайна.

Тэдний дундаас хүний бүтээсэн өөр нэгэн оргил Викториятай өрсөлдөн цоройжээ. Энэ нь 484 метр өндөр, 118 давхар Олон улсын худалдааны төвийн саяхан барьж дууссан шилэн цамхаг юм. Жилд 300 тэрбум ам.долларын эдийн засагтай, 7.2 сая хүн амтай Хонконгийн хосгүй хурдан хөгжлийн бардам төрхийг Викториягийн оргилоос тод харж болно. Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн үсрэнгүй хөгжил, хөрөнгө оруулалтын нарийн боломжийг ч дурандчихна. Түүний дотроос Монгол Улсын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг ч харж болно. Монголын хөрөнгө оруулалтын долоо дахь чуулган энэ арваннэгдүгээр сарын 17-18-нд Хонконгийн алдарт “Пенинсула” (the Peninsula) зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө.

ТОГТОН ХАРАХАД...

Энэ чуулганд нийт 180 гаруй хүн хүрэлцэн ирсний 125 нь гадаадын хөрөнгө оруулагч байсан нь Монголын уул уурхайн салбар ид цэцэглэж байсан жилүүдтэй харьцуулахад цөөхөн. Гэвч чуулган уламжлал ёсоороо өнөөгийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг олон талаас нь хэлэлцэн ярилцав. Монгол Улсын төр засаг, банк санхүүгийн гол гол байгууллага, нийслэлийн удирдлага, хувийн хэвшлийнхэн болон гадаадын хөрөнгө оруулагчдад, судалгаа шинжилгээний ажилтнууд өргөн сэдвээр илтгэл тавьж санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Монголын эдийн засаг одоо маш сайн байгаа, шинэ тэнцвэрт байдал бүрэлдсэн, манай зээлжих зэрэглэлийг бууруулж буй нь үнэлгээний байгууллагуудын томоохон алдаа” гэв. Тэрбээр уул уурхайн супер мөчлөг дууссан, тэгээд ч эдийн засгийн өсөлт их хурдтай байхдаа биш, гол нь тогтвортой, тасралтгүй байх нь чухал гэдгийг онцолсон юм. Харин тус чуулга уулзалтад жил бүр оролцож үг хэлдэг Монголын хамгийн том хоёр арилжааны банкны (Худалдаа хөгжлийн банк, ХААН банк) гадаад захирлууд Төв банк шиг сэтгэл нь хөөрч харагдсангүй.

Английн “Мелбури капитап” гэдэг хөрөнгө оруулагч банкны төлөөлөгч “Монгол, Антарктид хоёр яг адилхан, бүх юм нь хөлдсөн, урам хугалж, итгэл алдуулсан” гэв. Эрдэс баялгийн нөөцөө дэврүүн сэтгэлээр хөөрүүлж тооцохоо зогсоон, аль болох бодитой, прагматик байж, хөрөнгө оруулалтын цоо шинэ бүлэг эхлүүлэхийг уриаллаа. Хаан инвестмэнт” компанийн захирал Т.Хамилтон “Монголд одоогоор хөрөнгө оруулагчдыг баярлуулах зүйл тун бага байна” гэсэн бол SGC компанийн А.Бэрнад “хүлээ, харзна” бодлого баримталж, түүхий эдийн болон улс төрийн мөчлөгийг дуустал харахыг бусдадаа уриалав. Монгол Улс Гүрж шиг сайн засаглал хөгжүүлж, бүх түвшиндээ авлигыг таягдан хаяж чадвал хөрөнгө оруулалтыг ихээхэн татах боломжтойг тэрбээр тэмдэглэлээ.

Энэ чуулганд анх удаа оролцож буй Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл улсынхаа эдийн засгийн 60, хүн амын 45 хувийг төлөөлдөг нийслэлийн төлөөлөл яагаад өмнө нь энэ чуулганд орж байгаагүйг гайхан тэмдэглээд, ямар томоохон хэмжээний төслүүдэд хөрөнгө оруулалт хийж болохыг нэрлэв. Улаанбаатар хотод метро барих төсөлд 1.5 тэрбум ам.доллар, цэвэрлэх байгууламж шинээр барихад 365 сая, нийтийн тээврийг хурдан болгоход 280 сая, шинэ тээврийн ложистик бааз байгуулахад эхний ээлжинд 147 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус шаардлагатай аж. Гэтэл Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөгч нийтийн болон хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн том бэрхшээл бол Монголын ус, цахилгаан, дулааны үнэ хэт доогуур, төсвөөс их татаастай байдагтай холбоотой бөгөөд үүнийг өсгөхгүйгээр хөрөнгө оруулалт татах боломжгүй гэв.

Хотын дарга Улаанбаатар хотыг алсдаа Зүүн хойд Азийн бүс нутгийн бизнес, санхүүгийн төв болгох тухай ярьсныг Зам, тээврийн сайд М.Зоригт дэмжин баталгаажуулж үг хэллээ. Монгол Улсыг дайран өнгөрөх байгалийн хий, газрын тос, эрчим хүч, авто болон төмөр замын таван коридорыг хоёр хөрштэйгөө тохироод бүс нутгийн дэд бүтэц гэж үзэн, барих болсон тухайгаа газрын зураг дээр өөрөө зурж дэлгэрэнгүй тайлбарласныг чуулганд оролцогчид анхааралтай хүлээж авав. Шинэ сонин мэдээ нь Тувагийн Кызыл хотыг Эрдэнэттэй холбож, улмаар Элэгэстийн нүүрсийг Хятадад гаргах зорилготой Монголын хойд төмөр замын төслийг удалгүй эхлүүлэх тухай Орос, Хятадын холбогдох байгууллагуудтай тохирсон тухай байлаа.

Гэтэл үгийнхээ төгсгөлд сайд “Чингис ланд девелопмент” гэдэг нэртэй, бүс нутгийн төслийг шүүхийн шийдвэрээр зогсоосон гэж албан ёсоор мэдээлэв. Том төсөл бүр нь хэрүүл, шүүх дагуулаад байхаар Монголын төр засгийн чадварт итгэхэд хэцүү байгаа нь дахиад ажиглагдлаа.

Энэ чуулганаар Оюутолгойн газар доорх олборлолт амжилттай эхэлж буй тухай мэдээллийг эс тооцвол уул уурхайн салбарын тухай харьцангуй бага ярьсан юм. Түүний оронд томоохон дэд бүтцийн болон хотжуулалтын хөрөнгө оруулалт, банк санхүү, үндсэн хөрөнгө, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, боловсрол, судалгаа ба хөгжлийн тухай голчлон ярилцаж ямар боломж, сорилт байгааг хэлэлцэв.

ДҮГНЭЖ БОДОХОД...

Хонконг бол бүс нутгийн бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том төв. Өндөр хөгжилтэй, мөнгө санхүүгийн асар их боломжтой, дэлхийн бараг бүхий л том компанийн бүс нутгийн оффис байдаг, хууль журам ба засаг захиргааны байгууллагууд нь хослон ажилладаг газар юм. Тийм ч учраас монголчууд өнөөг хүртэл Хонконгоос ихээхэн хөрөнгө татсаар ирсэн билээ.

Энэ уулзалтад цаашид ч оролцох, ялангуяа Хонконгод суугаа Монголын Ерөнхий консулын газар идэвхтэй хамтран ажиллах, сайн бэлдэх, эцсийн үр өгөөжийг нэмэгдүүлж, зөвхөн уул уурхай гэхгүй бусад бүх салбарт гадаадын хөрөнгө оруулалт өргөнөөр татах, хувийн хэвшилтэй холбож өгөхийн тулд улам их ажиллах шаардлагатай байна. Манай улсын Ерөнхий консулын газар, гурван жилийн өмнө байгуулагдсан Хонконг дахь Монголын худалдааны танхимтай хамтран cap бүр тодорхой арга хэмжээ зохиох болсон нь сайшаалтай.

Гадаадад суугаа манай Элчин сайд нар, төлөөлөгчийн газрууд Монголд болж буй улс төр, эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон долоо хоног тутам англи болон тухайн улсын хэлээр хэвлэлийн мэдээлэл гаргах, цахим хуудсаа тогтмол шинэчилдэг болох шаардлагатай байна. Төр засгийн удирдлагууд өндөр зардалтай том айлчлал хийгээд л байдаг, хувийн хэвшилд унац нь бага, эсвэл зөвхөн цөөн хэдэн компани л мэдээд өнгөрдөг байж болохгүй шүү дээ.

Улсын зардлаар гадаадад сургалт, хурал зөвлөгөөнд явж буй төрийн ажилтнууд зардлыг нь гаргаж буй нийтийн сонирхлыг бус, хувийнхыгаа дагадаг болоод буй нь монголчуудад итгэх итгэлийг улам бууруулж байна.

УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн Хонконгод оччихсон атлаа уг чуулганд ирсэн ч үгүй, ирсэн зарим төр засгийн төлөөлөл нь үгээ хэлж дуусаагүй шахам гараад алга болчих юм. Тэд эдийн засгаа хямралд оруулчихсан мөртлөө ийм чухал асуудалд ямар хэмжээнд ач холбогдол өгч байгаа нь үүнээс харагдаж буй.

Гадаадад биднийг угаасаа хариуцлагагүй хүмүүс гэж харахад энэ мэт үйлдлүүд нөлөөлдөг. Монголын иргэд ч гадаадад хулгайн хэрэгт холбогдож буй нь манай үндэстний нэр төрд тусгүй хэрэг болж байна. Хонконгод л гэхэд хулгайн хэрэгт холбогдсон монголчуудын 70 хувь нь өмнө нь эх нутагтаа энэ төрлийн хэргээр шийтгэгдсэн байдаг гэж манай консул ярьж байлаа.

Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, сайн сайхан нэр хүндийн төлөө дээр доргүй, хүн бүхэн анхаарах учиртай. Хүн бүр хариуцсан үүргээ сайтар биелүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг, улс төр, бизнесийн орчин тогтвортой болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх юм.

Гадаадаас хөрөнгө татахгүйгээр аль нэг улс хөгжөөд байсныг Виктория оргилоос л лав хараагүй гэдэг.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn