Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хямралын гол шалтгаан буюу худлаа үнэ
2015 оны 3 сарын 25 [Уншсан тоо: 68474]

Монгол улсын эдийн засаг бараг тасралтгүй хямарсаар хориод жилийг дамжив. Ээлж дараалан солигдох засгийн газрууд өөрсдийгөө содон нэрээр гоёдогч мөнгөний үнэгүйдэл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж чадсангүй.

Монголчууд хөрөнгө мөнгөө хуримтлуулахыг оролдсон ч арилжааны банкны хадгаламжын хүү нь инфляцид гүйцэгдээд байгаа учир бодит орлого нь бараг өсөхгүй явж ирлээ. Дээр нь төгрөгийн ханш үргэлж суларсаар, 2014 онд инфляцаас ч хоёр дахин их унаж эдүгээ нэг доллар 2000 төгрөгт хүрээд байна.
Эдийн засагт эргэлт дутагдаж буйг гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн, нүүрс, зэс, алтны үнэ унаж борлуулалт багасанаас болж буй гэж төр засгийн удирдлагууд ярьдаг. Ганцхан уул уурхайн салбараас хамаардаг манай улсын хувьд эдгээр шалтгаан нь бодьтой ч, Монголчууд бид хямралын хамгийн гол шалтгааныг ярихгүй, ялгаж салгахгүй байгаа юм. Энэ бол үнийг төрөөс хязгаарлаж буй архаг зуршил бөгөөд түүнийг бид тоохгүй, “өрөөнд байгаа зааныг” анзаарахгүй байна.

Монголд үнийг хэн тогтоодог бэ?

Аль ч оронд очсон өргөн хэрэглээний барааны үнэ, түүний өөрчлөлт нь тухайн улсын эдийн засгийн итгэл найдварын барометр юм. Хөрөнгө мөнгөө хулгайд алдах, дээрэмдүүлэх эрсдэл өндөр оронд хүн өөрийн хөрөнгөө нуугаад ил гаргахгүй. Гэтэл хөрөнгө мөнгө нь зөвхөн эргэлтэнд орж, хөдөлж байж үнэ цэнээ өсгөдөг буюу харилцан ашигтайгаар арилжан солилгддог байх учиртай. Энэ систем шудрага, авилгалгүй байгаа эсэхийг үнэ яаж, хэн тогтоож буйгаас харж болно.

Шудрага, хяналтгүй буюу эрэлт нийлүүлэлтээр тогтоогдсон үнэ бол эдийн засгийн оролцогчидод, түүний дотор хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчидэд шийдвэр гаргахад нь үнэн зөв дохио болдог. Энэ дохио бодьтой байж л хаана, юу, хэзээ яаж илүүдэлтэй эсвэл хомсдолтой байна, ямар боломж байгааг хардал, сэртэлгүй харж болдог.

Монголд өргөн хэрэглээний олон бараанд засгийн газар үнэ тогтоосоор явж ирлээ. Ард түмнииг хамгаалах, биенэсийг урамшуулах, дэмжих нэрийн доор үнэ тогтоох, хязгаарлах арга хэмжээнүүд авч явуулж буй нь эцсийн дүндээ төр засагтай холбоотой, шийдвэр гаргадаг хүмүүст л ашигтай тусч, тэдэнд хөрөнгө завших онцгой боломж олгодог.

Өргөн хэрэглээний үнийг хянаж ард түмнээ баячуудаас хамгаалах нэрээр хувьдаа ашиг хонжоо олох гэсэн далд зорилготой популистууд Монгол улсад улам бүр олширсоор байгааг газар тариалангын салбарын жишээн дээр харж болно.

Тариаланч, гурил үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хэн нь хождог бэ?

Монголын тариаланчид сүүлийн 20 жилийн дээд амжилт тогтоож 2014 онд 489 мянган тонн ургац авчихаад байхад улаанбуудайг ОХУ-аас импортлохыг тариалан эрхлэгчид энэ өдрүүдэд эсэргүүцэж байна.

Гэтэл гурилын үйлдвэрүүд Монголын улаанбуудайн цавуулаг нь 28 хувиас доогуур учир гадаадаас нөхөж авах шаардлагатай гэв. Өмнөх жилүүдэд тариланчидад нэг тонн буудайд 100 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байснаа энэ жил эдийн засгийн хямралаас болж 70 мянган төгрөгийг 2-р сарын эхэнд төрөөс олгожээ. Эндээс тооцоход хорин мянган тонн тариа хураахад 1.4 тэрбум төгрөг ногдож байна. Гэтэл 20 мянган тонн тариа импортоор оруулахад гурил үйлдвэрлэгчид гааль болон НӨАТатварт 1.4 тэрбум төгрөг төрд тушаажээ. Эхнийх нь төсөвт зарлага, хоёр дахь нь төсөвт орлого болж байна. Аль ашигтай байна? Тэгээд ч нэгийг нь дэмжих нэрээр, нөгөө салбарыг нь унагаж болохгүй.

Гурил үйлдвэрлэгчид тариаланчдаас цавуулаг сайтай улаанбуудайг нь ургац хураасны дараахан нь шилж авдаг. Он гараад цавуулаг муу гурил борлогдохгүй болмогц тариаланчид, гурилын үйлдвэрүүд, төр засгийн хооронд тариа импортлох эсэх тухай ширүүн маргаан жил бүр болдог. Төр засгийн шийдвэр нь лоббинуудын дунд гацсаар эцэст нь гурилын хомсдол бий болж чанар муу будааг гурилын үйлдвэрүүдэд шахдаг ажээ. Чанаргүй улаанбуудайгаар гурил үйлдвэрлэх гурван арга байдаг гэх. Нэгд, чанартай улаанбуудай гаднаас оруулж ирж, хольж тээрэмдэх, хоёрт ОХУ-аас оруулж ирж байгаа гурилтай цуг хольж чанарыг нь сайжруулах, гуравт, Хятадаас химийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирээд цавуулаг, өнгө зэргийг нь “будаж, засаад” иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг.
Өнөөдөр ийнхүү гурилан бүтээгдэхүүний үнэ цэнийн гинжин холбоосыг задлан харахад эцсийн эцэст тариаланч, гурил үйлдвэрлэгч нараас илүү татвар төлөгчид, хэрэглэгчид бүх алдагдлыг нь нөхөөд, шанд нь химийн будагтай жонхуу идэн эрүүл мэндээр хохирч байна.

Тэгээд хэн завшдаг бэ?

Үнэ буруу, худлаа учир авилгал улам томорч, түүний хирээр улам бүр өргөн хэмжээнд үнийг зохицуулах шаардлага гардаг. Зохицуулалтыг буюу урамшуулал, дэмжлэг, тэтгэлгийг давуу тал эдэлж ирсэн оролцогч бүр өөрөө л авах ёстой гэж тэмцдэг бөгөөд тус тусын ашиг сонирхолыг хамгаалсан улс төрийн шийдвэр гаргуулдаг.

Үр дүнд нь үнэ улам бүр гаждаг. Үнэ улам бүр худлаа болох тусам түүнийг нуун далдалж, бодит мэдээлэл, үр дүнг гуйвуулах сонирхол үнэ тогтоогч, эрх баригчидад бий болдог. Үнийг будлиулах нь зөвхөн эрх баригчид, тэдний хамсаатан болсон хуйвалдан завшигчидад л ашигтай.

Үнийг үнэн бодьтой байлгах буюу бүрэн чөлөөлж, эдийн засгийн эрэлт нийлүүлэлтээр тогтоож чадвал ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг хөгжүүлж болно. Монгол улсыг эдийн засгийг хямралаас гаргахад элдэв жонхуу, холион бантангүй, хяналт зохицуулалтгүй чөлөөт үнийн систем шаардлагатай байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn