Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дээд боловсрол таны хөрөнгө оруулалт
2015 оны 9 сарын 9 [Уншсан тоо: 70350]

Хувь хүн наад зах нь уншиж бичиж чаддаг болж, дараа нь бүрэн дунд боловсрол эзэмшиж байж аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгож, амьдралаа сайжруулахад ашиглаж эхэлдэг. Харин дээд боловсролыг бүх хүн заавал эзэмших албагүй. Гэвч бараг хүн бүр аль нэг их, дээд сургуульд сурч, дипломтой болохыг хүсдэг. Учир нь зөвхөн их, дээд сургуулиуд л дээд боловсрол, нийтээр хүлээн зөвшөөрсөн тусгай диплом олгож, тухайн салбарт төгсөгчийг хүн төрөлхтний хуримтлуулсан мэддэгтэй танилцуулснаа баталгаажуулдаг.

Ер нь мэддэгийг дээд боловсролоор баталгаажуулсны дараа бүр хүчирхэг зэвсэг болдог бөгөөд нийгмийн хөгжил дэвшил өөрөө мэддэгт тулгуурласан байх, мэддэгээ тасралтгүй шинэчилж байхыг нийт иргэнээс шаарддаг. XXI зуунд мэдээлэл, харилцаа холбооны хувьсгалын үр шимийг дэлхий даяар хүртэх, улс орноо хөгжүүлэх хязгааргүй боломжийг бүх ард түмэнд олгоод байна. “Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчирхэг зэвсэг” гэж Нельсон Мандела хэлжээ.

Би 2009 оны есдүгээр сард “Дээд сургуулиудын зэрэглэл” гарчигтай нийтлэлээр Монголын дээд боловсрол ямархуу өгөөжтэй хөрөнгө оруулалт болохыг хөндөж, төгсөгчдийн гуравны нэг нь ажил олдог, үлдсэн нь хэзээ, яаж олдог тухай ямар ч мэдээлэл судалгаа байдаггүйг анхааруулж, Монголын их дээд сургуулиудыг чадварыг судлан, зэрэглэл тогтоох шаардлагатайг сануулж байлаа. Өнгөрсөн таван жилд юу өөрчлөгдсөн, ямар ахиц дэвшил гарч буй эсэх талаар Монголын нийгэмд ажил хэрэгч, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлага эдүгээ тулгараад байна.

ТЭНТЭР ТУНТАР ЯВДАЛТАЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД

Монгол Улсад дээд боловсролын эрэлт хэрэгцээ тасралтгүй өссөөр ирсэн нь нийлүүлэлтийг ч өдөөсөөр байна. Их дээд сургуулиудын тоо буурч байгаа ч " хүчин чадал нь нэмэгдсээр ирлээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар Монгол Улсын их дээд сургууль, коллежийн тоо 2002-2013 онд 44 хувиар багасаж 100 болсон ч суралцагсдын тоо бараг 80 хувиар өсөж 176 мянга болжээ. Энэ тоо 2015 онд 180 мянгад хүрсэн байна. Дээрх судалгааны арван жилд төрийн өмчийн сургуулиуд 40-15, хувийн өмчийн сургуулиуд 138-85 болж буурсан атал суралцагсдын тоо төрийн өмчийн сургуулиудад 60 хувь, харин хувийн өмчийнхөд бараг хоёр дахин, гадаадын сургуулиудад 15 хувиар өсжээ. 2013 оны байдлаар нийт суралцагсдын 60 хувь нь төрийн өмчийн их дээд сургуулиудад сурчээ.

Их дээд сургуульд суралцагсдын тооны өсөлт олон улсын дундаж өсөлттэй адилхан. Эдийн засагт үйлчилгээний салбар голлож, мэдлэгийн эдийн засаг хүчтэй хөгжиж буйтай шууд холбоотой ажээ. Мөн эдийн засгийн өсөлттэй ч холбоотойгоос гадна “Төрийн өмчийн сургуулиудын квотыг хязгаарлах хэрээр элсэж чадаагүй бүлэг төрийн бус өмчийн сургуульд орж байгаа” гэж дээрх судалгааны баг дүгнэжээ.

Монгол Улсын дээд боловсролын салбарт сургалтын чанараа дээшлүүлэх, хөтөлбөрөө илүү оновчтой болгох, засаглал болон сургуулиудын удирдлага, санхүүжилтийг сайжруулах, дээд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж АХБ-ны мэргэжилтнүүд 2011 онд дүгнэсэн байна. Энэ чиглэлээр тодорхой ажил хийж, их дээд сургуулиудыг байгууллын хувьд илүү чадавхтай болгох, боловсон хүчний бэлтгэлийг дээшлүүлэх, зарим тоног төхөөрөмж, хангах зөвлөгөө өгөх, хувийн болон төрийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээд боловсролын бодлогын орчинг сайжруулах зорилгоор 20 сая долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн гэрээг АХБ-тай Засгийн газар дөрвөн жилийн өмнө байгуулаад ажлаа уг нь бол эхэлжээ.Гэвч Монголын төр засгийн бодлого, яамны бүтэц бараг жил бүр өөрчлөгдөж, төслийг хариуцсан үндэсний зохицуулагч нь гэхэд л дөрвөн жилд дөрвөн удаа солигдсон нь манай их дээд сургуулиудыг байгууллын, болон сургалтын хувьд ч олон улсын стандартаар магадлан итгэмжлэх буюу тухайн төслийн хамгийн чухал агуулга нь бүрэн хэрэгжихгүй сунжирсаар байна. Үр дүнд нь их дээд сургуулиудын сургалтанд чанарын өөрчлөлт гарахгүй, төр нь оюутан бүрт сурлагын үр дүнгээс хамаарахгүй цалин өгч байгаа нь, дипломтой ажилгүйчүүдийн эгнээг үргэлжлүүлэн тэлсээр байгаа юм.

ЧАНСААГ ЧАМБАЙ БОЛГОХ НЬ

Монголын их дээд сургуулиудын чансааг тогтоох анхны оролдлогыг Forbes Mongolia сэтгүүл жилийн өмнө хийсэн билээ. Оюутнууд, тэдний эх эцэг нь ямар байгууллалаар дамжуулан хөрөнгө оруулалт хийж, тэр нь аль хэр өгөөжтэй байхаа тооцох эрхтэй. Тийм учраас их дээд сургуулиудын чанарт хөндлөнгийн дүгнэлт өгөх, залуучуудад мэргэжлээ сонгоход нь зүг чиг болгох зорилгоор хийсэн энэ судалгаа сургууль, оюутан, багш гэсэн гол гурван талаас нь асуудалд хандсан ажээ. Энэ чансаанд Монголын их дээд сургуулиудын гуравны нэгийг буюу гучийг нь хамруулснаас МУИС, ШУТИС, СЭЗДС цуван тэргүүлж, харин “Монос”, “Хүрээ” дээд сургууль сүүл мушгижээ.

Энэ судалгааны аргачлалыг цаашид боловсронгуй болгож, бүх сургуульдаа хамруулан, нийгмийн шаардлага, бизнесийн хэрэгцээг аль хэр хангаж буйг тогтоож, сургууль төгсөөд хэдэн хувь нь шууд, эсвэл 3- 6 сарын сарын дотор ажилд орсон, зарим бизнесийн сургуулийн хувьд болж өгвөл орсон ажлын дундаж цалингийн түвшнээр зэрэглэх гэх мэт тодорхой, тохирсон ангиллыг нэмж оруулах шаардлагатай байна. Мөн их дээд сургуулийн англи хэлний сургалтын үр дүн, сургалт бүр аль зэрэг интернет сүлжээнд хамарсан болох, судалгаа ба хөгжлийн бололцоо, өгөөж ямар байгааг тооцох цаг болжээ.

Мөн Монгол Улсад их дээд сургуулийн оюутан бүрт цалин өгөх замаар төрийн сургуулиудыг санхүүжүүлэхийн оронд дээд боловсролын зээлийн тогтолцоог бий болгож, төгссөний дараа цалингаасаа цувуулан төлдөг журам тогтоовол, оюутнуудыг сайн сурах, орлоготой ажилд ороход илүү түлхэц болох юм. Таван жилийн турш бэлдсэн бүтээгдэхүүний чанар гологдож, сайн борлохгүй, ихэнхийг нь зориулалтын бус чиглэлээр ашиглаад байвал тэр хөрөнгө оруулалт ашигтай биш л гэсэн үг.

Амьдралын хамгийн чухал хөрөнгө оруулалт болсон дээд боловсролын үнэлгээ Монголд тун хямд байгаа. Нэг нь төлсөн, нөгөө нь төлүүлсэн болж буй учир шилдэг бага нарыг бүрэн татаж чадахгүй байна. Монголчууд бидний мэдлэг, боловсрол бол эх орны маань хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын баталгаа мөн.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив