Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Нүглийн нүдийг гурилаар хуурах” Ерөнхий сайдын төлөвлөгөө
2014 оны 10 сарын 1 [Уншсан тоо: 110103]
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 9-р сарын 9-нд нийтэд зарласан “илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд” засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх саналыг өнөөдөр эхэлж буй УИХ-ийн намрын чуулган хэлэлцэх ажээ.

Нэг талаас Засгийн газрыг Ерөнхий сайд нь санал гаргасан дээр нь өөрчлөх сонирхол Их хурлын тодорхой гишүүдэд байгаа ажээ. Бүр сөрөг хүчний дотор ч урьдынх шигээ МАНАН-гийн хамтарсан засгийн газраа байгуулж, төрийн сайд дахин болохыг далдуур мөрөөдөгчид цөөнгүй байгаа бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч улс төрийн намын харьяалал гэхээсээ илүүтэй мэргэжлийн хүнээр сайд тавих чиглэл өгч байлаа. Ерөнхий сайдын маань эрх мэдэл зарим сайдаасаа бага болчихоод байдаг. Сөрөг нам Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг нь огцруулах шаардлага тавиад байдаг. Олон гишүүд эхнээс нь засгийн газрын бүтэц томдсоныг эсэргүүцэж  ирсэн юм.

Нөгөө талаас засгийн газрыг замын хагаст огцруулахын эсрэг байр суурьтай олон гишүүд Их Хуралд байна.  Н.Алтанхуяг хариуцлагаас зугатаж, хамаг бурууг засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд байгааг харуулахыг оролдлоо гэж зарим гишүүд үзэж байна. Засгийн газрын 16 яамыг 11 болгоод зарчмын өөрчлөлт гарахгүй, баахан хий хоосон зардал гаргаж яам, тамгын нэр, хаягийг өөрчилж, олон хүн бужигнуулах шаардлагагүй гэж бас нэг хэсэг нь үзэж байна. Зарим гишүүд эдийн засгийн хүндрэлээс иргэдийн анхаарлыг холдуулж шинэ засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг Их хурлаар урт хугацаанд хэлэлцүүлж цаг хожих башир арга ч гэх.

Ямар ч гэсэн Ерөнхий сайд хоёр жилийн өмнө өөрөө батлуулсан бүтцээ өөрчилж, танхмын бүрэлдхүүнээ шинэчлэх гээд байгаагийн цаана дээр дурдсан эсрэг тэсрэг олон шалтгаан байгаа ч,  хамгийн гол шалтгаан нь юу болохыг таамаглахад хэцүү биш юм. Энэ бол өөрөөс нь том эрх мэдэлтэй Н.Батбаяр сайдыг солихын тулд засгийн газрынхаа бүтцийг бүхлээр нь өөрчилж байгаа явдал. Сулхан удирдлагын дульхан арга.

Ер нь засгийн газрын бүтцийг засгийн газар нь өөрөө биш хууль тогтоох засаглал тогтоож, харин бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилох учиртай. 2000 онд Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулсны нэг болох 29-р зүйлд “Их хурлын гишүүн Ерөнхий сайд, засгийн газрын гишүүнээс… бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж  зааснаас засаглалын хямрал угшилтай. Энэ бүхнийг МАН (тэр үеийн МАХН) гардан санаачилснаа мартчихаад “давхар дээлээ” тайлахыг шахан “матрын нулимс” унагааж суух юм.

Дээрээ суудлаа олохгүй болохоор доороо гүйдэлээ олохгүй арван таван жил явлаа. Яамдын бүтцийг бараг жил бүр өөрчилдөг гаж жишиг тогтосноос Монголын төрийн байгуулал бэхжиж чадахгүй байна. Ялангуяа сүүлийн хоёр, Эвсэлийн болон Шинэтгэлийн тодотголтой засгийн газрууд улс төрийн намуудын ашиг сонирхолын хэврэг тэнцвэр дээр тогтож ирсэн бөгөөд улс төрийн ашиг сонирхлоо тэнцүүлэх зорилгоор шадар сайд, орлогч сайд зэрэг ёс төдийн албан тушаал бий болгосон нь “Паркинсоны хуулийн” дагуу сулхан дарга хоёр сулхан орлогчтой болж удирдлагыг томрох хандлагыг өдөөсөн юм.

Н.Алтанхуяг засгийн газараа хамтран байгуулах гэрээг жижиг намуудтай байгуулж, сайд, орлогчдын албан тушаалаар наймаалцаж намуудын статус-кво тогтоосон. Үзэл баримтлалын онцлогоороо биш, намын болон сонгуулийн санхүүжилтэнд оруулсан хөрөнгө мөнгөөрөө ялгагддаг Ардчилсан намын доторхи фракцуудын хоорондын статус-кво нам дотроо тогтоосон юм. Энэ хос тэнцвэр алдахад тун амархан бөгөөд алдчихвал харин дараагйин засгийн газар байгуулах, шинэ ерөнхий сайд томилох бараг боломжгүй, маш их хугацаа шаардсан, засаглалын хямрал авчрах магадлалтай.

Өнөөгийн эдийн засгийн байдал нь засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний халаа сэлгээ, дагалдах шийдвэр гаргаж чадахгүй удах нөхцөлд улам муудах юм. Төсвийх нь орлого маш ихээр тасарч, валютийн нөөц шавхагдаж, төгрөгийн ханш унасан засгийн газрын жолоог авч бүх хариуцлагыг өөртөө авах улс төрийн хүчин гарахгүй л болов уу? Гурван жилийн дараа засгийн газрын бондын 500 сая долларыг төлөх ёстой ч, хаанаас яаж төлөхийг бодож байгаа нам бүр ч байхгүй.

Ер нь Монгол улсын засгийн газар тогтвортой, сайн ажиллахад хэд хэдэн нөхцөл бүрдсэн байх ёстой. Юуны өмнө Ерөнхий сайдаас бусад нь Их хурлын гишүүн давхар байж болохгүй ажээ. Учир нь дөнгөж 76 гишүүнтэй Их хурлын 20 хувь нь сайд болчихоор хариуцлагын тогтолцоо алга болдгийг Монголчууд бид бэлхнээ харлаа. Дараагийн нөхцөл бол улс төрийн намуудын хөтөлбөрийг сайн харж, ялгаж сонгох шаардлагатай байна. Мөн Их Хуралд суудал авсан улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх нь Монголчуудад хямдхан тусч, авилгалыг хянах боломж өгөх юм. Сонгуулийг  шудрага зөв явуулдаг,  улс төрийн намуудын орлого, зарлагын тайланг үнэн зөв гаргуулах зорилгоор Сонгогчдын Хороог байгуулж Сонгуулийн Хороог татан буулгах хэрэгтэй. Эцэст нь яамдын үүргийг тодорхой болгохгүй бол зарим нь аж ахуйн байгууллага шиг болчихлоо. Төр засаг өргөн хэрэглээний үнийг хянаснаар зах зээлд худлаа мэдээлэл өгч, тодорхой компаниудийн монополь эрхийг баталгаажуулан, улмаар нийлүүлэлтийг тасалдуулах бололтой.

Энэ хэдэн нөхцөл бүрдээгүй цагт Монгол улсын засгийн газар тогтвортой, ажиллах боломж тун бага юм. Тэр болтол төр засгийн бүтцийг өөрчлөөд байхаа зогсоож, төрийг төлөвшүүлэн бэхжүүлэх шаардлагатай байна.

Ганц хоёр сайдаа солих нь Ерөнхий Сайд Н.Алтанхуягын өөрийх нь эрх мэдлийн асуудал атал, заавал Их Хурлаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.  Заавал засгийн газрын бүтцээ өөрчлөх шаардлага байхгүй шүү дээ. Нүглийн нүдийг гурилаар хуураад яах вэ дээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn