Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цэнхэр шаазгайн цэцэн шагшраа
2015 оны 3 сарын 4 [Уншсан тоо: 49525]
1960-1990 онд эдийн засаг нь онцгой хурдтай өсөн (жил бүр долоогоос дээш хувь) үйлдвэржиж чадсан “Азийн бар” орнууд шинэ зуун гараад арваад жил өнгөрөхөд өрсөлдөх чадвараа сайжруулж, дэлхийн зах зээлд байр сууриа баттай олжээ. Алдарт дөрвийн хоёр нь (Хонконг, Сингапур) эдүгээ дэлхийн санхүүгийн тэргүүлэгч төв, нөгөө хоёр нь (Өмнөд Солонгос, Тайвань) мэдээллийн технологийн манлай үйлдвэрлэгчид болоод байна. Арваад жилийн дараа тэдгээрийн нэгд дахин саатах завшаан тохиож, үсрэнгүй хөгжлийнх нь шалтгаан, үр дагавар, өнөөгийн сорилтынх нь тухай тодруулан бичвэл монголчууд бид эдийн засгаа хэрхэн солонгоруулах тухай ухаан бодлоо уралдуулж байгаа энэ цагт бага ч болов нэмэр болох буй за. Газар нутаг нь 36 мянган ам метр буюу Дундговь аймгийн нутгаас хоёр дахин бага ч хүн ам нь манай улсынхаас 7.7 дахин олон Тайвань арлын бэлгэдэл-цэнхэр шаазгайн шагшрааг цэгнэн чагная.

ЭДИЙН ЗАСГИЙН ГАЙХАМШГИЙН ӨРНӨЛ

Тайванийн гайхалтай хөгжлийн суурийг япончуудын байгуулсан дэд бүтэц, Хятадаас авчирсан алт, Америкийн тусламж, төрийн зохицуулалттай зах зээл тавьсан гэдэг.

Япон улс 1895-1945 онд Тайванийг эзлэн захирч байхдаа боловсрол, эрүүл мэнд, авто, төмөр замын дэд бүтцийг бий болгожээ. Иргэд нь япон хэлээр ярьж, тэндхийн стандартыг үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбартаа нэвтрүүлсэн байна. Японы дэглэмийн тавин жилд хүн ам нь 2.5 дахин өсөж 6.6 саяд хүрчээ.

АНУ-аас 1950-1965 онд 1.5 тэрбум долларын эдийн засгийн, 2.4 тэрбум долларын цэргийн тусламжийг бараа, үйлдвэрийн түүхий эдээр нийлүүлж төсвөө бүрдүүлэхэд нь Засгийн газарт нь тусалжээ. Мөн АНУ-Хятадын хооронд дипломат харилцаа 1971 онд тогтоох хүртэл хамгийн орчин үеийн зэр зэвсэг нийлүүлж, бүх төрлийн армийн бие бүрэлдэхүүнийг нь бэлтгэн сургаж цэргийн тусламж үзүүлсэн гэнэ. Олон жилийн иргэний дайнд ялагдсан, Гоминьданы (Үндэсний намын) удирдагч Чан Кайши 1949 онд Тайвань арал руу дүрвэхдээ Хятадын Төвбанкны бүх нөөц буюу нийт 110 тонн алт, олон арван сая ам.долларыг Шанхайгаас нууцаар авч явжээ. 1949 оны зургадугаар сарын 15-нд Тайванийн банк Энэ алтаар баталгаажуулан шинэ мөнгөн дэвсгэрт гаргаж нэг шинэ тайвань долларыг 40.000 хуучин доллараар сольж япончууд явснаас хойш эхэлсэн супер инфляцыг зогсоосон байна.

50-иад оны эцсээр импортыг орлуулж, экспортыг дэмжсэн үйлдвэржүүлэх бодлого эхлүүлснээр Тайвань нь “Азийн бар”- ын гараагаа эхэлжээ. Олон улсын худалдаа өргөжин тэлж, хэдийгээр дипломат харилцаа байхгүй ч АНУ-ын худалдааны таатай нөхцөл олгох орнуудын жагсаалтад Тайванийг хамгийг түрүүнд оруулав. Тэндхийн үйлдвэрүүд өрсөлдөн, төрөлжиж эхэллээ. Хөдөө аж ахуйд ч экспортыг дэмжин, эхний үед элсэн чихэр, будаа, гадил, хан боргоцойг Япон руу нийлүүлж байсан бол удалгүй боловсруулсан хүнс, нэхмэл бүтээгдэхүүн, цахилгаан бараа, компьютер, химийн барааг олон улсын зах зээлд гаргаж, АНУ хамгийн том хэрэглэгч нь болжээ. Газрын тосны бүтээгдэхүүнээ бүхэлд нь гаднаас авдаг тул дэлхийн зах зээлийн үнээс Тайванийн эдийн засаг үргэлж хамаарч байв. Төрийн CPC компани газрын тос импортлох онцгой эрхийг 1996 он хүртэл эдлэн, жижиглэн түгээгчдэд нийлүүлж иржээ. Төрийн банк, компаниуд дэд бүтцийн том төслүүдийг хэрэгжүүлж, “Азийн бар” болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн хэдий ч эдийн засгийн бүх ололт амжилтын ард тайваньчуудын нөр их хөдөлмөр байсан юм.

АМЖИЛТ БА СОРИЛТУУД

Өдгөө Тайванийг (олон улсын харилцаанд Хятадын Тайбэй гэх болсон) дэлхийн 20 дахь том эдийн засаг төдийгүй нэг хүнд ногдох ДНБ нь 20.000 ам.долларт хүрсэн хөгжингүй капиталист гэж тодотгох болжээ. Тайваньчуудын дундаж нас 79-д хүрсэн ч хүн амын цэвэр өсөлтөөрөө дэлхийн сүүлийг мушгиж байна.

Тайванийн төр засгийг 2000-2008 онд Ардчилсан дэвшилт нам авснаас бусад бүх үед KMТ-Үндэсний нам дагнан удирдаж иржээ. Гэтэл гурван сарын өмнө Тайбэй хотын даргад бие даан нэр дэвшсэн их сургуулийн профессор Ко ялсан нь улс төрийн шуурга эхлүүлэв.

Инфляц сүүлийн 55 жилд дунджаар дөрвөн хувь байсан бол мөнгөний ханш нь тогтвортой (нэг ам.доллар 1960 онд 40, 1990 онд 25, 2015 онд 30) байж иржээ. Харин дундаж цалин огт нэмэгдэхгүй арваад жил болсон нь өндөр мэргэжилтэй иргэдээ гадагш алдахад хүргээд байна. Сүүлийн арваад жилд орлого нь өсөөгүй, гэтэл үндсэн хөрөнгийн үнэ хэд дахин нэмэгдсэнээр ялангуяа залуучуудад орон сууц худалдан авах боломж тун хомсоджээ.

ДНБ-ий гуравны нэгийг эзэлж байсан (1952 онд) хөдөө аж ахуй эдүгээ гурван хувь болж, үйлчилгээний салбар 73 хувийг эзэлж байна. Хөдөлмөр түлхүү шингэсэн аж үйлдвэрийн уламжлалт салбарууд гадаадад гарч, хөрөнгө, технологи түлхүү шингэсэн хэлбэрүүдээр солигдсон байна. Тайванийн эдийн засаг өнөөдөр дэлхийн электроникийн салбарын үнэ цэнийн хэлхээний (электрон эд анги, компьютер) бүрэлдэхүүн хэсэг нь болов. 1970-1990 онд хурдны зам, цахилгаан дамжуулах сүлжээ, төмөр зам, онгоцны буудал, далайн боомт, ган, хөлөг онгоц болон газрын тос нэрэх үйлдвэр, аж үйлдвэрийн парк, атомын цахилгаан станц барих арван том төсөл хэрэгжүүлснээр Тайвань шинэ-үйлдвэржсэн орон гэгдээд байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах бодлогыг 1990 оноос эхлэн хэрэгжүүлсэн юм.

Өдгөө Тайвань эдийн засгаа мэдлэгт суурилсан үйлчилгээ болгон хувиргаж байна. Бүх салбарын программ (software), компьютер бүтээх, мэдээллийн өгөгдлийг боловсруулах (data processing), судалгаа шинжилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэн, улмаар гадаадаас эдгээр чиглэлээр хэрэглэгч татах, аялал жуулчлал хөгжүүлэх бодлогоо амжилттай баримталж байна. Их, дээд сургуулиудаа гадаадаас оюутан авахыг дэмжин, тэтгэлэг олгосноор урт, богино хугацаагаар суралцахаар ирсэн гадаадын иргэдийн тоо 50 мянгад хүрсэн бол 2020 онд 130 мянга болох тооцоотой аж. Монголоос гэхэд л 1000 орчим залуус үүнд багтаж мэргэжлээсээ гадна англи болон хятад хэлийг хамтад нь суралцаж, манай олон иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар тус арлыг зорьдог болсон байна.

“НАЙЗ, БАС ДАЙСАН”

Хятад улс Тайванийг өөрийн бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. “Нэг Хятад” бодлогыг нь бараг бүх орон, Монгол Улс ч бас хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бүх орон Тайваньтай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж байна. Тайванийн компаниуд Азийн олон оронд хамгийн том хөрөнгө оруулагчид болжээ. Гадаадад Тайбэй хотын эдийн засаг, худалдаа, соёлын төлөөлөгчийн газар байгуулан тухайн оронтой харилцаж байна. Ардчилсан нам 2000 онд төрийн эрхэнд гармагц Хятадын тухай тодорхойлолтоо шинэчилж, газрын зураг дээрээ Монгол Улсыг салган хэвлэн, сурах бичгээ өөрчилж, Монголын паспортыг хүлээн зөвшөөрөн, холбогдох хууль журмаараа зохицуулснаар хоёр талаас иргэд чөлөөтэй зорчих болсон юм. Удалгүй Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраа Монголд байгуулах зөвшөөрөл авснаар хоёр талын харилцаа сайжирсаар өдий хүрэв.

Шууд нислэгтэй болсон нь Хятадаас Тайваньд очих жуулчдын тоог эрс өсгөж, зөвхөн Цагаан сарын амралтаар 75 мянгад хүрсэн байна. Тайванийн нэг ажил хэрэгч залуу “чамайг үгүйсгэдэг ч, хамтрах нь ашигтай” учраас “түнш, бас дайсан” гэж Хятадыг “дүгнэв”.

Үзэсгэлэнт арлын цэнхэр шаазгай үүх түүхээ хуучлан, өнөө маргаашаа хүүрнэн шагширснаас товчлон хүргэхэд ийм байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив