Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хатагтай, ноёдын ”Үйлдвэрлэл” II
2013 оны 6 сарын 12 [Уншсан тоо: 71988]
Британийн хатагтай, ноёдын үйлдвэрлэлийн удаах цех нь дунд болон А түвшиний сургууль юм.

Дунд сургууль

Эцэг, эх нь хүүхдээ 12 настайд нь дүүргийнхээ нийтийн төлбөргүй дунд сургуульд, эсвэл хувийн төлбөртэй сургуульд оруулдаг. Нийтийн сургуулийг татвараас санхүүжүүлдэг боловч усанд сэлэх, аялах, музей, театрт очих, нийтийн тээврээр зорчих гэх мэт хөтөлбөрөөс гаднах зардлыг эх, эцэг нь төлнө. Хувийн сургуулийн төлбөр нь сард зургаан мянга орчим фунт (манайхаар хоёр сая төгрөг) болдог. Дунд сургуулийн сурагч болсон учраас хүнээр хүргүүлэлгүй ганцаараа сургууль руугаа явж болно.

Их, дээд сургууль хүртэлх боловсролын хөтөлбөр нь дотроо зургаан үе шаттай. Бага сургуульд эхний хоёр, дунд сургуульд 3-4 үе шатыг хамарна. Англи хэл, тоо, шинжлэх ухаан гэсэн гурван хичээлийг дунд сургуулийн сурагчдын нас насанд нь тохируулсан хөтөлбөрийн дагуу ордог. Түүнээс гадна урлаг ба дизайн, иргэншил, дизайн ба технологи, газарзүй ба түүх, мэдээлэл ба холбооны технологи, гадаад хэл, хөгжим, биеийн тамир зэрэг “суурь” хичээлийг багцлан заадаг.

Бас хуулиар зохицуулаагүй ч бүх шатныханд шашны боловсрол, хоёрдугаар шатнаас нь бэлгийн харилцааны боловсрол, 3-4 дүгээр шатныханд мэргэжлээ сонгох болон хөдөлмөртэй холбоотой сургалт явуулдаг. Гэхдээ эцэг, эхийн хүсэлтээр шашны болон бэлгийн харилцааны боловсролын хичээлээс хэсэглэн юм уу, бүхлээр нь чөлөөлөх боломжтой.

Шашны боловсролын хичээл нь шашинд дүгнэлт өгөх биш, амьдралын тодорхой асуудлаар, тухайлбал, үр хөнд өлтийг шашин тус бүр юу гэж үздэгийг мэдэх, хүүхдүүд өөрсдөө юу гэж боддог тухайгаа ярилцдаг жишигтэй. Ийм аргаар орон орны үндэстэн зэрэгцэн оршиж буй Их Британи шиг улсад шашны гарал үүсэл, мөн чанарыг ойлгуулахын зэрэгцээ шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахаас сэргийлж, хүүхдийн бие даасан өөрийн үзэл бодол, бусдыг ойлгох чадварыг хөгжүүлдэг.

Түүхийн хичээл дээр тодорхой үйл явдлыг сурах бичиг, бусад эх сурвалжаас олж мэдсэний дараа сурагч бүр өөрийн дүгнэлт, үзэл бодлоо илэрхийлсэн эсээ (essay) бичнэ. Жишээ нь, Дэлхийн II дайн дэгдэхгүй байж болох байсан уу, хүйтэн дайнаас хэн хохирсон бэ гэсэн сэдвээр үзэл бодлоо илэрхийлэн, үүнийг батлах тоо баримт, эх сурвалжийг дурдах, эсвэл өөрийн байж болох хувилбарыг дэвшүүлдэг. Энэ хичээлийн явцад сурагч цэгцтэй бодох, санаа бодлоо бичгээр болон яриагаар тод илэрхийлэх дадал эзэмшинэ.

Хөдөлмөрийн хичээлийг 15 наснаас нь үйлдвэрлэл дээр ажиллуулахын хажуугаар заадаг. Сурагч бүр аравдугаар ангийн хавартаа сургуулийнхаа гэрээтэй үйлдвэрт, эсвэл эх, эцэг нь санал болгосон орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний компанид хоёр долоо хоног дадлага хийнэ. Английн хуулиар 14 нас хүрсэн бол долоо хоногт нэг өдрөөс хэтрэхгүй ажиллах боломжтой. Гэхдээ цалин нь насанд хүрэгчдээс 30 хувь доогуур (цагт 4 фунт орчим) байдаг.

Мөн 11 дүгээр ангид элссэний намар хоёр дахь дадлагаа хийдэг. Харин 16 нас хүрсэн бол долоо хоногт хоёр өдөр ажиллахыг зөвшөөрнө. Цалин нь насанд хүрэгчидтэй адил (6.5 фунт) хэмжээний байна. Дээрх хоёр дадлага нь хүүхдийг хөдөлмөрийн үнэ цэнийг өөрийн биеэр мэдрэн ойлгож, эх эцгээсээ эхлээд бусдын хөдөлмөрийг үнэлж хүндэтгэхэд сургадаг.

Дунд сургуулийн удирдах дээд байгууллага нь Сургуулийн удирдах зөвлөл (School’s Governing Body) байна. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд эцэг эхийн, сургуулийн ажиллагсдын, орон нутгийн (хэн байхыг бусад гишүүн хамтран томилдог), дүүргийн төлөөлөл болон хандивлагч нарын төлөөлөл, сургуулийн захирал багтана. Хэрэв захирал нь орохгүй гэвэл орон тоог сул байлгадаг.

Удирдах зөвлөл нь сургуулийн төсвийг баталж, томоохон шийдвэр, түүний дотор хүүхэд, багш нарын орон тоог тогтооно. Мөн захирлыг томилох, халах, тайланг сонсох төдийгүй ажлын гүйцэтгэлийг дүгнэн, урамшууллыг нь батална. Захирлын цалин компаниудын захирлын түвшинд буюу 70 мянга орчим фунт байдаг. Дунд сургуулийн зөвлөлийн гишүүн болсон эх, эцгийг хурлын өдрүүдэд ажлаас нь чөлөөлнө. Зөвлөлийн гишүүн хуралд суусан цагаараа хөлс авдаг бөгөөд энэ нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцдогийг нь илэрхийлэх тул намтартаа (CV) бичдэг нэр хүндтэй ажил юм.

Мөн эцэг, эх болон сургуулийн харилцааг бэхжүүлэх зорилготой Эцэг эх, багш нарын холбоо (PTA Parent Teachers Association) гэдэг байгууллага сургууль бүрт бий. Энэ холбоо нь сургууль, гэр бүлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна эх эцгүүд боловсрол бол сургуулийн ажил гээд орхидоггүй болгоход онцгой үүрэгтэй. Холбоо нь сургуулийн гадуурх үйл ажиллагаа, өөр хот руу явж туслах гээд сайн дурын олон төрлийн ажлыг зохион байгуулдгаараа алдартай.

Төгсөгч бүр сурлагын дүнгийн хамт Дунд боловсролын ерөнхий гэрчилгээ авснаар (GCSE General Certificate of Secondary Education) бүх нийтийн боловсрол эзэмшсэний баталгаа болно.

А түвшний сургууль

Дунд сургуулиа төгсөөд дийлэнх сурагчид их, дээд сургуулийн бэлтгэл ангид (A level) дэвшин 17-18 насандаа хоёр жил суралцдаг.

A1 ангид 3-4 хичээл сонгон суралцаж хавар нь шалгалт өгнө. Энэ шалгалтын дүн их, дээд сургуульд элсэхэд голлох үүрэгтэй. Элсэх хүсэлтэй сургуульдаа шалгалтын дүн, сонгосон шалтгаан, хэн болж, юу хийх тухайгаа товч, тодорхой захидлын хамт хүргүүлнэ. Хувийн мэдэгдэл (personal statement) гэдэг энэ захианд их, дээд сургуулиуд шалгалтын дүнтэй ижил өндөр ач холбогдол өгдөг. Хувийн мэдэгдэл нь тухайн хүүхдийн бүтээлч сэтгэхүй, сурах эрмэлзэл, сонирхол, оюуны ухааны онцлог, хувийн зан араншин, төлөвшлийг нь илэрхийлдэг. Энэ мэдэгдлээ яаж бичих, өөрийгөө хэрхэн илэрхийлэх тухай багш нар нь зааж сургадаг .

Нэр алдартай их сургуулиуд сурлагын дүн болон хувийн мэдэгдлийг нь авч судалсны дараа тухайн сурагчийг элсэлтийн ярилцлагад урьдаг. Авна гэвэл A2 түвшний буюу төгсөлтийн шалгалтаа сайн өгөх сүүлчийн болзол тавьдаг.

Ийм аргаар их, дээд сургуулиуд хамгийн чадвартай, авьяаслаг сурагчийг сонгодог. Оюун ухаан нь сайн хөгжсөн, тодорхой зорилго, хүсэл эрмэлзэлтэй, хувийн сахилга баттай хүн их, дээд сургуульд элсэн ордог.

А1 ангиа дүүргэх цагт хэд хэдэн их сургуульд орох хүсэлт, хувийн мэдэгдэл, шалгалтын дүнгээ явуулчихсан байдаг. Зуны амралтаараа суралцахыг хүсэж буй сургууль дээрээ очиж танилцан, ярилцлага өгдөг.

А2 ангид сурч байхдаа сурагч бүр өвлийн амралтаасаа өмнө их сургуулиудаас хариугаа аваад сүүлчийн сонголтоо хийчихсэн, шинэ амьдрал, шинэ нөхөд амласан шинэ хичээлийн жилээ угтан тэмдэглэдэг.

Ийнхүү сургуулиа төгсөхөөсөө өмнө их сургуульд элсчихсэн байдаг тул ирээдүйн мэргэжил, ажил, амьдралынхаа тухай сайтар бодон төлөвлөхөд нь тус болдог. Хүүхдүүд их сургуульд элсээд эх эцгийнхээ гэрээс явж оюутны байр, эсвэл орон сууц түрээслэн амьдарна. Түрээс ба ус, цахилгааны төлбөр, хоол хувцсаа бэлдэх, хичээлдээ явах, даалгавраа хийх, олуулаа багаар ажиллах гээд суралцах зүйл их гарна.

Английн боловсролын тогтолцооны их, дээд сургууль хүртэлх хэсгийг нь товч танилцуулахад ийм байна. Мэдээж 63 сая хүнтэй оронд бүх зүйл төгс биш ч энэ хоёр нийтлэл маань Монголын боловсролын тогтолцоог дэлхийн шилдгүүдээс суралцан боловсронгуй болгоход хувь нэмэр өгнө гэж найдаж байна.

 

Лондон-Кэмбриж-Улаанбаатар

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn