Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сайн хөршүүд сайн түншүүд болох замд
2015 оны 7 сарын 22 [Уншсан тоо: 96712]

Монгол Улсын газрын доорх баялаг нь томоохон хөрөнгө нь боловч түүнээс ч дутахгүй өөр нэг хөрөнгө бол газар зүйн байршил нь юм. Хоёр хөршийгөө, цаашид хоёр тивийг холбосон гүүр болж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд монголчууд сүүлийн арваад жил хичээн чармайж, олон том төсөл, төлөвлөгөө ярьж ирсэн ч бараг бүгд л сунжирсаар яг бариад авахуйц биелэгдсэн ажил тун бага аж.

Монгол, Орос, Хятад улсын Ерөнхийлөгч нар цуглан уулздаг болсноос хойш сайн хөршүүдийг сайн түншүүд болгох төслүүд арай шуурхай хэрэгжих итгэл төрүүлж байна. Саяхан Оросын Уфа хотод болсон ээлжит уулзалтын тухай “Синьхуа” агентлагийн мэдээлснээс үзвэл Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин торгоны замын хүрээнд ярьж тохиролцсоноо хөгжлийнхөө стратегитай холбож, хамтын ажиллагааны тодорхой төсөл яаралтай боловсруулахыг орон бүрийн Засгийн газрын холбогдох байгууллагуудад уриалжээ. Харин монголчууд дахиад л Засгийн газраа өөрчлөх болж талцан барилдахаар “өрж” эхэллээ.

Эдийн засгийн коридор болох тухайд Монголд эдүгээ бариад авах, яваад үзэх ганц төсөл нь баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам юм. Наадмын өмнөхөн энэ замаар хил гараад Хятадын Такешикэн боомтод хоноглоод эргэж Ховд, Өлгий хотоор орох боломж тохиов.

БАРУУН БҮСИЙН ЦОО ШИНЭ ГОЛ СУДАС

Монгол Улс хойд, урд хилийг холбосон Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн баруун бүсийн босоо тэнхлэгийн 743 км замаа барьж байгуулах ажлаа эхлүүлэн эдүгээ гуравны хоёрыг нь тавиад байна. Өмнө нь баригдсан, Өлгийгөөс Оросын хил хүртэл замыг хасаад үлдэж буй 635 км замаа барьчихвал Пакистаны Карачигаас Оросын Новосибирск хүртэл 6000 км-ийг автомашинаар туулж болох аж. Манай нутаг дээр энэ зам баригдсанаар 1997 онд 10 орон, хөгжлийн зургаан банкны хамтран эхлүүлсэн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн (CAREC) 4а хэсэг нь хэрэгжих юм.

Өнөөдөр Ховдоос Ярантын боомт хүртэл хурдны замаар машинаар давхиж болох (хоёр хэсэгт нийлээд гучаад км зам хараахан дуусаагүй) бөгөөд Ховдоос Өлгий хүртэлх 190 км замыг бариулах тендерийн ялагчийг Засгийн газар энэ сард зарлах аж. Монголын төр засаг үргэлж солигдон, шийдвэр гаргагч яам, тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүн нь түргэн өөрчлөгдөж, “шинэ удирдлага шинээр шүүрддэгийн” улмаас энэ чухал бүтээн байгуулалтын ажил олон жилээр сунжирч иржээ.

Нэг км зам барихад дунджаар 500 мянган ам.доллар болж буй бөгөөд нийт төсвийнх нь гуравны нэг орчмыг Монголын Засгийн газар, 10 хувь нь Азийн хөгжлийн банкны (АХБ) тусламж, тал нь АХБ, арваад хувь нь Хятадын “Эксим” банкны урт хугацаатай, бага хүүтэй зээл аж. Энэ зам нь Монгол Улсын болон Азийн авто замын стандарт, техникийн шаардлагад нийцсэн, зорчих хэсгийн өргөн нь долоо, хөвөөний өргөн 1.5-2 далангийн өргөн нь 10-11 метр юм байна. Ашиглалтын хугацааг 20 жил, 2032 он гэхэд өдөрт 5,000 хүртэл дотоод, гадаадын тээврийн хэрэгсэл зорчихоор тооцжээ.

Алтайн нурууг давж, 68 км урт Бодончийн хавцлаа даган урсах энэ замын 70 хувь нь далайн түвшнээс 2000 м өндөрт орших аж. 20-80 метр өргөнтэй хавцал, гол гэсэн хязгаарлагдмал орон зайд баригдсан бөгөөд голын голдирлыг 14 км газарт шилжүүлжээ. Бодончийн хавцалд 30-120 метр урт, нийт 720 метр урт 12 ширхэг шулуун болон муруй гүүр барьсан байна.

Ер нь огцом эргэлт, өгсүүр, налуу ихтэй энэ замаар хурдны хязгаар, авто замын хөдөлгөөний дүрмийг нарийн чанд мөрдөх шаардлагатай нь мэдрэгдэж байлаа. Тухай бүрт нь замын анхааруулсан тэмдэг, чиглэлийн самбар болон шөнийн гэрэлтүүлгийн ойлгогчтой хаалт хашилт хийсэн нь гадаадын хөгжилтэй орны дэд бүтцийг санагдуулж байв.

НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Зам дагаж хөгжил ирдэг. Энэ зам бүрэн тавигдсанаар Монголоор олон улсын транзит ачаа, зорчигч тээврийг дамжуулан нэвтрүүлэх, хил, гаалийн үйлчилгээг жигдрүүлэх, Азийн орнуудын хооронд олон улсын болон дотоодын худалдаа, зах зээлийг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх амин чухал ажил эхлэх аж. Баруун аймгуудын алслагдмал, дэлхийн зах зээлээс тусгаарлагдмал байдлыг арилгаж, орон нутгийн ард иргэдийн ядуурлыг бууруулахад юуны түрүүнд эерэг нөлөө үзүүлэх юм. Зам барилгын ажилд орон нутгийн 120 гаруй хүнийг жил бүр, харин 2015 онд 215 хүн ажиллуулж байна.

Төслийн зам дагуу байрлах Алтай, Манхан, Мөст суманд ундны усны байнгын эх үүсвэрийг баталгаажуулж худаг барих, ядуу болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжин хүлэмжинд ногоо яаж тарьж арчлах сургалтыг төсөл хэрэгжүүлэгч компаниуд зохион явуулжээ. Мөн замын байнгын засвар, арчлалтын тухай сургалт явуулсан нь зам барьж дууссаны дараа ажлын байраар хангахад дөхөмтэй юм. Зам барих явцад олдсон хүрэл зэвсгийн үеийн эд хэрэгслүүд, хиргэсүүр булш зэргийг нүүлгэн шилжүүлэх, хадгалах ажлыг холбогдох хуулийн хүрээнд хийжээ.

ШИНЭ БОЛОМЖУУД БА СОРИЛТУУД

Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын баруун бүс нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлыг шатах тослох материал, дугуй, сэлбэг хэрэгсэл, арчлалтын болон үйл ажиллагааны хөдөлмөрийн зардал, элэгдэл хорогдлыг бууруулснаар эрс багасгах юм. Энэ коридороор нэг удаа хөндлөн явахад (хатуу хучилтгүй байсантай харьцуулахад) дөрвөн дугуй нь зүтгүүртэй суудлын машинаар 190 ам.доллар, хүнд ачааны машинаар 334 ам.доллар хэмнэх гэнэ. Зорчих хугацааг бараг хоёр дахин хэмнэж, замын ослын тоо, түүнээс гарах хохирол эрс буурах юм.

Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын баруун бүс нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн малчид сумын төвтэй түргэн шуурхай холбогдож боловсролоо дээшлүүлэх, эмнэлгийн тусламж авах, байгалийн гамшиг осол тохиолдох, яаралтай тусламж үзүүлэхэд хурдан, хялбар болно. Түүнчлэн баруун болон төвийн бүсийн зах зээлийг холбогдсоноор бараа солилцооны эргэлт хурдасч, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Холын тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид амарч үдлэх тусгай зогсоол Монголд анх удаа барьсан нь зочид буудал, мотел, хоолны газар, хүнсний дэлгүүр зэрэг шинэ үйлчилгээ, стандартыг нэвтрүүлэх боломжийг орон нутгийн иргэдэд олгож байна. Гэвч олон улсын ачаа, зорчигч тээврийн гааль болон хилийн үйлчилгээг эхлүүлэн жигдрүүлэхэд гypван орны холбогдох байгууллагууд туршлага муу төдийгүй маш их ажил хийх шаардлагатай нь харагдаж буй.

Энэ зам баригдаж дуусаад, дээр нь баруун бүс өндөр хүчдэлийн цахилгааны сүлжээнд холбогдож чадвал Ховд, Баян-Өлгий, Увс аймаг хөгжиж, Ховд хот гурван зуу шахам жилийн дараа бүс нутагтаа төдийгүй олон улсын чанартай худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн томоохон зангилаа төв болж дахин сэргэн мандах юм.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn