Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Модон жорлон ба Монголын ирээдүй
2015 оны 10 сарын 28 [Уншсан тоо: 46151]

Японы нэг банкны ажилтны олгосон зээл бүр нь амжилттай болж, хүү нь ч цагтаа төлөгддөг байж. Тэтгэвэрт гарахдаа тэр нууцаа дэлгэжээ. Тэрбээр зөвхөн эмэгтэй хүнд зээл олгож байсан бөгөөд шийдвэр гаргахаасаа өмнө зээл хүсэгчийн гэрт очиж юуны түрүүнд жорлон, хувцасны шүүгээ, гал зуухны өрөөг нь үздэг байсан гэнэ. Тэдгээр нь цэвэр биш, замбараагүй бол зээл олгохгүй гэсэн дүрэм тогтоон мөрддөг байжээ.

Үнэхээр л тухайн айл, албан газрын бие засах газар (жорлонгийн) нь хүмүүсийнх нь ахуйн соёл, ариун цэвэр, ажил төрлийн байдал, боломж бололцоог бодитойгоор харуулагч толь юм.

Монгол хүн бүр улс орноо, оршин суугаа хот суурингаа, өөрсдийгөө энэ толинд нэг удаа ч гэсэн тогтон харж, ахуй орчин, ариун цэврээ бодитоор нь дүгнэн, хамтран ярилцаж, зарим арга хэмжээг яаралтай авах цаг аль хэдийнэ болжээ.

Төр засаг, орон нутгийн ихэнх удирдлага нь жорлонгийн асуудлаа шийдэх нь битгий хэл, энэ тухай ярихаасаа ч цааргалж ирэв. Он удаан жил дээр дооргүй анзаараагүй дүр эсгэн явсны гайгаар манай нийгмийн эрүүл мэндийн байдал иргэд биднийг түгшүүрийн харанга дэлдэхэд хүргээд байна.Монголын гурван сая хүн амын хагас нь Улаанбаатар, таван хувь нь Дархан-Уул, гурван хувь нь Орхон аймагт оршин суудаг бөгөөд тэдний талаас илүү нь гэр хороололд амьдарч буй. Үлдсэн 1.2 сая иргэний гуравны нэг нь аймаг, сумын төвүүдэд, 750 орчим мянган хүн хөдөө амьдарч бэлчээр өвсний аяыг дагаж мал сүргээ хариулан нүүдэллэдэг. Оршин суугаа байршлаасаа хамаарч хүн амын 45 хувь нь нүх ухаад, дээр нь голдуу модоор амбаар босгосон, эсвэл таар шуудайгаар халхалсан ил жорлон ашиглаж (хамтатгаад модон жорлон гэх), 65 хувь нь цэвэрлэж ариутгасан ус хоол ундандаа хэрэглэж байна.

Шинэ зуун эхэлснээс хойших 15 жилд Монголын хот, суурин газруудад олон мянган орон сууц баригдсан ч модон жорлон хэрэглэгчдийн тоо дөнгөж гурван хувиар буурсан судалгааг НҮБ-аас гаргажээ. Усаар зайлдаг жорлонгийн (боловсон жорлон) хэрэглээгээрээ Монгол Улс өнөөдөр Хойд Солонгосын ард жагсаж буй тухай “Потемкиний тосгон” нийтлэлдээ би өмнө нь дурдаж байсан.

Хүн амын ахуйн соёлыг илэрхийлсэн модон жорлонгийн тухай монгол хүн бүр мэддэг, үүнийг өөрчлөх тухай боддог ч, энэ асуудлыг хэрхэн шийдэхээ хэлэлцэж ярилцах нэгэн алга. Ариун цэврийн өрөө, байгууламж зэрэг гоёдсон нэр томьёо хэрэглэхгүйгээр бодит байдлыг ил тод ярилцаж, модон жорлон хувь хүний болон нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж буй, үүнийг яаж засах тухай өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй юм.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЗЭГ ЦЭГ

Хөгжиж буй орны нийгмийн эрүүл мэндийн байдалд ус, агаарын чанараас гадна дийлэнх иргэдийн хэрэглэж буй бие засах газрын ариун цэврийн нөхцөл онцгой үүрэгтэй.

Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж буй модон жорлон, ялангуяа сургууль, цэцэрлэгийн жорлонгууд манай улсын ирээдүй, залуу үеийн эрүүл мэнд, ахуйн соёлд сөргөөр нөлөөлж байна. Үр хүүхдүүд маань хүйтэн, харанхуйд гадагшаа гарахаасаа халширснаас шээсээ барьж, эсвэл халдварт өвчин тусаж байгааг хараад л суугаад байхуу?

Модон жорлон дээр суусан ялаа хоол хүнс рүү дамжиж нисэхдээ гэдэсний халдварт өвчний нян түгээдгийн нэг нь и-коли (e-coli). Үүгээр халдварласан хүүхэд удалгүй өвдөж, эмнэлэгт очиж эм тариа хийлгэвч ахуй ор-чин нь өөрчлөгдөөгүй бол дахиад л өвчин тусдаг.

Хүүхдийн нарийн гэдсэнд байршсан нян гэдэсний ханын дархлааны хариу урвалыг өөрчлөн, гэдэсний эмгэг (тропик энтеропати) үүсгэдэг.
Улмаар нарийн гэдэсний хатангиршил болж хоол тэжээлээ шимж авах чадвар нь буурснаар хүүхдийн өсөлт сааран, давжаардаг. Модон жорлонгийн ялгадас үерийн дараа хот, суурин газраар халин тарж, хатаад тоосожсоноор нянгууд нь агаараар дам-жин өвчин түгээсээр байгаа.

Модон жорлонг халж эрүүл ахуйн дэд бүтцийг цоо шинээр тавих шаардлагатай байна. Тэр хүртэл иргэд зан үйлээ өөрчилж, наад зах нь гараа тогтмол угаадаг болчихвол нян дамжих эрсдэл олон дахин буурна.

Ард иргэддээ жорлонгоос гаралтай нянгийн халдварын тухай, гараа тогтмол цэвэр байлгахын ач холбогдлыг ухуулах ажлыг сум, дүүргийн анхан шатны эмнэлгүүд идэвхжүүлэх шаардлагатай байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өвчилсөн хойно нь эмчилснээс олон дахин хямд гэдэг нь дамжиггүй.

ХӨВСГӨЛИЙН ТУРШИЛТ

Монголын хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт хүүхдийн жорлонгийн нөхцөлийг сайжруулах талаар тодорхой ажил эхлүүлжээ. Хүүхдүүдийнх нь 70 хувь нь цэцэрлэгт хамрагддаг ч байрны хүрэлцээ муу, Мөрөн хотод гэхэд нэг бүлэгт 3,040 хүүхэд ногдож буй нь яамнаас тогтоосон хэмжээнээс хоёр дахин олон аж. 24 сумын ихэнх цэцэрлэг нь гаднаа модон жорлонтой учир хасах дөчин хэм хүрдэг өвөлтэй тус аймгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, тав туханд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна.

3,800 хүнтэй Түнхэл сумын ганц цэцэрлэг 175 хүүхэдтэй бөгөөд хөдөө багуудаар зуны сард хоёр гэр барьж, явуулын цэцэрлэг ажиллуулдаг гэнэ. Энэ цэцэрлэгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас (UNICEF) агааржуулагч, тусгаарласан жижиг цоорхойтой, сайжруулсан модон жорлонтой болгосон аж.

Мөн сумын дунд сургуулийн эрэгтэй, эмэгтэй сурагчдын дотуур байр тус бүрт ачааны чингэлэгт багтаан боловсон жорлон, бас усанд орох шүршүүр /чингэлэг жорлон/ барьж өгсөн байна. НҮБ-ын Хүүхдийн сан энэ аймагт төвлөрч, модон жорлонг халах туршилтын төсөл хэрэгжүүлэн бусад аймагт туршлага түгээхээр зорьж буй.

Тус аймгийн 12 сумын сургуулийн дотуур байр, цэцэрлэгүүдэд сайжруулсан 26 жорлон (тус бүрийн өртөг нь 25 сая орчим төгрөг), 13 чингэлэгт жорлон (тус бүрийн өртөг 60 орчим сая төгрөг), найман боловсон жорлон барьж өгчээ. Зургаан суманд нь шинээр худаг гаргах шаардлага тулгарсан байна.

Нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ төсөл харанхуй, хүйтэнд гадаа жорлонд бие засдаг байсан хүүхдүүдийн амьдарч сурах нөхцөлийг эрс сайжруулж, тэдний эрүүл мэнд, тав тух, сурлагын байдалд эерэг нөлөө үзүүлж буй тухай нутгийн удирдлагууд, багш нар нь ярьж байна.

Аймгийн удирдлагууд ч энэхүү Хүүхдийн сантай хамтран орон нутгийг хөгжүүлэх сангаасаа хөрөнгө гаргаж, бусад сумын болон Хатгал тосгоны сургууль, цэцэрлэгийн жорлонг сайжруулж байгаа аж.

XIX зууны дундуур Англид бохир усаа цонхоороо цацдаг, жорлонгоо Темез гол руугаа асгадаг байснаас “Их өмхий” (Great stink) болж, Лондон хотын дэд бүтцийг цоо шинээр барьж байгуулан аажмаар түүнээс ангижирчээ. Оршин суугчдын зан үйл ч өөрчлөгдөж англичуудын дундаж наслалт 10 жилээр нэмэгдсэн түүхтэй.

Түүн шиг Монголын хот, суурин газруудын гэр хорооллыг бүхэлд нь орон сууцаар хангах урт хугацааны ажлыг өрнүүлэхийн зэрэгцээ харьцангуй хямд төсөр зардалтай, сайжруулсан жорлон барьж ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд онцгой сайн нөлөө үзүүлэх юм.

Бяцхан хүүхдүүдээ халдварт өвчин тусгаж, эрүүл, бүтээлч иргэн болж өсөх боломжийг нь хязгаарлаж буй модон жорлонгуудыг орчин үеийн шаардлагад нийцүүлэхийн тулд тавин жилийн өмнөх “соёлын довтолгоо” шиг нийтийн эрүүл мэндийг эрс сайжруулах “боловсон жорлонгийн довтолгоо” эхлүүлэх цаг иржээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив