Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Науругийн түүх
2014 оны 10 сарын 8 [Уншсан тоо: 113771]
 Нэгэн цагт дэлхийн хамгийн баян оронд тооцогдож байсан Науру улс нь төр засгийн ажиллагсдынхаа цалинг ч тавьж чадахгүй, сургууль, эмнэлэг нь үүдээ барьж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг нийлүүлэхээ зогсоох болсон тухай тус улсын Сангийн сайд Дэвид Адеан өнгөрсөн долоо хоногт зарлав.

Науругийн Засгийн газар 1989 онд Японы хөрөнгийн зах зээлд гаргасан таван тэрбум иений “Самурай” бондынхоо өрийг 1995 онд барагдуулж чадааг үй (default) аж. Энэ бондоос худалдаж авсан, 26 сая доллараа эргүүлэн авах ёстой АНУ-ын хөрөнгө оруулалтын нэг сан олон жил шүүхэдсээр, эцэст нь тухайн улсын гадаадад буй хөрөнгийг царцаах шийдвэр гарч, Науругийн Засгийн газар Австралийн “ВестПак” банкинд буй данснаасаа гүйлгээ хийж чадахгүй болоод байна.

Номхон далайн урд хэсэгт, Австрали, Хавайн арлуудын тэг дунд орших бяцхан арал улс Науру нь газар тариалангийн хамгийн сайн бордоо болдог фосфатын нөөцөө 1960-70-аад онд экспортлон асар их валютын орлого олж, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийг тэргүүлж байжээ. Тус улс 1968 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас хамаардгаа зогсоож чадахгүй явсаар, эрдэс баялгийн үнийн хөөрөлт, уналтыг туулж, төр засаг нь ч улс орноо олон арван жилээр тун бүтэлгүй, хариуцлагагүй удирдаж ирсэн аж.

Эрдсийн ганц баялгийнх нь үнэ олон улсын зах зээлд өндөр байхад тухайн улсын удирдлагууд тансаг хэрэглээгээ нэмж, олон БОИНГ-737 онгоц, үнэтэй машин худалдан авч, тансаг байшин, зочид буудлууд барьсан аж. Засгийн газар хөрөнгө оруулалтын сан байгуулж 1980-аад оны эцсээр нэг тэрбум ам.доллараа тансаг, ашиггүй, янз бүрийн төслүүдэд оруулчихсан байв. Науругийн иргэд ямар ч татвар төлдөггүй, нийт ажиллагсдын 95 хувь нь улсын байгууллагад ажилладаг. Бүх хар ажлыг хөрш зэргэлдээ орнуудын иргэд хийж, науручууд амарч, далайн эрэгт нарлан суудаг байжээ. Эмнэлэг, сургууль төлбөргүй бөгөөд гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол иргэдээ Австрали руу онгоцоор нисгэж, бүх зардлыг улсаас нь төлдөг байна. Иргэд нь тусгай онгоц хөлсөлж, Гуам, Хавай, Сингапур луу нисэж дэлгүүр хэсдэг байв. Тэд 50 доллар хүртэлх худалдан авалтаас хариулт авдаггүй байжээ.

Үе үеийн ерөнхийлөгчид нь дуртай цагтаа иргэний нисэхийн онгоцоороо гадаадад зугаалахаар явчихдаг тул тийзээ авсан зорчигчид тэнгэр харж алмайраад үлддэг байсан гэнэ. Тус улс ямар нэгэн бэрхшээлгүйгээр оффшор банкны данс түргэн нээдгээрээ алдартай юм. Оросын мафи 1998 он гэхэд энэ арал дахь данснуудад 70 тэрбум доллар байршуулсан гэж Оросын Төвбанкнаас мэдээлж байв (“The Economist”, арванхоёрдугаар сарын 20, 2001). Замын хурдны хязгаар цагт 25 миль боловч цагдаагийн газрын дарга нь шар өнгийн, тансаг “Ламборжин” захиалан авчруулсан ч залуурын ард тарган биеэ багтааж чадаагүй гэнэ. Хөдөлмөрийн насны хүн амын гуравны нэг нь ажилгүй, ер нь замбараагүй иддэг болсноос таргалалт (15-аас дээш насны хүн амын 95 хувь нь хэт тарган), чихрийн шижин өвчтөний хувийн жингээрээ дэлхийд тэргүүлдэг болжээ. Ямартай л “Том байх сайхан” нэртэй тарган хүмүүсийн уралдаан хүртэл зохион байгуулж зугаацаж байх вэ дээ.

Фосфатынх нь нөөц ч удалгүй шавхагдаж, өөр ямар нэг аж үйлдвэрийг хөгжүүлж чадаагүй учир Науру улс өөрийн болон бусдын хөрөнгийг хямдхан зарж, үрэн таран хийгээд дуусчээ. Тэд фосфатаа борлуулж олсон мөнгөө ухаантай хэрэглэж чадаагүй, өндөр орлоготой үедээ үндсэн бизнес нь байсан загасны аж ахуйгаа ч зогсоож, сургуульд хүүхдүүдээ сургах, ялангуяа дээд боловсрол эзэмшүүлэхээ бүрмөсөн орхисон байлаа.

Мөн байгалийн баялгаа олборлох явцад газар нутгаа сэргээхгүй, том том нүх үлдээгээд хаясан учир тариалан эрхлэх аргагүйд хүрч, хүн ард нь бөөнөөрөө улс орноосоо дүрвэхээс өөр гарцгүй болжээ.

2001 оноос тус улс Австрали руу хууль бусаар дүрвэн ирж буй цагаачдыг бөөгнүүлэн, түр орогнуулах төвтэй болж Австралийн Засгийн газраас жил бүр их хэмжээний төлбөр авдаг болов. Зөвхөн 2014 оны санхүүгийн жилд бараг 100 сая австрали доллар авчээ. Науру улс хувийн хэвшил бараг байхгүй, тариалах талбайгүй, цэвэр усны нөөц маш хомс, их хэмжээний өрөнд баригдаж Засгийн газар нь ямар ч орлогогүй болсон гэж Азийн хөгжлийн банкнаас мэдээлээд буй.

Науругийн Засгийн газрын төлөөлөл бондын өрөө төлөөгүй ч гэсэн тусгаар улсын дансыг царцаах эрх аль нэг улсын шүүхэд байхгүй гэж өрөө нэхсэн зээлдүүлэгч нартайгаа шүүхдэлцдэг ажилтай болов. Ер нь данс чөлөөлж өгөхгүй бол манай арал дээр та нарын байрлуулсан 1200 цагаачдыг хоол, ус, цахилгаанаар хангаж чадахгүй, энэ хүмүүсийн чинь амь эрсдэлд байна шүү гэж Австралид болсон ээлжит шүүх хурлын үеэр Науругийн Засгийн газрын төлөөлөгч нь мэдэгджээ.

Сиднейн их сургуулийн профессор Жон Коннел “Науругийн өнөөгийн байдал бол эмгэнэл төдийгүй тус улсын удирдлагууд олон арван жилийн турш хөгжлийн ухаалаг бодлого гаргаж чадаагүйн үр дагавар” гэж хэлсэн байна.

Баялгийг зөвхөн хүн бүтээдэг, харин байгалийн бүтээсэн баялгийг олборлож, олсон ашгаараа хүний хөдөлмөрлөх нөхцөл боломжийг хангах учиртай. Хүн хөдөлмөрөө шингээж үнэт зүйл бүтээхийн тулд шинийг санаачлан, мэдлэг боловсрол, дадлага туршлагаа үргэлж нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшлийн өрсөлдөөнийг бий болгож, хүний эрх, хөрөнгийг хамгаалах үүргээ төр засаг нь биелүүлж алсын хараатай, ил тод, хариуцлагатай, тайлагнаж ажиллах ёстой.

Энэ бүхнийг, эсвэл аль нэгийг нь хийж чадаагүй улс орныг ямар замнал хүлээж буйг Науру улсын диваажингаас там хүртэл аялсан түүх харуулж байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn