Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Суудлаа олоогүй дээдэс
2013 оны 8 сарын 21 [Уншсан тоо: 105546]

Монгол социализмаас салаад бүтэн үе өнгөрсөн ч бүхнийг төр засаг л шийдэх ёстой гэж үздэг иргэдийн тоо буурахгүй байна. Үүнд бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн амлалт, төр засгийн үйл ажиллагааны үр дүн, улстөрчдийн сүржин хийрхэлүүд онцгой үүрэг гүйцэтгэж ирлээ. Худлаа юмыг мянга давтахад үнэн болдог гэж нэг улстөрч хэлсэн байдаг.

Хаяагаа хадарсан төр

Эдийн засаг дахь төрийн оролцоо улам томорсоор байна. Эдийн засгийн бараг хагасыг төр засаг бүрдүүлж, төрийн захиргааны үйл ажиллагаанд төсвийн тал нь зарцуулагдах болов. Төр данхайхын хэрээр өгөөж нь буурч, төсвийн алдагдал нь ихэссээр хувийн хэвшлээ хадарч байна. Төрийн зардлыг татвараас бүрдүүлж буй төдийгүй таны худалдаж авсан бүх барааны 10 хувийг төр авч байх жишээтэй.

Уул уурхайн салбарт стратегийн орд гэдэг нэр томьёо гаргаж, тэртэй тэргүй 100 хувь ард түмний өмч болох эрдсийг олборлож буй компанийн 34 ба 50 хувийг эзэмших, үгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид шулж дууслаа гэсээр “эрдэнэс” гэсэн тодотголтой төрийн өмчит арваад компанийг нэмж байгуулжээ. Компанийн хувьцаа эзэмшигч нь бас хөрөнгө оруулалт хийх ёстойг мэдээгүй бололтой. Мөнгөгүй тул гадаадаас хүүтэй зээл авч өөрийгөө өрөнд оруулчихав.

Боловсролын салбарт, төрийн өмчийн их сургуулиудын захирлыг томилох гэж зунжингаа хэл ам болж, цаг алдав. Улстөржүүлж, хамаатан саднаа томилуулахыг төр засгийн эрх мэдэлтнүүд хөөцөлдөж байгаа нь өрөвдөлтэй. Дунд сургуулийн захирлыг хүртэл төр томилж байгаа нь хачирхалтай. (Английн туршлагыг “Хатагтай ноёдын үйлдвэрлэл” баримтат киноноос харна уу www.jargaldefacto.com)

Зах зээлийн эдийн засгийн үндэс болсон “үнэ тогтоох” ажилд төр өргөн фронтоор оролцож олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Зорилго нь зөв боловч урт хугацаанд үр дүнд хүрэхгүй, зах зээлийг хиймлээр гажуудуулан ихэнхдээ үнийг хөөрөгдөв.

Шалтгаан

Монголчууд төрийн мөн чанарыг бүрэн ойлгоогүй хэвээр ажээ. Иргэдийн өмнөөс төр засаг бүхнийг шийдэх ёстой гэсэн гаж ойлголт амь бөхтэй оршсоор байна. Төр данхайхын хэрээр хувь хүн амьдралаа өөрөө шийдэх боломж багасч, олон хүн огт боломжгүй гэж үзэх боллоо.

Төр засаг хэн нэгэнд үнэгүй өгөхөөсөө өмнө хэн нэгнээс хурааж, эсвэл зээлж авдаг. Үнэгүй зүйл гэж энэ хорвоо дээр байдаггүй, харин олон хүн байдаг гэдэгт итгэдэг. Монголчууд тэр тусмаа боловсрол, эмнэлэг үнэгүй байдаг гэдэгт эргэлзэхээ ч больсон. “Үнэгүй үйлчилгээ”-г чанартай байхыг иргэд шаарддаг. Цалингүй ажилладаг эмч, багш нар гэж байдаг уу?

Энэ байдлыг овжин ашиглаж, бүхнийг үнэгүй гэж харагдуулахын төлөө юу ч хамаагүй амлаж, төрийн албан тушаалд очдог намын гишүүд олон байна. Тэд дарга, сайдын эрх ямбыг эдлэн, гадаад, дотоодоор аялж, хувийн ажил, амьдралаа базааж авсаны дараа бүх алдааг тогтолцооны гажуудалд тохоод арилаад өгдөг.

Бизнесийн орчин тогтворгүй учир хувийн хэвшлийнхэн төр засаг дотор нь орж бизнесээ хамгаалах, боломж гарвал төр засгийн худалдан авалтад хамруулах хандлага нь хүчтэй илрэх болжээ. Улс төрийн намуудад томоохон хандив өгчихвөл ямар ч албан тушаалд очиж болдог, наад зах нь сайн, муу ямар ч яриаг таг зогсоодог зуршил бий боллоо.

Компанийн үйл ажиллагааг зөвхөн улс төрийн дэмжлэгээр явуулах болж бизнесийн удирдлагыг Их хурлын танхимаас, эсвэл сайдын өрөөнөөс, болж өгвөл хоёулангаас нь хангах болжээ. Бизнесүүд хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж, түүгээрээ дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, эсрэг үзэл бодолтой хүмүүсийг дарамтлан чимээгүй болгох ажиллагаа явагдаж байна.

Шийдэл

Эдийн засгийн бүх асуудалд төр оролцож, асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрыг нь өөрчлөх хандлага Монголд хүчтэй илрэх болжээ. Харин энэ удаад хэний ч засаг шинээр гараад Монголын эдийн засгийн асуудлыг шийдэх боломжгүй бөгөөд засаглалын суурь зарчмыг өөрчлөх гарц шаардлагатай юм.

Юуны өмнө төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал нь ялгарч, Ерөнхий сайдаас бусад нь Их хурлын гишүүн байх шаардлагагүй бөгөөд сайд нар нь мэргэжлийн технократууд байх нь зарчим мөн.

Хавтгайрсан халамжийн тогтолцоог өөрчлөх ёстой

Эрх чөлөөт, хараат бус хүмүүс амьдралынхаа бүх зардлыг төр засгаас гаргаж өгөхийг гуйдаггүй. Төр засаг бол бүх төрлийн “үнэгүй” барааг тэнгэрээс буулгадаг шидтэн биш, харин хүний эрх чөлөө, эд хөрөнгө, амар амгалан, аюулгүй байдлыг хамгаалдаг цомхон үүрэгтэй төдийгүй хүн бүрт боломж олгохоос өөрөөр хүний хэрэгт оролцдоггүй байхад л улс орон хөгжих боломж бий.

Хүндэтгэх шалтгаанаар хараат болсон хүмүүст наад захын шаардлагатай хүнс, зүйлсийг шууд өгөх нь зөв. Гэхдээ нийт иргэдэд төрөөр дамжуулахгүй оролцох боломжийг бүрдүүлэх учиртай. Жишээ нь, ган, зуд болоход иргэд, төрийн бус байгууллагууд төрөөс илүү хурдан, хямд зардлаар тусламж хүргэж чаддаг. Нийгмийн халамжийн үйлст оролцсон, сургууль, эмнэлэгт өгсөн хандивыг татвараас чөлөөлөх ёстой.

Тухайлбал, уул уурхайн салбарын хувьд холбогдох хууль журмаа нэгмөсөн эмхлэн цэгцлэх цаг, нөхцөл бүрдлээ. Стратегийн орд газрын оронд стратегийн эрдэс (уран, газрын ховор элемент, жонш гэх мэт) гэж ялгасан ч болох бөгөөд төр засаг компанийн хувьцаа эзэмшиж өрөнд орохоо зогсоох нь оновчтой.

Уул уурхайн компаниудаас татвар, хураамжаа аваад, иргэдээ мэргэжил эзэмшүүлж, сайн цалинтай болгоод, үйл ажиллагааны болон байгаль орчинтой харьцах стандартыг тогтоон, үүнийг ягштал биелүүлэхийг шаардаж, хэрвээ зөрчвөл мартахгүй болтол нь торгоод сууж байсан бол том том төслүүд хэрэгжээд явах байсан юм. Мөрдүүлж чадахгүй олон жил болж буй “Урт нэртэй хууль”-иа ч цэгцэлж нэг мөр болгох шаардлагатай байна.

Боловсролын салбарын хувьд төрийн өмчит их сургуулиудыг биеийг нь даалгаж хувьцаат компани болгоод, Удирдах зөвлөл нь захирлаа сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нь зүйтэй юм. Дунд сургуулийн захирлыг ч гэсэн ажлынх нь үр дүнг тухайн сургуулийн Удирдах зөвлөл дүгнэж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаг болчихвол төрийн ажлын хяналтын зардал багасна.

Цагдаа болон гал командаас бусад төрийн үйлчилгээг бүгдийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой. Хот, орон нутгийн удирдлагын ажил бол бүх үйлчилгээний стандартыг эхэлж тогтоогоод, гэрээт гүйцэтгэгч түүнийг мөрдөж байгаа эсэхийг тогтмол шалгаж дүгнээд, чадахгүй бол өрсөлдөгчдийг нь оруулаад явбал хямд бөгөөд чанартай болно.

Төрийн үнэ хязгаарлах бодлогыг нь хязгаарлаж, үнийг зөвхөн эрэлт, нийлүүлэлт тогтоох учиртай. Үнийн огцом өсөлт гарсан ч хэрэгцээ багасч, өөр сонголтыг бий болгоод ирэхээр нийлүүлэгчид үнээ бууруулахад хүрдэг.

Ноднингийн сонгуулиар ялж, хамтарсан Засгийн газраа байгуулсан Ардчилсан Нам 2013 онд төсвийн алдагдлыг эдийн засгийн хоёр хувиас хэтрүүлэхгүй байлгах ёстой.

Эцэст нь бусдаас булааж аваад танд юу ч өгч чадах том төр нь таны бүх эд хөрөнгө, эрх чөлөөг бас булааж чадах том хүч гэдгийг бид ойлгох учиртай. Төр засаг бол бүхнийг нэг дор аван хайлж чадах хээрийн түймэр шиг хүч юм. Тиймээс иргэд өөрсдөө төрийг хяналтдаа байлгаж, тасралтгүй ажиглан чиглүүлэх үүрэгтэй.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn