Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
”ЭВСЭЛ” жүжгийн ээлжит төгсгөл
2015 оны 7 сарын 8 [Уншсан тоо: 136073]

Сонгуулийн өмнөх наадам ирлээ. Эвсэл нэрээр эрх мэдлээ барьцаалан тэнцүүлдэг Монголын улс төрийн намуудын ээлжит жүжиг өндөрлөх эцсийн хугацаа нь наадам билээ.

Ирэх сонгуульд ялгарч харагдахын тулд эвслийн намууд жилийн өмнөөс ядаж зайгаа барих, болж өгвөл лайгаа түлхэж, гавьяагаа татах ажлаа эхлүүлдэг.

Энэ удаа ч гэсэн долоон сартай уралдан Ардчилсан намын Үндэсний зөвлөл Засгийн газартаа гуйж оруулсан МАН-аа хөөж гаргах, долоон сайд, зургаан дэд сайдуудыг нь солихыг, харин уржигдар өглөө шинэ сайд нарыг гишүүн биш хүмүүс байлгах үүргийг УИХ дахь намын бүлэгтээ өгчээ. Улс төрийн тогоо улайсаад эхлэв.

Гэхдээ ээлжит жүжгийн төгсгөл энэ зөвлөлийн хүссэнээр, “илбэт зурхайн тушаалаар” өрнөдөггүй, бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөх яриа нь бүх засгаа огцруулж дуусдагийг Н.Алтанхуягийн Засгийн газрын уналт саяхан харуулсан.

Улс төрийн намуудын сонгуулийн настай бодлого, согогтой үйлийн үрээр Монголын Засгийн газар жил бүр солигдох болж, төсвийн алдагдал хирээс хэтэрч, түмэн олон гадаад, дотоодын өр зээлэнд багалзуурдуулан, эдийн засаг тасралтгүй хямарсаар байна. Харин хямралын төлбөрийг төр засгийн удирдлага биш, түмэн олон иргэд нь, түүний дотроос ядуучууд нь илүү төлж, мөнгөний болон ханшны уналтыг үүрсээр байна.

ЗАСГИЙН ГАЗРЫГ СОЛИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Монгол Улсын төрийн эрх мэдлийг аль нэг нам биш нам доторх аль нэг фракц барьж ирлээ.Төрийн албан тушаал, нийтийн хөрөнгийг төсөв, хөрөнгө оруулалт, тендер хэлбэрээр бүх фракцад хуваарилах явцад аль нэг нь чамлаж, өшөөгөө авахыг зорьдог. Тэгээд янз бүрийн арга хайж, гэнэт их хууль журам, ёс суртахуун, шударга ёс тогтоогч болж хувирдаг.

Засгийн газрынхаа томоохон шийдвэрүүд, төслүүдийг эсэргүүцэж, сөрөг хүчинтэй нэгдэж аваад ард түмний эрх ашиг ямар их алдагдаж буйг уран гоё үгээр ухуулж, бүхий л аргаар гацаах зогсоох аргаа хэрэглэдэг.

Тэртэй тэргүй, боловсон хүчнээ авьяас чадвараар нь биш арын хаалгаар бүрдүүлсэн Засгийн газрынх нь ажил ч төдхөн явж чадахгүй болдог.

Ганц хоёр эрдэс баялгийн үнэ унасан үед төсөв нь тасарсан Засгийн газар бүр амархан унадаг. Тэгмэгц эрх мэдэл, албан тушаалын дахин хуваарилалтыг эхлүүлж, өөрсдөдөө илүү ашигтай болгохын тулд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гадна бүтцийг нь ч бас өөрчилдөг.

Яг энэ схемээр ээлжит дахин хуваарилалт хийх, нэг жилийн хугацаанд ч хамаагүй өөрсдөө амжиж сайд болох горьдлоготой Их хурлын эрээвэр хураавар гишүүдийг ашиглан тодорхой фракцууд нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах гэж байна.
Ч.Сайханбилэгээс ч өмнө Монголын Засгийн газраар чадвар муу, алсын хараагүй, үрэлгэн, авлигатай байсныг ард нийтээр бүгд л мэдэж байгаа. Эдүгээ гадаад, дотоодын өрөнд бүрэн баригдаад хүүг нь ч төлж чадахгүй болж буйг Сангийн сайд нь саяхан УИХ дээр мэдэгдсэн.

Монгол Улс төсвөө гурав дахь удаа тодотгох шаардлага гарч байгаагаас ямархуу мэдлэг, чадвартай хүмүүсээр төр засгаа бариулж ирснээ ард иргэд мэдэж, эргэлзэхэд хүрлээ. 2014 оны төсөв өмнөх жилийн адил дахин нэг их наяд төгрөгийн алдагдалтай, төсвийн хөрөнгөөр барих 520 барилга байгууламжийн дөнгөж хагасыг нь босгожээ. Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 39 төсөл санхүүжихээр төсөвт тусгасны 29 нь ямар ч зураг, зөвшөөрөлгүй байсныг хариуцсан сайд нь УИХ дээр хэлж сууна.

Төсвийн төлөвлөгөө, биелэлт хоёр намуудынх нь амлалт, гүйцэтгэлийн адил газар тэнгэр шиг зөрүүтэй болчихов. Ганц Ардчилсан намын ч үед биш, Ардын намын үед ч ийм л байсан.

МОНГОЛЧУУД ХУВЬ ЗАЯАГАА СОНГОХ ЭРХТЭЙ

Өнөөг хүртэл төрийн эрхийг ээлжлэн, эсвэл эвсэн барьж ирсэн улс төрийн намууд Монголын төр засгийг инстиуц болгож чадсангүй. Хувь хүнээс хамаарч бүх бүтэц, бүрэлдэхүүн тогтмол өөрчлөгдөөд байгаа учир төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтад стандарт тогтоож, тогтсон хэсгийг нь хэрэгжүүлж чадахгүй байна.

Төрийн бүх эрх мэдлийг гартаа авч болдог улс төрийн намууд хамгийн түрүүнд институц болж хөгжих эсэхээс улс орны хөгжил дэвшил хамаарах боллоо. Улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан ил тод, үнэн зов байх, хөндлөнгийн шалгалтад оруулдаг болохоос төрийн интституцуудын (байгууллуудын) үр дүн хамаарах боллоо.

Улс төрийн намуудын удирдагчид бас ам ажил нь нийлдэг, хувийн сонирхлыг нийтийн сонирхлоос дээгүүр тавьдаггүй, ёс зүйн хариуцлагатай хүмүүс байх ёстой. Тэд намаа талцуулж биш нэгтгэн удирдах, ардчилал, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх замаар иргэдийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэх учиртай.

Намын гишүүд нь ч удирдлагаасаа тийм байхыг шаардаж, нийгмийг манлайлахын оронд үл бүтэх үйлдэл ба“түүх”-ийг нь хүлээн зөвшөөрч, зарим нь хуйвалдан найрсаар “зэрэг нэмэх” өдрөө чимээгүй хүлээнэ. Чимээтэй нэгийг нь аль нэг газрын орлогч, зөвлөгчийн орон тоо бий болгон бөглөж, амыг нь таглана.

Улс төрийн намууд тийм институц болж чадахгүй явсаар, иргэд тийм болохыг нь хүлээн цөхөрсөөр хориод жилийн нүүр үзлээ. Нэгэнт өөрчлөгдөж чадахгүй, чадваргүй болсон улс төрийн намуудыг ирэх жил монголчууд бид сонгохгүй байх эрхтэй. Төр засгийн эрхийг барьж чадах цоо шинэ улс төрийн хүчнийг төрүүлэх цаг болжээ.

Харин Засгийн газрын гишүүдийг солихгүй, бүтцээ өөрчлөхгүйгээр ганцхан жил тэсэхийг улс төрийн намуудад уриалж байна. Тэгээд ч гадаад, дотоодоос өр зээл нэмж тавихын оронд энэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гадаадын олон орноор явж тохироод байгаа том, том хөрөнгө оруулалт хийгдэхийг нь харах шаардлагатай байна. Tөp засгаа муу, сул байлгах нь дүүрч, ядаж тогтвортой байлгавал сайн байна. Муу дээрээ, ядаж муухай битгий байл даа, АН ба МАН минь ээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив