Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гэрээ гэхээсээ илүү тогтвортой байдал нь чухал
2013 оны 9 сарын 11 [Уншсан тоо: 76993]

Дараачийн долоо хоногт Монгол Улсын Их Хурал ээлжит бусаар цуглан хурж улс орны өмнө тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, юуны өмнө гараад явсан гадаадын хөрөнгө оруулалтыг яаж эргүүлэн татах тухай хэлэлцэх гэж байна.

Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан бол эдийн засаг дахь төрийн оролцоо эрс нэмэгдэж, төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж, Засгийн газрын өсөж буй өр, арилж өгөхгүй зууралдсаар байгаа авлига уул уурхайгаас хэт хамаарсан өрөөсгөл эдийн засаг зэрэг боловч эдгээр асуудлын алийг нь шийдэх нь тодорхой бус байна.

Тодорхой болсон асуудал гэвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг адилхан үзэж, нийтэд нь дэмжих, татварын орчныг тогтворжуулах зэрэг зорилготой хөрөнгө оруулалтын шинэ хуулийг хэлэлцэх ажил. Өмнө нь үйлчилж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, үйлчлээгүй ч үргээж амжсан Стратегийн Хөрөнгө оруулалтын тухай хуулиудаа хүчингүй болгож, учрыг нь төр өөрөө ч олж чадаагүй уул уурхайн “урт нэрт” хуулиа угаар нь солих гэнээ.

Хориод жилийн туршлагаа дүгнэн, алдаа, оноогоо тунгааж, олон дахин өөрчлөөд байхгүй, тодорхой, ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар хөрөнгө оруулалтын болон ашигт малтмалын шинэ хуультай болох цаг нэгэнт болсныг сүүлийн хэдэн жилийн адал явдлууд харуулав.

Гадаадын хөрөнгө оруулалт

Юуны өмнө гадаадын хөрөнгө оруулалтын бодлого нь маш тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай. Яагаад гадаадын хөрөнгө шаардлагатай болох, хөрөнгөө ямар зөвшөөрөл авч, хэдий хугацаанд оруулж болох, оруулсны дараа дотоодын бизнесээс давуу эрх эдлэхгүй байх зэргийг олон хэл дээр хэвлэж, гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгуулах нь зөв.

Монголчууд гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжиж, улмаар иргэдийнхээ амьдралын түвшинг дээшл үүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт нь шинэ ажлын байр бий болгож, шинийг санаачлахыг дэмжих, шинэ технологи, туршлагыг нэвтрүүлэхээс гадна, гадаадын зах зээлд гарах шинэ гарц үүсгэж, үйлдвэрлэлийн салбарт өрсөлд өөнийг идэвхижүүлэх учраас Монголын төр засаг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа.

Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт ямар салбарт, ямар хэмжээнээс дээш байх, Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэж буй эсэхийг хөрөнгө оруулалт тус бүрээр хянаж хэлэлцэн шийдвэр гаргадаг Хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулах нь оновчтой санал юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын чанга хатуу хууль, журам гаргаад түүнийг л зөвхөн хүчээр мөрдүүлэхийн оронд Австрали, Канадын жишгээр оруулах, үгүйг нь хэлэлцдэг зөвлөл байгуулах нь уян хатан механизм болох бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг таслахг үй, урсгалыг нь огцом өөрчлөөд байхгүй юм.

Мөн Монголын аль нэг хөрөнгийг гадаадын хуулийн этгээд эзэмших эсэхтэй холбоотой орон нутгийн оршин суугчдын ашиг сонирхлыг Засгийн газар тооцох ёстойг бодлогодоо хэлэх нь оновчтой. Бас гадаадын хөрөнгө оруулагчийн бизнесийн шийдвэр нь зах зээлийн өрсөлдөөнөөс урган гарсан, ямар нэг стратегийн болон арилжааны бус сонирхолгүй байж л Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ гэдгийг онцлох ёстой.

Харин аль нэг улсын Засгийн газрын сонирхол, хувь оролцсон хөрөнгө оруулалтыг юуны түрүүнд дээрх зөвлөлд эхэлж хандсан байхыг бодлогодоо зааж өгье.

Тогтвортой байдлыг худалдаж авдаггүй

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд 500 тэрбум төгрөгөөс (300 сая доллар) дээш хөрөнгө оруулалтад 15 жилээр, 10 дахин бага бол найман жилээр хуулийн заалтуудыг царцаах буюу гэрээ байгуулсан өдрөөс хойш өөрчлөгдсөн ямар ч хууль тухайн компанид үйлчлэхгүйгээр “тогтвортой байдлын гэрээ” байгуулах шинэ хуулийн төсөл Улсын Их Хуралд оруулан хэлэлцүүлэх гэж байна.

Тунгаан бодоход тогтвортой байдлын гэрээ нь зөвхөн ямар ч итгэлцэл байхгүй нөхцөлд л хэрэг болдог. Олон жилийн өмнө экс-коммунист орнууд хөрөнгө оруулагчдад итгэл нэмэгдүүлэхийн тулд хийж байсан тогтвортой байдлын гэрээ өөрөө тогтворгүй байдлыг аажмаар бий болгодог. Монголд ч бид үүнийг туршлагаасаа мэднэ.

Хуулийн төслийн дагуу томоохон хөрөнгө оруулагч тус бүртэй тогтвортой байдлын гэрээ байгуулаад ирэхээр манай улсад олон зуун биеэ даасан хуулийн тусгай орчин бий болж, сүүлдээ ямар ч хууль гаргасан үйлчлэх орон зай нь ширгэнэ. Энэ нь “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчих юм. Нөгөө талаас татварын байгууллагуудын ачаалал үлэмж нэмэгдэж, олон мянган хүн ажиллуулж компани бүрийн тогтвортой байдлын гэрээг байгуулах үеийн хуулийн заалтаар татварын тооцоог тусад нь хийх, шалгах барагдашгүй ажил гардаг.

Тогтвортой байдлын гэрээг урт хугацаанд мөрдөх боломжгүй болдог учир бизнесийн хуулийн орчин тогтвортой байхыг гэрээгээр биш, харин бодит амьдралд бий болгох нь өгөөжтэй.

Уул уурхайн салбар дахь тогтвортой байдал

Уул уурхай бусад салбараас онцлог гэдгийг бид тооцох ёстой. Урт хугацаатай, үндсэн хөрөнгийн багтаамж өндөр хөрөнгө оруулалт шаарддаг, ашигт ажиллагаа нь тухайн компани гэхээсээ илүү зах зээлээс хамааралтай, бас борлуулалтын үнийг урьдчилан таамаглахад хэцүү бизнес.

Гадаадын орнуудад уул уурхайн компаниас гурван янзаар төлбөр авдаг. Орд газрыг ашиглах эрхийг дуудлагаар худалдаж бэлэн мөнгө эхлээд авах, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, эсвэл орлого болон ашигт тулгуурлан татвар, төлбөр авдаг. Эхнийх нь хураах нь амархан ч, голдуу цөөхөн оролцогч ирдэг учир эцсийн үнэ ихэнхдээ хүлээлтээс доогуур байдаг. Удаах нь зөвхөн үйлдвэрлэлээс буюу ашигт ажиллагаанаас үл хамааран олборлогчид урамшуулал болдоггүй учир улам бүр бага хэрэглэгдэх болсон. Харин гурав дахь буюу ашиг дээр суурилсан татварыг зөв хэрэглэж чадвал аль аль талын сонирхолд илүү нийцдэг.

ӨАБНУ-д алтны компаниудаас орлого ба ашгийн харьцаанаас хамааран татвар авдаг. Монголын гэнэтийн ашгийн татварын санааг илүү ухаалаг тусгасан бөгөөд хэрэв алтны компанийн ашиг нь нийт орлогын таван хувьтай тэнцвэл татвар авдаггүй, 15 хувь бол 30 хувийн, харин 30-аас дээш бол 37.5 хувиар ашгийн татвар авч байна.

Уул уурхайн салбарт арвин туршлагатай Австралид Гадаадын Хөрөнгө Оруулалтыг Хэлэлцэх Зөвлөл (FIRB) ажилладаг, манайх ч төстэй зөвлөл байгуулах санал шинэ хуулийн төсөлд оруулжээ. Австралид өнгөрсөн жил “Эрдсийн нөөцийн түрээсийн татвар” (RRT) бий болгосон хууль баталсан нь орон даяар шир үүн маргаан өрнүүлж, иргэдийн үзэл бодлыг хуваасан ажээ.

Бразилд ашигт малтмал ашигласны төлбөрийг авах дээд ба доод жишиг түвшинг тогтоож алийг нь тухайн жилд хэрэглэхээ Засгийн газар тогтоол гаргаж урьдчилан зарладаг ажээ.

Улам бүр тархаж буй аргачлал бол татварын хувь хэмжээг тогтоох аргаа гэрээгээр тохирох, жишээ нь хөрөнгийн санхүүжилтийн өртгийг тогтоохдоо гуравдагч талын томъёо (LIBOR дээр +/- a буюу в) хэрэглэхээ харилцан зөвшөөрсөн байдаг.

Гэх мэтээр бусад орны жишгийг ухаалгаар тусгасан, Засгийн газар болон хөрөнгө оруулагчийн сонирхлыг чадварлаг тэнцвэржүүлсэн, хэрэгжүүлэхэд амархан хууль зүйн урт хугацааны тогтвортой орчин бүрдүүлсэн цагт сая гадаадын хөрөнгө оруулалтын аятай нөхцөл бүрдэх болно. Тэр цагт монголчуудын ам, үйл нь давхцаж найдвартай түнш болж чадах бөгөөд угаасаа энэхүү даяаршсан ертөнцөд аль ч улсын хөгжил дэвшлийг гадаадын хөрөнгө оруулалтгүй төсөөлөх аргагүй юм.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn