Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Герман чанарын нууц
2015 оны 3 сарын 18 [Уншсан тоо: 76013]

"Германд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүний чанар, үнэ цэнэд эргэлзэх хэрэггүй. Тэндхийн машин, тоног төхөөрөмж, эм, үйлчилгээ алийг нь ч сонгосон бүгд л адилхан сэтгэл ханамж өгөх бөгөөд харьцангуй үнэтэй ч, харин баталгаатай.

Сайн чанарыг бүрдүүлэгч технологи, материал зэрэг олон хүчин зүйл байдгийн дотроос хамгийн чухал нь Герман хүний ур чадвар. Чухам тэр өндөр ур чадвараас нь болоод ажилгүйдэл эдүгээ зургаан хувь, залуусын ажилгүйдэл 7.2 хувьтай байна. Гэтэл 2014 оны байдлаар 25 хүртэлх насны залуучуудын ажилгүйдэл Испанид 54, Италид 44, Францад 24 хувьд хүрээд буй.

Тэр өндөр ур чадвараас болоод Германы бараг бүх бүтээгдэхүүн дэлхийн зах зээл рүү гардаг нь компани бүр нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвартайг харуулж байгаа юм. Компаниуд нь гадаадад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгч тодорхой хэсгийг нь заавал эх орондоо хийдгийн нууц нь Герман ажилчны онцлог ур чадвар гэж болно.

Тус улсын авьяаслаг инженер, угсрах шугамын өндөр зэрэглэлийн ажилчныг өөр хаана ч орлож чаддаггүй ажээ. Ажилчин бүр мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын үр дүн нь чанарын баталгаа болж чаддаг тул өндөр цалинтай, нэр хүнд сайтай нийгэмд чухал байр суурь эзэлдэг.

УР ЧАДВАРЫГ БҮТЭЭХ НЬ

Германд техник мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх арга зам нь манайхаас шал өөр. Мэргэжлийн сургалтыг төр засаг нь ажил олгогчтой анхнаас нь хамтарч хийдэг. Боловсрол болон мэргэжлийн сургалтыг онолын талаас мэргэжлийн сургууль нь, практик талаас нь аж ахуйн нэгж хариуцан өөрийн компанийн тоног төхөөрөмж дээрээ ажиллуулж, дадлагажуулдаг аж. Залуус эхлээд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж 3-3.5 жилийн хугацаагаар суралцан мэргэжлийн үнэмлэхээ авах, дараа нь ирж ажиллахаа тохиролцсоноор, суралцах хугацаанд нь тухайн компани тэтгэлэг олгодог гэнэ.

Харин Монголд мэргэжлийн сургалтыг аж ахуйн нэгжийн оролцоогүй, төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд бие даан хийгээд, суралцагсад төгссөнийхөө дараа л ажиллах газраа хайж эхэлдэг. Улсын сургуулиуд төгсөгчдөдөө ажлын байр олох ёстой нь залуучуудын хувь хүний үүрэг, хариуцлагыг бууруулдаг. Зүйрлэвэл, Герман анчин шувуугаа онилж бууддаг, Монгол нь шувуу таарах байх гэж тэнгэр өөд бууддаг гэсэн үг.

Монгол Улс техник мэргэжлийн боловсрол ба сургалтын 76 сургуулиа МСҮТ буюу мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв гэдэг. Тэдгээрийн гуравны нэг нь хувийн хэвшил, бусад нь төрийнх бөгөөд 32 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт бий. Өнгөрсөн онд нийт 42 мянган суралцагч байсны 10 мянга нь хувийн, бусад нь төрийн МСҮТ-д суралцжээ.

Харин Их, Дээд сургууль төгссөн 38 мянган хүний гуравны нэг нь, МСҮТ-ийн 18 мянган хүний дөчин хувь нь эхний жилдээ ажилтай болсон.

Жил бүр диплом, үнэмлэхтэй олон мянган залуус ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөж байхад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо Монголд 34 мянга бий гэж мэдээлдэг. Мөн гадаадаас 9,000 ажилчин ирдэг гэх ч үнэндээ жил бүр 30 мянган Хятад болон Хойд Солонгос ажилчин ажиллуулж ирэв. Тэд Монголчуудаас цалин нь бага атлаа ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат өндөр гэж ажил олгогчид үнэлдэг.

Мэргэжлийн сургалтыг төр болон хувийн хэвшил хамтран явуулдаг Германы тогтолцоо өөрийн онцлогтой. Аж ахуйн нэгж бүр мэргэжлийн сургалтын дадлагажуулах талбар болох сонирхолтой байдаг аж. Тэнд дийлэнх аж ахуйн нэгж жижиг, дунд буюу гэр бүлийн бизнестэй байдаг учир богино хугацаанд их ашиг олох хувьцаа эзэмшигчдийн шахалт бага, нэгэнт тогтсон компаниуд хүний нөөцдөө онцгой анхаарч, эхнээс нь ур чадварыг нь өсгөх сонирхолтой байдаг гэнэ. Мастер болох сургалт буюу мэргэжлийн зэргээ ахиулах дараачийн түвшний сургалт гэж бий. Германд тэр сургалтыг дүүргэж мэргэжлийн мастер (эзэн) цол авдаг бөгөөд зөвхөн мастер, өндөр ур чадвартай хүн л тухайн чиглэлээр бизнес эрхлэх аж ахуйн нэгжийн зөвшөөрөл авдаг. Хэн дуртай нь юу дуртай бизнесээ хийх нь “Германд үйлдвэрлэв” брэндийг унагана гэж үздэг юм байна. Тиймээс төр засгийн хувь оролцоотой Хөгжлийн банкнаас мастер болох сургалтын зээл өгөхдөө төгсөөд аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, улмаар ажлын байр бий болгон, хүн ажилд авсан бол үндсэн зээлийн гуравны нэгийг нь шууд чөлөөлдөг гэнэ. Энэ нь боловсролын, байгаа оносон зөв систем юм.

Аж ахуйн нэгж бүхэн заавал Танхимын гишүүн байх хуультай, гишүүн байх нь ч бүх талаараа ашигтай. Танхим нь аж ахуйн нэгж дэх мэргэжлийн сургалтын чанарт хяналт тавина. Мэргэжлийн ур чадварыг урамшуулсан энэ тогтолцооны үр дүнд төр засгаас бизнест оролцох нь эрс багасаж, төрийн түшээд бизнес хийх, ашиг сонирхлын зөрчилд орох ямар ч боломжгүй гэнэ.

НААШТАЙ ЭХЛЭЛҮҮД

Сүүлийн жилүүдэд Монголд төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн боловсролын байгууллагуудын төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийгдэж эхэлж байна. Мөн мэргэжилгүй, дунд насны ажил хайгчдад зориулсан мэргэшүүлэх иж бүрэн сургалтын хөтөлбөр дутагдаж буйг анхаарч байгаа. Ажлын байр бий болгох нь ядууралтай тэмцэх хамгийн шилдэг арга гэж үзэж буй.

Ашигт малтмалын салбарт л гэхэд түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт хийх төслийг Германы засгийн газраас Монголын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна. Баруун болон өмнөд бүсийн аймгууд болон Дархан, Говь сүмбэр болон Улаанбаатар хотуудад цахилгааны, үйлдвэрлэлийн болон барилгын техникч, сантехник, халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч, барилга угсралтын мужааны техникч зэрэг мэргэжлийн сургалт явуулах ажил эхлээд байна. Баруун болон өмнөд бүсийн аймгуудад цахилгааны, үйлдвэрлэлийн болон барилгын техникч, сантехник, халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч, барилга угсралтын мужааны техникч зэрэг мэргэжлийн сургалт явуулах ажил эхлээд байна. Ер нь энэ төрлийн сургалтыг төр засаг, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийдэг болчихвол өгөөж нь илүү байхсан даа.

Мэргэжлийн сургалтыг төр болон хувийн хэвшил хамтран явуулдаг тогтолцоо нь хоёр талдаа ашигтай. Төрийн хувьд өндөр өртөгтэй сургалтын техник хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй, өндөр мэргэжлийн чадвартай ажиллах хүч бэлдэж, цалин хөлс сайн, тогтвортой орлого, худалдан авах чадвар сайтай нийгмийн давхаргыг бүрдүүлснээр иргэдийн сэтгэл ханамж өсөж, хувийн компаниудын бүтээмж, өрсөлдөх чадвар дээшлэн татварын бааз суурь тэлдэг байна.

Хувийн хэвшлийн хувьд дадлагажигчид олгох цалин, зардлаа хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөр нөхөж, боловсон хүчний залгамж халаагаа өөрөө бэлтгэн баталгаажуулах, компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанараа хангахад тодорхой тус дэм болдог. Монголын техник мэргэжлийн сургалтыг төр, хувийн хэвшил хамтран явуулах цаг иржээ.

Берлин-Улаанбаатар

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив