Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шувуу ч бас буудаг
2015 оны 3 сарын 11 [Уншсан тоо: 61173]

Хориод жилийн өмнө “Жуулчин" компанийн дэд захирал байхдаа оролцдог байсан Берлиний аялал жуулчлалын ITВ үзэсгэлэнгийн танил хашаанд ороход аварга том (15 ханатай), улаан халзтай Монгол гэр өөрийн эрхгүй анхаарал татна. Гол павильоны дугуй байшингийн гаднах ханыг Монголын хангай, говийн байгаль, тэмээний зургаар тойруулан чимжээ. Цэнхэр өнгө, өлзий хээ хосолсон “Mongolia" гэсэн үгээр “бөөр"-өө чимэглэсэн таксинууд зам зуур давхих нь Берлин хот Монголоор амьсгалж буйг илтгэнэ.

Гол хаалгаар ормогц таван давхар орчим өндөр танхимын урсдаг шатны дунд МИАТ-ын онгоцны зураг, түүний доор нь үндэсний дээл, тоорцогтой Монгол эмэгтэйчүүд тосон угтлаа. Нийт 160 мянган ам метр талбайтай олон танхимын нэг хэсэгт аварга том гэрт Монголын танхим байрлаж, аялал жуулчлалын компаниуд тус тусын борлуулалтаа хийж байв. Цаахна нь Монгол хоолны газар ажиллаж үндэсний хоолоор үйлчилж байлаа.

Манай улс ITB үзэсгэлэнгийн албан ёсны түншээр анх удаагаа оролцож, үзэсгэлэнг нээн, 4,000 хүн цугласан танхимд нижгэр том, нэн сүрлэг урлагийн тоглолт хийснээр олон хүний сэтгэлийг Монгол руу татаж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч дотно, сайхан үг хэлж, хүн бүрийг л Монголд айлчлахыг биечлэн урьсан юм. Олон жилийн турш мөрөөдөж ирсэн сурталчилгаа ийнхүү амжилттай болж нэгэн сэтгүүлчийн хэлснээр “Монголын аялал жуулчлалын салбарт жигүүр ургууллаа".

Сурталчилгаач супер болов, их ч хөрөнгө, мөнгө зарцуулав. ITВ-гээс өмнө CNN, “National Geographic"-аар ч чамгүй мөнгө заран ерөнхий сурталчилгаагаа дэлхий даяар цацсан. Харин аялал жуулчлал хариуцсан сайд Д.Оюунхоролын хэлсэн нэг сая жуулчныг энэ зун Монголчууд хүлээн авахад бэлэн үү? Бүтээгдэхүүн маань ямар билээ?

Энэ асуултад хариулах амаргүй болохыг аялал жуулчлалын дотоод, гадаадын компанийн төлөөллүүд ярьж байлаа. Одоо бид хөрсөн дээрээ бууж аялал жуулчлалын салбараа бодитой дүгнэж, цаг алдалгүй засаж сайжруулах ажил их байна.

БҮДҮҮН БАРАГ БҮГЭЭГДЭХҮҮН

Бизнесийн ашгийг өсгөхөд маркетинг чухал үүрэгтэй. Маркетинг гэдэг нь бүтээгдэхүүн, үнэ, сурталчилгаа, байршил гэсэн дөрвөн хэсгээс (БСҮБ) бүрддэг. (4Р: Product, Price, Promotion and Placement) Сурталчилгаа нь сайхан ч, бүтээгдэхүүний чанар, үзэмж муу, үнэ өндөр бол байршил ямар ч байгаад борлуулалт муу байдаг. Ялангуяа дахин ирэх зочин цөөн. Аялал жуулчлалын салбар хөгжсөн оронд зочид хашраад яаран буцдаггүй, дахин дахин ирдэг, найз нөхдөдөө уриалдаг.

Байршлын хувьд Монгол Улсад баялаг түүх, нүүдэлчин соёлын хосгүй өв, үзэсгэлэнт онгон байгаль, өндөр уул, өргөн тал, цэнгэг нуур голтой төдийгүй уртын дуу, уянгат хөөмийтэй, зочломтгой хүн ард нь бол бий. Бүтээгдэхүүн буюу аялал жуулчлалын үйлчилгээний хувьд он удаан жил шийдээгүй, ужгирсан олон асуудал байгаа нь салбарын өрсөлдөх чадварыг алдагдуулсаар байна.

Монголд ирэх агаарын тээврийн үнэ, дэлхийн 17 дахь том газар нутаг дээр ирсэн хойноо зорчих дотоод нислэгийн олдоц хоёр сурталчилгаанаасаа алд, дэлэм зөрүүтэй аж. Монополь эрхтэй, төрийн өмчит гэх боловч эрх баригч намын мэдлийн МИАТ компани нь ганцхан нийлүүлэгчээс шатахуунаа гайхамшигтай өндөр үнээр авдаг, маркетингийг үл ойшоодог, бараг чиглэл бүртээ алдагдалтай, өрсөлдөгчөө өөчлөн арилгадаг, үндэсний гэх атлаа дотооддоо ч нисдэггүй агаарын тээвэрлэгч юм.

Монголын зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний чанар, хүртээмж хаврын тэнгэр шиг хувьсамтгай. Зуны гурван сардаа ихэнх нь үйл ажиллагаагаа жигдрүүлж чадахгүй хаадаг. Улаанбаатарын айл бүр халаасны өрөөндөө жуулчин буулгаж болдог. Зочид буудал, жуулчны бааз, хоолны газруудын үйлчилгээний стандарт, зэрэглэл гэж байдаггүй, хоосон ярьсан хорь гучин холбоо, хоёр жилийн насгүй яам, зөвлөл, агентлагууд л байх юм.

Аялал жуулчлалын компаниудын (tour operators) бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хоорондоо бараг ялгаагүй. Үйлчлэгч, орчуулагч нар нь мэдлэг, туршлага бага. Тур компаниудыг тээвэр, буудлын газрууд ч ялгадаггүй учир групп жуулчны багц үнийн хөнгөлөлт гэж өгөхөө больсон. Гадаадаас интернетээр захиалах, шууд очих, 100 хүн зэрэг буулгахад үнийн ялгаа бараг байхгүй. Бөөний болон жижиглэнгийн үнэ нь бараг зөрүүгүй, зун болтол үнийн хөнгөлөлтөө тур компанид өгдөггүй учир Монгол руу олон жуулчин группээр авчрах боломжгүй. Тийм учраас цөөхөн хүн ганц нэгээрээ л ирж, үүргэвчээ үүрэн аялах нь эдийн засгийн өгөөж бага. Үзвэр үйлчилгээ, цэнгээний газрын орлогод гадаадын жуулчид онцгой нөлөөлдөггүй хэвээр байна.

Аялал жуулчлалын статистик мэдээнд ч жуулчдыг ялгаж салгаж гаргадаггүй. 2014 онд Монголд ирээд буцсан 460 мянган “жуулчны" 80 хувь нь бизнесийн, эсвэл хуралд оролцогчид, Монголд ажиллагсад, дөнгөж 20 хувь нь л зорин ирсэн жуулчид гэсэн тооцоо бий.

Улаанбаатар хотод гадаадын жуулчдыг айлгаж сүрдүүлдэг, халаасыг нь хоослох явдал тасардаггүй. Автобус, таксины үйлчилгээ нь англи хэлээр биш, замын гэрэл дохио нь явган зорчигчдын эсрэг, хөдөө орон нутагт замын тэмдэг, чиглэл гэсэн ойлголт бүр байхгүй.

ЦАГ АЛДАХГҮЙ ХИЙХ АЖЛУУД

Засгийн газар Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Тогтвортой аялал жуулчлалын болон Тусгай сонирхлын аялал жуулчлалын төлөвлөгөө зэргээ яаралтай хэрэгжүүлж, явцыг нь хэмжих хэмжүүрээ тогтоох, биелэлтийг нь тогтмол шалган дүгнэж, засаж залруулах шаардлагатай байна.

Дэд бүтэц, ялангуяа гадаад, дотоодын агаарын тээврийн үйлчилгээг хангах, зочид буудал, жуулчны бааз, хөтлөгчийн үйлчилгээний үйл ажиллагааны стандартыг тогтоож мөрдүүлэх, чөлөөт шударга өрсөлдөөнийг хангаж чадвал энэ салбарын өрсөлдөх чадвар дээшилж улирлын хамаарал нь багасна. Ер нь далайд гарцгүй Монголын аялал жуулчлалын салбар нь гадаадаас аль хэр олон хүн агаараар тээвэрлэж чадахаас хамаарах бөгөөд зөвхөн “нээлттэй агаарын" буюу хүссэн компани бүрийг зөвшөөрч байж л амжилтад хүрдгийг дэлхийн бусад орны жишиг харуулж байна. Тэгсэн цагт л Монголд ирэх онгоцны тийзийн үнэ өрсөлдөхүйц буурч, олон зуун мянган хүн ирж, жуулчдын үйлчилгээний салбарт оруулах хувь нэмэр үлэмж дээшилнэ.

Сайн сурталчилгаа нь салбарт жигүүр өгсөн ч, бодит байдалдаа шүүмжлэлтэй хандах нь Монгол Улсыг зайлшгүй зорих орны нэг болгох, давтан ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал алхам болно.

Шувуу ч гэсэн буудаг шүү дээ.

Берлин, Улаанбаатар 2015.03.11

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn