Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хариуцлагатай намууд-хөгжлийн гарц
2015 оны 11 сарын 4 [Уншсан тоо: 34706]

МАН-аас санаачлан зохион байгуулсан “Тулгарах бэрхшээлээ хамтдаа тодорхойлж, туулах гарцыг хамтран эрэлхийлье” уриатай чуулганд өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн намууд оролцов. Их хуралд суудалтай болон суудалгүй намуудаас гадна ТББ-ын төлөөллүүд оролцсон тус чуулганы үеэр хэлсэн үгээ энд дэлгэрүүлж буулгалаа.

Монгол Улсын өмнө өдгөө олон бэрхшээл тулгараад байна. Эдгээр бэрхшээлээ аль нэг аргаар аргацаагаад өнгөрөх саад гэж үзэх үү, эсвэл оюун ухаан, хүч чадлаа шалгах сорилт хэмээн тунгаах уу гэдэгт асуудлын гогцоо нь байгаа юм.

Юуны өмнө чухамхүү ямар бэрхшээл тулгараад байгааг бид зөв тодорхойлж, үүсгэсэн гол шалтгааныг тогтоосны дараа арилгах учиртай. Түмэн асуудал тоочиж, тэднийгээ хүн төрөлхтнийг тэр чигт нь хамарсан бэрхшээл мэт номчирхох шаардлагагүй бөгөөд оросуудын хэлдгээр цоожгүй хаалгыг эвдэх (ломиться в открытую дверь) хэрэггүй, зүгээр татаад онгойлгоход болно.

Монголын өнөөгийн нийгэм дэх хамгийн том бэрхшээлүүд бол ядуурал, ажилгүйдэл болон нийгмийн эрүүл мэндийн хоцрогдол. Байгалийн баялгаа зөв, тэгш хуваарилж чадаагүйгээс цөөхөн хэдэн хүний гарт төвлөрөөд буй. Зах зээлийг зохицуулах үүрэгтэй төр засаг нь өөрөө тоглогч болчихоод байна. Төрийн, хараат бус хяналтгүй компаниуд олширч, төрөөс үнэ тогтоож буй нь хувийн хэвшлийн шударга өрсөлдөх боломжийг хааж, компаниуд өсөж томрохгүй, шинээр ажлын байр бий болгохгүй байна.

АЖИЛГҮЙ ХҮН ОРЛОГОГҮЙ, САНХҮҮГИЙН БОЛОМЖГҮЙ

Монголд амьдарч буй иргэдийн гуравны нэг нь ариутгаагүй ус ууж, хагас нь модон жорлон ашиглаж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн доройтлын суурь шалтгаан юм. Хот, суурин газруудын агаар өвөлдөө гамшгийн түвшинд хүрдгийг та одоо ч цонхоороо харж болно. Улаанбаатар хотод 40 мянган орон сууцны байр хоосон, түүнээс дөрөв дахин олон айл гэрт амьдарч буй нь зах зээлийн эрэлт хэрэгцээ ямар их гажуудсаныг бэлхнээ илтгэж байна.

Манай эдийн засгийн хамгийн гол бэрхшээл нь зөвхөн уул уурхайгаас үнэмлэхүй хамаардаг болчихсон явдал юм. Эдийн засгийн хөгжлийн хурд нь нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн борлуулалтын үнэ, хэмжээнээс бүхэлдээ шалтгаалдаг. Бусад салбарыг, түүний дотор хөдөө аж ахуй, аялал жуулчлал хөгжүүлэх тухай ихээхэн ярьж байгаа ч үр дүн нь эдийн засагт гоц гойд нөлөө үзүүлэхгүй, айл өрх бүрт хүртээмжгүй хэвээр байна. Уул уурхайгаас бусад салбарт эдийн засгийн өрсөлдөх чадвар бүрдэх болоогүй байна.

Харин улс төрийн хүрээн дэх гол бэрхшээл бол Монголын төр засгийн тогтворгүй байдал гэж болно. Монгол Улсын төрийн эрх мэдлийг намууд биш, намуудын доторх бүлэглэлүүд барьж буй нь эвслийн Засгийн газрыг богино наслуулах шалтгаан нь болсоор ирэв.

Намын бүлэглэлүүд хүчтэй байсаар буйн гол шалтгаан нь сонгуулийн үйл ажиллагаанд зориулсан санхүүжилтийн хэмжээн дэх ялгаа юм. Их хөрөнгө гаргасан бүлэглэл төр засгийн өндөр суудалд заларч, албан тушаалаа ашиглан нийтийн хөрөнгийг завшин, авлигаар зардлаа нөхдөг. Багавтар хөрөнгө гаргасан бүлэглэл дунд түвшний албан тушаалд томилогдоно.

Улсын төсөв, хөрөнгө оруулалт, тендер хэлбэрээр бүх фракцад дивидент хуваарилахад аль нэг нь чамлаж, дахин хуваахыг шаардах нь ч бий. Тэр бүлэглэл гэнэт хууль журам сахигч, ёс суртахуун, шударга ёс тогтоогч болж хувирдаг. Өөрийн намынхаа тэргүүлж буй Засгийн газрын томоохон шийдвэр, төслүүдийг эсэргүүцэж, бусад намын гомдогчидтой нэгдэж аваад ард түмний эрх ашиг ямар их алдагдаж буйг уран гоё үгээр ухуулж, бүхий л аргаар гацаах, зогсоох аргаа хэрэглэдэг.

НАМУУД ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ БОЛ ЯДУУРАЛ БУУРАХГҮЙ

Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд тулгараад байгаа дээрх бэрхшээлүүдийн гол шалтгаан бол авлига. Харин авлигын уг сурвалж нь улс төрийн намууд, тэдгээрийн санхүүжилтийн эх үүсвэр юм. Тиймээс улс төрийн намуудыг өөрчлөөгүй цагт улс орон хөгжихгүй, баян, ядуугийн зааг нэмэгдсээр, цаашид ч үргэлжилнэ.

Ардчилсан улсад төрийн эрх мэдлийг зөвхөн нам гэдэг институц улс төрийн сонгуульд ялж авдаг. Бие даасан нэр дэвшигч, хувь хүнд төрийн эрхийг өгдөггүй. Тийм учраас улс төрийн намууд, аль нэг удирдагч, хувь хүнээс хамаардаггүй институц болж хөгжих, эсэхээс улс орны хөгжил дэвшил шалтгаална.

Улс төрийн намууд дөрвөн чухал үүрэгтэй бөгөөд нэн тэргүүнд улс орноо удирдан чиглүүлэх бодлого, хөтөлбөрөө боловсруулсан байх ёстой. Монголын улс төрийн намуудын бодлого, хөтөлбөр нь онол, үзэл баримтлал, зарчимд биш харин хувийн сонирхол, сэтгэл хөдлөлд суурилсан хоосон амлалтууд байдаг.

АН-ын дарга асан Н.Алтанхуяг “Би тэр либерал, консерватив энэ тэрийг чинь ойлгодоггүй юм” (news.mn) гэсэн удаатай бол МАХН-ын дарга асан Б.Даш-Ёндон “Манай нам зүүний нам, ардчилсан социалист үзэл санаа баримталдаг нам гээд байгаа ч бодит амьдрал дээр барууны чиглэлийн нам болчихсон” (izn.mn) гэж ярьжээ.

Хоёрдугаарт, улс төрийн намууд нийгмийн хэрэгцээ шаардлагыг багцлан улс төрийн бодлогод хөрвүүлэх чадвартай байх ёстой. Тэгж чадваас намууд нийгэм, улс төр хоёрыг холбосон гүүр нь болдог.

Гэтэл нийгмийн хэрэгцээ, шаардлагыг судлан дүгнэж, үр өгөөжтэй арга хэмжээ авахын оронд төрийн эрх мэдэлд хүрмэгцээ нийтийн хөрөнгөөр намынхаа бүлэглэлүүдийн өр, зардлыг нөхөхөө нэн тэргүүнд тавьдаг. Улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ил тод, үнэн зөв болгох, хөндлөнгийн шалгалтад оруулах шаардлагатай байна.

Намуудын гурав дахь чухал үүрэг бол төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын боловсон хүчнийг сонгож, бэлдэх ажил юм. Гэтэл манай улсад төр засгийн боловсон хүчнээ авьяас, чадвараар нь биш танил тал, нутаг, сургууль, зөөлөн чихээр нь бүрдүүлж ирсэн учир засгийн ажил гацаж, саатдаг болжээ. Нэг сул дарга, хоёр сул орлогч авдаг Паркинсоны хуулиар төр засгийн орон тоо үргэлж данхайж ирэв.

Намуудын удирдах боловсон хүчинд ам, ажил нь нэгдмэл, хувийн сонирхлоо нийтийнхээс дээгүүр тавьдаггүй, ёс зүйн хариуцлагатай манлайлагчид багтах ёстой. Гишүүд ч тийм байхыг шаардах учиртай атал тэдний үл бүтэх үйлдлийг хүлээн зөвшөөрч, зарим нь бүр хуйвалдан найрсаар “зэрэг нэмэх” өдрөө чимээгүйхэн хүлээдэг. Чимээтэй нэгийг нь аль нэг газрын орлогч, зөвлөгчийн орон тоо шинээр бий болгон томилж, амыг нь таглаж байна.

Намуудын дөрөв дэх үүрэг бол сонгуулийн үр дүнгээс хамаараад төр засгийн эрхийг барих, эсвэл хянах ажил юм. Манай улсын бодит байдалд сонгуулийн тойргийн систем нь тохироогүй учир үргэлж л эвслийн Засгийн газар байгуулах боллоо. Улс төрийн хүчтэй сөрөг хүчин байхгүй учир хяналт шалгалтын механизм нь ч үгүй болж. Үр дүнд нь Монголын Засгийн газарт чадвар муу, алсын хараагүй, үрэлгэн гишүүд, авлига гүн шингэжээ.

Эрх баригч эвслийн хүчний статус- кво жил орчим болоод алдагдаж, хусмаа чамласан бүлэглэлүүд нь Засгийн газраа унагааж, эрх мэдэл, албан тушаалын дахин хуваарилалт эхлүүлж, Засгийн газрын бүрэлдэхүүнээс гадна бүтцийг нь өөрчилж байна.

Монголд улс төрийн намууд дээрх дөрвөн үүргээ сайн биелүүлэгч институц болж төлөвшин бэхжихээс улс орны ирээдүй хамаарна. Тэгж чадахгүй бол улс төрийн тавцангаас эрт орой хэзээ нэгэн цагт арчигдан хаягдаж, халааг нь шинэ намууд авах юм.

Улс төрийн намууд Монголын өнөөгийн бэрхшээлүүдийг саад биш, сорилт гэж хүлээн авахыг иргэд хүлээж байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn