Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Долларыг ялах долоон алхам
2014 оны 3 сарын 5 [Уншсан тоо: 88193]
Эдийн засаг бол хүний биетэй адилхан амьд, цогц систем бөгөөд мөнгөний ханшийг эдийн засгийн “цусны даралт” гэж үзэж болох юм. Төгрөг, долларын харьцааг хэмжвэл өнгөрсөн жилийн дотор эдийн засгийн “даралт” бараг гучин хувиар өсчээ. Энэ бол таны машин авах гэж байсан төгрөгийн гуравны нэг нь алга болсон гэсэн үг.

Төгрөгийн энэхүү цочмог уналт нь өнөөг хүртэл явуулж ирсэн төр засгийн бодлогын үр дагавар бөгөөд Монгол Улс эдийн засаг, мөнгө санхүүгийн бодлогоо шинэчилж, арга хэлбэрээ өөрчлөхийг шаардаж буйг харуулж байна. А.Эйнштейн аливаа асуудлыг шийдэхдээ гарсан үеэс нь нэг эрэмбээр дээгүүр сэтгэх ёстой гэж хэлсэн байдаг.

Төгрөгөө чангалахын тулд аливаа өвчний адил суурь шалтгааныг нь илрүүлж, оношийг нь зөв тогтоох, шалтгааныг арилгах шаардлагатай. Энэхүү шалтгаан болон түүнийг арилгах талаарх хувь хүний санал бодлоо та бүхний анхааралд толилуулж байна.

ТӨГРӨГ СУЛАРСАН ШАЛТГААН

Үндсэн шалтгаан: Эдийн засаг дахь төрийн оролцоо улам ихсэж, өмчийг хувьчлахын оронд нийгэмчлэх хандлага газар авлаа. Төр компаниуд байгуулж, алдагдалд оруулаад, төсвөөс нөхөх болов. Монгол социализм руугаа буцаад нүүж байна. Цувааг эргүүлж буй хүч нь энэ нүүдлийг эхлүүлсэн Ардчилсан нам өөрөө. Ардчилал, зах зээлийн төлөө өлсгөлөн зарлагсдын нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь хотын дарга болчихоод байгаа үед энэ нам хөгжлийн чиглэлийг өөрчилж, төр засгийг данхайлган, эдийн засаг унаж байгааг хувь заяаны шоглол гэлтэй. Ардчилсан намынхан өмнөх эрх баригчидтай гүнзгий хуйвалдан сүлбэлдэж, гарцгүй барьцаалагдсан учир улс төр, эдийн засгийн зарчмын том шийдвэр гаргаж чадахгүй, том дуу, сүржин дүрээс цаашгүй, шүдгүй арслан шиг болжээ.

Дараагийн шалтгаан: Эрх баригчдын зорилго нь эрх ямбаа алдахгүй, дахин сонгогдохын төлөө чиглэж буй болохоос эдийн засгийн өгөөж, бүтээмжийг өсгөхөд биш аж. Бонд гаргаж мөнгө олох нь чухал болохоос зээлээ юунд ашиглах, хэрхэн төлөх нь дараачийн асуудал юм байна. Төвбанк бондын долларыг баталгаа болгож гурван их наяд төгрөг эргэлтэд оруулан “хэрэглээг дэмжиж, ажлын байр хадгалахыг” хичээсэн ч Засгийн газар ажлын байр шинээр бий болгож чадсангүй. Монголчууд бид хийж бүтээснээсээ илүү ихийг хэрэглэдэг боллоо. Шатахуун, цахилгаан, махны үнийг зах зээл биш, Засгийн газрын тушаалаар тогтоож байна.

Гурав дахь шалтгаан: Өмчийн харилцааг зохицуулж чадахгүй, хувийн болон нийтийн өмчийг салгаж ялгахгүй, ялангуяа хүн амын талаас илүү нь бөөгнөрсөн Улаанбаатар хотын нийтийн өмчийн газрыг зарах дүрэм журмыг зориудаар бүдэг бадаг байлгаж, төр засгийн эрх мэдэлд очсон этгээд үүд ээлж дараалан хуйвалдан зувчуулж ирснийг шинэ удирдлага зогсоохгүй нь. Яармагийг “зайсандсаныг” ил гаргахаас Улсын баатар хүртэл айж байна. Төрийн эрхийг авмагцаа баялгийн дахин хуваарилалт хийх сонирхолтой хууль тогтоогчид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээв. Холбоотон нь л биш бол хувийн өмчийг түрэн зайлуулж, дотоодын бизнес эрхлэгчид ч хөрөнгө мөнгөө гадагшаа гаргаж эхэллээ.

ТӨГРӨГӨӨ ЯАЖ ЧАНГАЛАХ ВЭ

Юуны түрүүнд: Эдийн засаг дахь төрийн оролцоог эрс багасгах, хувийн хэвшлийн итгэл, чармайлтыг сэргээх, уул уурхай болон бусад салбарт зөвхөн хувийн хэвшлийг оруулах, стратегийн гэх орд газруудын төрийн өмчийн 34 хувийг олон улсын зах зээл дээр гаргах нь чухал. Мөн төр засгийн үрэлгэн зардлыг багасган, төрийн өмчийн компани байгуулах, төрд шинээр хүн ажилд авахыг зогсоох нь зүйтэй.

Хоёрдугаарт: Төрийн компаниудын алдагдлыг төсвөөс хаахыг зогсоох, төрийн өмчит компаниудын ихэнх хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд яаралтай гаргаж, юуны түрүүнд энэ ажлын дэд бүтэц болох Хөрөнгийг биржийг хувьчлан, тодорхой хэсгийг нь олон улсад өндөр итгэл хүлээсэн Лондоны хөрөнгийн биржид зарах. Тэгж чадвал дэлхийн том банкууд Монголын банкуудад барьцаат (Custodian) данс нээж, манай улс руу хандсан валютын цоо шинэ сувагтай болно. Монголын компаниуд гадаад, дотоодын биржид хувьцаагаа зэрэг гаргах боломж нээгдэнэ.

Гуравдугаарт: Цахилгаан, бензин, мах болон бусад барааны үнийг чөлөөлснөөр зах зээлийн өрсөлдөөн бодит үнэ тогтоож, урт хугацаандаа тухайн барааны нийлүүлэлт найдвартай болон, үнийн хэлбэлзэл багасч, хөрөнгө оруулах боломж нээгдэх юм. Монголын нүүрсний уурхайнууд, цахилгаан станцууд ашигтай ажиллаж бүтээгдэхүүнээ экспортолж чадна.

Дөрөвдүгээрт: Монголын компаниуд аялал жуулчлал, ноос, ноолуур, мах, сүү, уул уурхайн үйлдвэрлэлийн үйлчилгээ, мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгохын тулд зөвхөн бүтээмжид суурилсан эдийн засгийн бодлого гарган хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар Чилийн сангийн туршлагаас нэвтр үүлж, уул уурхайн бус экспортоо өсгөж гадаад худалдааны балансаа ашигтай болгоно.

Тавдугаарт: Төр засаг зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах, одоогийн хоцрогдсон бүтцээ сууриар нь өөрчилж эмнэлэг, сургуулиудын удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөл нь сонгож гэрээгээр ажиллуулах, эрүүл мэндийн үйлчилгээний үнэ, чанарыг даатгалын байгууллагууд шалгаж дүгнэдэг болгох, их сургуулиудын чансааг тогтоох, өрсөлдүүлэх, судалгаа ба бизнесийг холбох нь зүйтэй.

Зургадугаарт: Халамж тусламжийг жинхэнэ шаардлагатай иргэнд хүргэх, тэднээс нийгмийн тустай хөдөлмөр эрхэлсэн, залхуурааг үй бол нэмэлт урамшуулал олгох, хүн бүрийг хамарсан бүх халамжийн төлбөрийг зогсоох, иргэн бүр бизнес, худалдаа эрхлэхийг бүх талаар дэмжих юм.

Долдугаарт: Улс төрийн намуудын тайланг гаргуулах, нийтийн хөрөнгийг хувьдаа зувчуулсан этгээдүүдтэй улс төрийн нам, албан тушаал харгалзахгүй хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ этгээдүүд төр захиргаанд байсан цагт бүх асуудлыг улстөржүүлж, засаг төрийн эрхэнд ямар ч үнээр хамаагүй гарахыг хичээж, иргэдийг талцуулан, улс оронд тогтворгүй байдал үүсгэнэ. Тэд байгаа цагт ямар ч хууль, журам өөрчлөөд бизнесийн итгэл сэргэхгүй, улс орон хөгжихгүй юм.

ТЭГВЭЛ ЯАХ ВЭ

Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадсан цагт л эдийн засаг эрүүлжиж, “даралт нь буурч” төгрөгийн ханш эдийн засагтаа таарсан зохистой түвшинд, тогтвортой байх боломж бүрдэнэ.

Энэ бүхнийг өнөө маргаашдаа хийж чадахгүй тул “даралт бууруулах” ганцхан сонголт байгаа нь ОУВС. Бид дуртай ч, дургүй ч гишүүний хувьд энэ сангаас зээл авч таарна. Ахиухан зээл авахын тулд гишүүний оролцооны татвараа нэмэгдүүлэх шийдвэр саяхан гаргасан нь Засгийн газар үүнд бэлдэж буйг харуулав.

Харин энэ удаа ОУВС-гийн зээл (Standby Аgreement) нэлээд хатуу нөхцөлтэй ирнэ гэдгийг Монголын төр засаг 2009 оны туршлагаасаа мэдэж байгаа. Хөгжлийн банкны зээлийг улсын төсөвт бүртгэх, Монголбанкийг мөнгө хэвлэхээ зогсоох зэрэг наад захын шаардлага тавивал гайхах хэрэггүй. Эдгээр нөхцөлийг хангах цагт Ардчилсан намын фракцуудын эрх мэдлийн тохиролцоо зад үсэрч, хүчний шинэ харьцаа үүснэ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn