Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Авлигыг хязгаарласан хөрөнгийн зах зээл
2015 оны 6 сарын 24 [Уншсан тоо: 62132]
Монголбанк Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаасаа хойш гурван жилд ойролцоогоор 3.5 их наяд төгрөг хэвлэж, янз бүрийн хөтөлбөр нэрээр арилжааны банкуудаар дамжуулан эдийн засагт нийлүүлж ирлээ. Улсын төсвийн орлогын дөрөвний гуравтай тэнцэхүйц энэ их мөнгө зах зээлийн үнээс бараг гурав дахин хямд хүүгээр банкуудад очиж, тэд өөрсдийн зардал, ашгаа тооцон 3-4 хувиар өсгөн хэрэглэгчид зээлүүлдэг болов.

Ийнхүү арилжааны хэдхэн банк үнэ тогтворжуулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор тодорхой хугацаагүй, зээлүүлж чадахгүй бол буцаах гэх ямар нэг хязгаарлалтгүйгээр 5-6 хувийн хүүтэй олон тэрбум төгрөг авсаар байна. Банкууд энэ хөнгөлөлттэй зээлүүдээ иргэд, компаниудад дамжуулан олгох нь ноднингоос эрс багасчээ.

Өнгөрсөн оны эцсээр “Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-ийн хүрээнд зуугаад компани зээл авсан байна. Төсөлд хамрагдсан, тэгээд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлсэн ч тэр зээлээс авч чадахгүй байгаа компаниуд нь аргаа бараад нэгдэж “777-гийн бүлэг”-төрийн бус байгууллага байгуулж Засгийн газарт шахалт үзүүлэх, “алагчлахгүй” байхыг шаардан хэвлэлийн бага хурал хийлгэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСЫГ БАНКУУДААР ДАМЖУУЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ

Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдтэй зэрэгцээд Засгийн газар богино хугацаатай үнэт цаас буюу төгрөгийн өрийн бичиг маш ихээр гаргаж ирлээ. Засгийн газар урсгал зардлаа зээлээр төлөх болсон хэрэг. 2013 оны төсвийн жилд 2.5 их наяд төг, 2014 онд 2.6 их наяд төгрөгийн үнэт цаас гаргасан бол 2015 онд 3.4 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаас 2.1-ийг нь одоогоор гаргаад байна.

Энэ их өрийн бичгийг зөвхөн хэдхэн арилжааны банкууд худалдан авч ирсэн нь анхаарал татах боллоо. Арилжааны дөрөв таван банк эдийн засгийн суурь үнэ болдог Засгийн газрын үнэт цаасны хүүг “зохиомлоор” нэмэх болсон нь зах зээлийн бусад бүх хүүг түлхэн өсгөж байна. Арилжааны банкуудын зээлийн хүү маш өндөр, буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ юм.

Өнгөрсөн оны зургадугаар сард дунджаар 9 хувьтай байсан Засгийн газрын үнэт цаасны хүүг ердөө 3-4 сарын дотор банкууд 16-18 хувь хүртэл нь өсгөжээ.

Гэтэл энэ өндөр хүүг төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс тэргүүн ээлжинд санхүүжүүлдэг юм. ЗГҮЦ-ыг зөвхөн арилжааны банкаар дамжуулж хүүг өсгөх нь хэнд ашигтай, хэн тэр их ашгийг төлөөд байгааг эндээс харж болно. Хувийн салбар ашигтай байх нь зөв, гэхдээ төсвийн хөрөнгийг хэрэглэж байгаа бол иргэд бүхнийг мэдэх эрхтэй.

Монголын арилжааны аль, аль банк яг ямар шалгуураар хөнгөлөлттэй мөнгөнөөс авч байгаа тайланг Монголбанк нийтэд ойлгомжтой гаргадаггүй бөгөөд хувийн банкуудын нарийн мэдээллийг олон нийтэд дэлгэх ч шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ Засгийн газрын үнэт цаас бол иргэдээс хураасан татвараас төлдөг нийтийн хөрөнгө гэдгийг иргэд бид ч сайн ойлгохгүй, ярихгүй байна.

Арилжааны банкууд Монголбанкнаас маш хямд эх үүсвэр авчихаад, зээл өгөхөө ямар нэг шалтгаар хойшлуулан, ЗГҮЦ-ыг гурав, зургаан сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй худалдаж аваад, 10 хувийн ашигтай суугаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөх боллоо. Тийм биш гэдгийг тогтоох, хувийн банкууд нийтийн хөрөнгийг хэрхэн ашиглаж буйг хянах хөндлөнгийн аудитын механизм одоо хүртэл Монголд бүрдээгүй аж. Учир нь арилжааны бараг бүх банкны эзэд өөрсдөө хууль тогтоодог Их Хурлын гишүүн болдогтой холбоотой биш гэж үү?

Бараг бүх салбар эдийн засгийн хямралд өртөж, өрийн сүлжээнд баригдан, томоохон компаниуд нь ч цалингаа тавьж чадахгүйд хүрээд байхад арилжааны банкууд 2014 онд гэхэд 330 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь энэ салбар ямар их онцгой эрх, давуу талтай болохыг харуулж буй.

Хувийн салбар ашигтай байх нь зөв, гэхдээ төсвийн хөрөнгийг хэрэглэж байгаа бол иргэд бүхнийг мэдэх эрхтэй. Сарын хоёр хувь буюу жилд 24 хувиар авсан зээлийнхээ хүүг чардайн төлж буй хувийн компаниуд бүр ч ихийг мэдэх хүсэлтэй байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСЫГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ

Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг (төгрөгийн зээл) зөвхөн Монголбанкаар дамжуулан, зөвхөн хэдхэн арилжааны банк худалдан авдаг, компаниуд болон хувь хүмүүс авах боломжгүй явж ирснийг дээр өгүүлсэн. Харин өнгөрсөн оны эцсээр ЗГҮЦ-ны зарим хэсгийг Хөрөнгийн биржээр дамжуулах шийдвэр гарч, арилжааны банкуудын зуучлах эрхийг зогсоосон боловч СЗХ-ны шинэ дарга удалгүй сэргээжээ. Арилжааны банкууд монополь эрхээ сэргээснээр өнөөг хүртэл бүх гүйлгээг хийж байна.

Хөрөнгийн биржээр дамжуулсан хэдхэн сарын дотор хөрөнгийн зах зээлд 150 орчим дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид шинээр бүртгүүлж 80 орчим тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас худалдан авсан, одоо ч 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг авах захиалга ирчихээд байгаа тухай Хөрөнгийн биржийн удирдлагууд ярьж сууна.

Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас анх удаа дотооддоо зах зээлийн зарчмаар арилжигдах явцад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаж эхэлжээ. Улмаар Засгийн газрын үнэт цаасны хүү буурсан нь төсвийн зардалд эерэг нөлөөтэй юм. Нөгөө талаас Засгийн газрын үнэт цаасны хүүд төлөхөөр 2015 оны төсөвт тусгагдсан 700 тэр-бум төгрөгийг цөөхөн банкны хэд-хэн эзэн биш, олон мянган иргэн, компани хувааж авах зах зээлийн механизм бүрдэж байна.

Хөрөнгийн биржээс хамгийн баталгаатай төлөгддөг ЗГҮЦ-ыг, жишээ нь арилжааны ганц банкандаравхан хувийн хүүтэй байршуулсан, та бидний, Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр авах боломжтой гэсэн үг. Ер нь нийтийн хөрөнгийг хувийн хяналтад биш нийтийн хяналтад байлгах ганц зам бол хөрөнгийн зах зээл юм.

Нийтийн хөрөнгийг хувийн банкуудад хадгалуулахдаа шийдвэр гаргагчид ямар шан харамж авч буйг мэдэх боломжгүй. Харин Хөрөнгийн биржид худалдагч, худалдан авагч хоёр нүүр тулж уулзах боломжгүй учир авлигын зай завсар байхгүй юм.

Нийтийн хөрөнгийг хууль тогтоогчид завшиж буй өөр нэг жишээ нь эрхэм гишүүд 2014 оны хөрөнгө, орлогын тайландаа дурдсан компаниудын нэрээр Хөгжлийн банкнаас янз бүрийн төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан тухай саяхан http://www.mass. mn/n/36105 цахим хуудсанд гарсан мэдээлэл юм.

УИХ-ын гишүүд М.Энхболд 10, М.Гарамгайбаатар 30, С.Бямбацогт 23, Л.Энх-Амгалан 34, Ж.Энхбаяр 14 тэрбум, Су.Батболд 500, Н.Номтойбаяр 55 сая төгрөгийн зээл авчээ. Энэ үнэн үү? Их хурлын гишүүд өөрсдөө нийтийн хөрөнгөөс аваад байхыг хязгаарлах цаг болоогүй гэж үү, З.Энхболд дарга аа. Тэд нийтийн хөрөнгө завших гэж гишүүн болсон юм уу? Нийтийн хөрөнгөөс хүртмээр байгаа бол компаниудаа хувийн биш нийтийн буюу олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгож болно шүү дээ.

Нийтийн хөрөнгө зах зээлийн зарчмаараа, хөрөнгийн биржээр л дамжих ёстой. Хөрөнгийн бирж нь олон нийтийн хяналт тавихад хялбар, зах зээлийн шударга үнэ тогтоодог, авлигыг хязгаарладаг санхүүгийн зах зээл юм.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn