Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Яагаад АПЕК-т элсэнэ гэж...
2014 оны 9 сарын 17 [Уншсан тоо: 74564]
Хятад, Оросын тэргүүнүүд Монголд айлчлах үеэр ч, өнгөрсөн долоо хоногт Душанбед Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) хурлын дараа болсон Гур­ван орны дээд хэмжээний уулзал­тын үеэр ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголыг АПЕК-т элсэхийг дэмжихийг хөршүү­дээсээ удаа дараа хүссэн билээ.

АПЕК нь Аsian Pacific Еconomic Cooperation буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нэртэй чуулганыг хэлдэг. 25 жилийн өмнө бүс нутгийн орнуудын эдийн засаг улам бүр харилцан хамааралтай болж буй шаардлагаас урган гарч байгуулагдсан чуулган юм. Эдүгээ Номхон далайн эргээр орших бараг бүх улс энэ чуулганы гишүүд бөгөөд энэхүү 21 оронд нийт 2.8 тэрбум хүн амьдарч, дэлхийн ДНБ-ий 57, дэлхийн худалдааны 47 хувь ногдож байна.

Бүс нутгийн интеграцийг (зохицсон нэгдэл) бүрдүүлэхэд АПЕК нь өндөр өгөөжтэй ажил­лаж байгаа бөгөөд энэ байгуул­лагын гишүүн орнууд хоорондоо тохиролцон, худалдаа, хөрөнгө оруулалтын тарифын болон та­рифын бус татвар, саадыг төлөв­­лөгөөтэйгөөр шат дараалан бууруулж иржээ. Гишүүд чөлөөт болон нээлттэй худалдаа, хөрөнгө оруу­лалтыг дэмжин, эдийн засгийн бүтцийн шинэчлэлээ уялдуулж, хоорон­дын бараа, үйлчилгээ, хү­мүүсийн чөлөөтэй урсгалыг хан­гахын төлөө ажиллаж байна.

Эдүгээ гишүүн орнуудын нэг хүнд ногдох бодит ДНБ нь (худалдан авах чадвараар) 1989 онд дунджаар 7969 ам.доллар байснаа 2011 онд 14271 болж хоёр дахин, гишүүн бус орнуудынх 5857-гоос 7678 болж гучин хувиар тус тус өсчээ.

АПЕК нь хамтарсан, олон та­лын эдийн засгийн болон худал­дааны чуулган хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гишүүн орнууд нь зах зээлээ нээлттэй болгох, эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд хамтдаа буюу дангаараа тодорхой арга хэмжээ, төлөвлөгөө авдаг. Ямар арга хэмжээ авахаа, эхлүүлсэн ажлын явцаа Удирдах албан тушаалт­нуудын (Senior officials Meeting), Сайд нарын, эцэст нь Төрийн тэр­гүүнүүдийн дээд хэмжээний уулзал­­туудаар хэлэлцэн, батал­гаажуулдаг аж.

Монгол Улсын гадаад худал­дааны 80, гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь АПЕК-ийн гишүүн орнуудад ногддог. Манайхтай төстэй Энэтхэг, Колумб зэрэг арваад орон тус байгууллагад элсэн орох хүсэлтээ олон жилийн өмнө гаргасан юм. Харин АПЕК гишүүнчлэлээ огцом өсгөхөөс 1997 онд татгалзаж, гишүүн нэмж элсүүлэхэд 10 жилээр хориг тогтоосон бөгөөд 2010 оноос энэ асуудлыг дахин хэлэлцэхээр шийдсэн байдаг.

Одоогоор манай улс гишүүн болох хүсэлтээ бүх түвшинд илэрхийлж, гишүүн орон бүртэй тус тусад нь уулзаж дэмжихийг хүсээд байна. Ирэх сард Бээжинд болох Дээд түвшний уулзалтын үеэр манай гишүүнчлэлийн асуудлыг Хятадын Ерөнхийлөгч санаачлан тавибал бусад орон дэмжинэ гэсэн хүлээлт Монголын талд байгаа. Гэхдээ ганц Монголыг хэлэлцэхийн оронд шинэ гишүүн нэмж авах хугацаа, журмаа эхэлж тохиролцох магадлал өн­дөр. Яагаад энэ олон орон АПЕК-т элсэн орох гээд буйн гол шалтгаан бол улам бүр даяаршиж байгаа өнөөгийн ертөнцөд зах зээлээ тэлэх, ялангуяа ойрын хөршүүдтэйгээ худалдаа хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхээс өөр сонголт байхгүйтэй холбоотой. Хөр­шүүдтэйгээ хамтарч ажиллах­даа түүхэн харилцаа, нөхцөл гэхээсээ илүү олон улсын дүрэм, журмаар зохицуулах боломжийг АПЕК олгож байгаа юм.

“Хурдан явья гэвэл ганцаараа, харин хол явья гэвэл олуулаа гар” гэж дорнын зүйр үг бий. Азиуд Европ шиг нэгдсэн холбоо байгуулах цаг, нөхцөл бүрдээгүй ч улам бүр харилцан ашигтай, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй болж, бүс нутгийн хамтын ажиллагааны олон бай­гууллагатай болсон. Эдгээрийн дотроос АПЕК хамгийн өгөөжтэй ажиллаж, мэдээллийн технологийн үр шимийг тусган, нийтлэг олон асуудлыг хамтран хэлэлцэж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж тодорхой амжилтад хүрч ирлээ.

АПЕК-ийн удирдагчид 1994 онд Индонезийн Богор хотод уулзаж, үйлдвэржсэн орнууд 2010 он, хөгжиж байгаа орнууд 2020 он гэхэд чөлөөт ба нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бий болгохоо тохиролцсон бөгөөд түүнээс хойш жил болгон орон бүр юу хийснээ тайлагнадаг болжээ. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрүүдээ (ЖДҮ) олон улсын үнэ цэнийн гинжин холбоонд оруулах, боловсролын талд их, дээд сургуулиуд хамтран ажил­лах, улмаар бүс нутагт акаде­мийн хөдөлгөөнийг чөлөөтэй болгох, хүнсний стандарт болон аюул­гүй байдал, дэд бүтцийн чанарыг баталгаа­жуу­лах, дэд бүтцийн хоорон­дын холбогдох чадварыг дээшлүү­лэх (жишээлбэл, маш өргөн хэ­рэг­­лэгдэх төлөвтэй цахилгаан автомашины цэнэглэх залгуурын холболтыг бүх улсад адилхан болгох), эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, интернэтийн эдийн засгийг хөгжүүлэх, цахим боломжийн сургалтын төвийг ажиллуулах зэрэг олон арван шинэ санал, санаачилгыг гишүүн орнууд дэвшүүлэн, бүгд идэвхтэй оролцож байгаа аж.

Хэрэв та анзаарсан бол бүс нутгийн олон улсын онгоцны бууд­луудад хилийн шалган нэвтрүүлэх АПЕК-ийн шугам гэж сэлүүхэн нэг үйлчилгээ байдаг. Эдүгээ гишүүн орнуудын 100.000 гаруй биз­не­сийн төлөөлөгчид АПЕК-ийн Бизнесийн зорчих карт (АBTC) хэрэглэж гишүүн орнуудад визгүй зорчиж байгаа нь хувийн хэвшилд маш таатай нөхцөл олгож байна.

Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэн орж, АПЕК шиг байгууллагын гишүүн болж л байж, зах зээлээ томруулан, улмаар эдийн засгийн урт хугацааны, тогт­вортой өсөлтийг хангах болно. Бид эдийн засгийн хамтын ажил­лагаагаа тэлэх тусмаа уламжлалт түүх, соёл, ёс заншлаа хөгжүүлэх, өөрсдийн онцлог шинж чанартай бүтээгдэхүүнийхээ брэндийг тө­лөвшүүлэх шаардлага гарна.

Харин манай улс ПЭКК бу­юу Pacific Economic Coopera­tion Committee  гэдэг АПЕК-ийг са­наачилсан байгууллагад 1998 онд дэд, 2008 онд жинхэнэ гишүү­нээр элссэн бөгөөд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас бусад бүх хуралд ажиглах ста­тустай оролцох боломжтой юм.

Монгол Улс АПЕК-ийн гишүүн болсноор хоёр хөрштэйгээ ч олон улсын дэг журмаар харьцах нөхцөл бэхжинэ. Мөн Монголын нийтийн засаглалын байгууллууд улам бэхжин, боловсон хүчнээ бэлдэх, олон улсын стандартаар үйл ажиллагаа явуулахад маш бодитой хувь нэмэр оруулна. Манай хувийн хэвшлийнхнийг бус нутгийн хэмжээнд бизне­сээ өр­гөтгөхөд нь ч онцгой ач холбог­долтой юм. Тийм л учраас Монгол Улсын Ерөнхийлөгч энэ байгууллагад ги­шүүнээр элсэн орохыг чухал­чилж байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn